|
Энэтхэг, Карнатака муж, Гулбарга хот (The Times of India) - Даваа гарагт хотын захад шинээр баригдсан Будда Вихар сүмд алтадсан, 400кг жинтэй, бясалгалын дүрт суудалтай Бурхан багшийн сэрэг дүрийг нээн адислах ёслол болж, сүсэгтэн олны чин сэтгэлийн бишрэл, баяслаар дүүрэн өнгөрлөө. Нобелийн шагналт, шашны нэрт зүтгэлтэн Дээрхийн гэгээн Далай лам төв танхимд заларч, ерөөл өргөн, Бурхан сэрэг багшийн дүрийг нээн болгоожээ. 100,000 гаруй сүсэгтэн цугласан ёслолын ажиллагааг том дэлгэцээр шууд дамжуулан, сүсэгтэн олны алга ташилт болон “Буддам шаранам гаччами” хэмээх ариун дуудлагаар өрнөв. Уг арга хэмжээнд Андхра Прадеш, Махараштра мужаас олон зочин хүрэлцэн ирсэн билээ. Адислалын ёслол эхлэхийн өмнө шашны удирдагчид “Сарва Дхарма Саммелан” ариун тарнийг өргөн болгоолоо. “Амьдрахуйн урлаг”-ийн үндэслэгч Шри Шри Равишанкар 75 акр өргөн талбайд сүндэрлэсэн сүрлэг сүмд Дээрхийн гэгээн Далай ламыг залан морилж, ёслолыг гүйцэтгэхэд өөрийн туслалцааг үзүүлэв. Дээрхийн гэгээн Далай лам “Материализм ноёрхож буй энэ цаг үед дэлхий дээрх хүн бүрийн үүрэг бол тэвчээр, ахимса буюу хүч үл хэрэглэх, энх тайван, үнэнч байдлыг сургадаг буддын шашны сүнслэг үнэнийг сэргээх явдал билээ. Энх тайван, хүч үл хэрэглэх үзлээр дэлхийд гэрэл түгээж ирсэн Энэтхэг улс өнөөдөр дахин энэ сургаалыг сэргээн дэлхийг энх амгалангийн цэцэрлэг болгон хувиргах учиртай”. Тэрбээр Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээсэн Будда вихардын сангийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Энэ ариун байгууламж бол Бурхан багшийн гэгээн сургаалд өргөсөн гүн хүндэтгэлийн илэрхийлэл билээ” хэмээжээ. Шри Шри Равишанкар хүн төрөлхтөнд энэрэл, тэвчээр, энх тайвныг түгээх Бурхан багшийн гэгээн сургаалыг сэргээх шаардлагатайг онцлон тэмдэглээд, “Амьдралын аливаа хүрээнд Бурхан багш, Басава, Амбедкар нарын айлдсан ном сургаалыг хэрэгжүүлэх цаг үе иржээ” хэмээн айлдлаа. |










