Австрали, Жилонг (Дэнни Ланнен / Жионг Эдвэртайзер) – Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай Лам өчигдөр Жилонг хотод хүрэлцэн ирж, сүсэгтэн олонд хандан айлдвар айлдахдаа тэднийг суудлаасаа босохгүйгээр хүндэтгэл үзүүлэхийг хүсэн инээмсэглэв.
“Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон бурхны шашны уламжлалт зан үйлийн төгсгөлд мянга мянган хүн түүнд гүн хүндэтгэл үзүүлэн босоход, Дээрхийн гэгээн сэнтий дээрээсээ хоёр ч удаа тэдэнд буцаж суухыг хүсэн дохисон юм. Тэрээр өөрийгөө дөвийлгөхөөс илүүтэй эгэл даруу байхыг эрхэмлэдэг агаад энэ даруу зан нь түүний сургаал номлолын гол утга учрыг илэрхийлж байлаа.
Нийт 4000 орчим сүсэгтэн хоёр тусдаа танхимд хуран цугларч, Дээрхийн гэгээний өлмийг бататгахын тухайд “Цагаан Дарь эхийн насны авшиг” хүртэв. Нэг танхимд нь буй хүмүүс түүний айлдварыг биечлэн сонссон бол, нөгөө хэсэг нь дэлгэцээр дамжуулан үзэж, дараа нь бараалхаж адис авсан юм.
Дээрхийн гэгээн хүмүүст хандан дотоод үнэт зүйл хамгийн чухал болохыг онцолж. “Дотоод үнэт зүйл, хамт олны нэгдмэл байдал, хариуцлага, нигүүлсэнгүй сэтгэл, нийгмийн сайн сайхны төлөөх санаа тавих нь хамгаас чухал. Хүмүүн биднийг энэрэнгүй сэтгэл л нэгтгэдэг.
Энэрэнгүй сэтгэлтэй хүний сэтгэл санаа тогтуун, улмаар дархлааны систем нь бэхжиж, эрүүл амьдардаг. Зарим эрдэмтэн үзэн ядах сэтгэл хүний дархлааг дотроос гэмтээдэг гэж хэлдэг юм. Би хаа ч явсан, аз жаргалтай хувь хүн, аз жаргалтай гэр бүл, амар амгалан нийгмийг цогцлоохын тулд дотоод үнэт зүйлдээ илүү анхаарах ёстойг сануулдаг” гэв.
Мөн шашин хоорондын харилцан ойлголцол, зохицлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, “Дэлхийн бүх томоохон шашин хүн төрөлхтнийг энэрэнгүй, халуун дулаан болоход туслах нэгэн ижил зорилготой. Тиймээс философийн ялгаанаас илүүтэй энэхүү нэгдмэл чанарыг нь харах нь чухал” хэмээлээ.
Олон янзын итгэл үнэмшил нь өөр өөр зориулалттай эмтэй адил хүн хүний онцлогт тохирсон байдаг тул тэрээр сүүлийн хэдэн арван жилийн турш эдгээр ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж ирснээ хэлэв. “Зарим Христэд итгэгч намайг сайн христ, зарим мусульман шашинтан намайг сайн мусульман шашинтан гэж үздэг” хэмээн хошигнов.
Танхимын голд байрлах гоёмсог чимэглэлт сэнтийд заларсан Дээрхийн гэгээнтэн өөрийн гүн гүнзгий сургаалаа өөртөө итгэлтэй, өвөрмөц хошигнолоор баяжуулан айлдав. Шашин хоорондын зохицлын тухай ярих зуураа тэрээр цүнхнээсээ хурц гэрлээс хамгаалах саравчтай улаан хүрэн малгай гаргаж ирж өмссөн юм.
Орчуулагч нь авшиг өгөх зан үйлийн утгыг тайлбарлах үед Дээрхийн гэгээн цагаа харснаа, “Ийм нарийвчилсан тайлбар хэрэггүй байх аа. Олон цаг болсон байна. Би өөртөө жаахан сахилга баттай байх хэрэгтэй юм байна” хэмээн яриаг нь таслан хөгжилтэйгөөр хэлэв.
Түүний бэлэн цэцэн хошигнол цугласан олонд эрч хүч өгч, сэтгэлийг нь сэргээж байлаа. Сүсэгтнүүд түүнийг анхааралтай сонсож, зарим нь алгаа дээш харуулан нүдээ аниад гүн бясалгалд орсон харагдана. Хүн бүр түүний инээд баяслыг мэдэрч, сургаалыг нь зүрхэндээ шингээн, баясал дүүрэн цэнгэлдэх хүрээлэнгээс гарч одлоо.
Орчуулсан Б.Ганчимэг










