Энэтхэг, Карнатака, Мундгод - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Гандан Шарцэ хийдийн чуулганы танхим руу буухын өмнө маргааш эхлэх “Богд Зонхов ба түүний амьдрал, үзэл санаа, өв уламжлал” олон улсын бага хурлын ивээн тэтгэгчид, дэмжигчдийн багтай уулзаж ярилцав.Тэрбээр энэтхэгийн олон зуун жилийн турш уламжлал болсон хүчирхийллээс ангид байдал ба энэрэнгүй сэтгэл нь өнөө үед ч их үнэ цэнтэй, ач холбогдолтой байгааг онцоллоо. Мөн энэтхэгийн энгийн бясалгалын уламжлалууд болох байнгын тайван байдлыг бий болгох, юмсын бодит мөн чанарыг ойлгох чадварыг хөгжүүлэх аргуудыг үнэлэн сайшаав. Эдгээрээс уур хилэн, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг таних, даван туулах сэтгэлийн түлхүүр, арга техникүүд, хайр, энэрэл зэрэг эерэг мэдрэмжийг төлөвшүүлэх зарчмууд бий болсон хэмээн тэрбээр ярьсан юм.

Тэрбээр “Учир шалтгаан, шинжилгээ нь бидэнд энэрэнгүй сэтгэлийн ач тусыг ойлгоход туслах болно. Энэрэнгүй сэтгэл нь сэтгэлийн амар амгаланг өгч, дотоод хүч чадлыг бий болгодог бөгөөд ингэснээр айдас, атгаг сэжиг багасдаг гэдгийг бид сурдаг. Хэрэв та бүхэн сайн бодож үзвэл, сөрөг сэтгэл хөдлөлүүд нь ихэвчлэн өөрийгөө хэт төвд тавьсан үзэлтэй нягт холбоотой байдаг” хэмээн онцоллоо.
“Эдгээр ойлголт бүгдэд маань хамаатай. Бид бүгд аз жаргал хүсдэг. Хүн төрөлхтөн бидний тархи, сэтгэл хөдлөл, боломж чадвар бүгд ижил. Эрдэмтэд биднийг нийгмийн амьтан гэж үздэг бөгөөд хүн байхын үндсэн чанар нь энэрэнгүй сэтгэлтэй байх явдал юм. Хүн бүрийн ирээдүй бусдаас хамаардаг. Тиймээс би хаа ч явсан, хэнтэй ч уулзсан бид бүгд үндсэндээ адилхан гэдгийг үргэлж мэдэрдэг”.
Дээрхийн гэгээн доод давхарт байрлах Гандан Шарцэ хийдийн чуулганы танхимд олонх нь Аруначал Прадешийн Мөн мужаас ирсэн оюутнуудын дагсал хаялцахыг үзэж сонирхов. Оюутнуудын эхний баг Бхававивекагийн “Учир шалтгааны дөл”/ ‘Blaze of Reasoning’ номоос эш татан "манай үзэл баримтлалаар бол бид ухамсрыг “би” гэж тодорхойлдог, учир нь энэ бол төрлөөс төрөлд дамжин дахин төрдөг зүйл" гэсэн нотолгоог дурдаж эхлэв. Хоёр дахь бүлэг нь Нагаржунагийн "Төв үзлийн билгүүний үндэс" судрын 15-р бүлгийг иш татлаа. Энэ бүлгийг “мөн чанарын шинжилгээ” гэж нэрлэдэг. Асуулт тавигч “мөн чанар” гэдэг үгийн утга нь юу болохыг асуув. Тухайн асуултанд энэ нь үгүйсгэгдэх? (хоосон?) зүйлийг хэлж байна гэж хариулав.

“Билгүүний чанад” ангийн оюутнууд нь “Судрын чимэг” номын 5-р бүлгийг иш татан, бодьсадва нар билиг билгүүнээр гэгээрэх сэтгэлд зорьдог гэдэг нь юу гэсэн утгатай болохыг хэлэлцэв. Зарим нь Буддын сургаалын мөн чанарын талаар мэтгэлцэж байлаа. Өөр нэг бүлэг нь “өөрийгөө бусдаар арилжих“ дадлын талаар мэтгэлцэж, бусдыг өөрөөсөө илүү эрхэмлэхийн тулд эхлээд тэдний сайхан сэтгэлийг эргэцүүлэн бодох хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлэв.
“Учир шалтгаан” ангийн оюутнууд Шантаракшита, Дигнага нарын бүтээлүүдээс эхлэл болгон авч үзсэн. Хэд хэдэн удаагийн овжин мэтгэлцээн нь үзэгчдийг хөгжөөж байв.
Өмнөх мэтгэлцээнүүдэд нэг асуулт асуух хүн хэд хэдэн хариулагчтай харилцаж байсан бол мэтгэлцээний эцэст "Сэтгэл судлалын ухаан" болон "Эмхэтгэсэн сэдвүүд"-номыг судалж буй анхан шатны ангийн оюутнууд асуулт тавигч болон хариулагчдын бүлэг болон дагсал хаялцаж өндөрлөв.

Эцэст нь энэхүү дагсал хаялцах мэтгэлцээнээр бий болсон буяныг Бурхан багшийн болон Богд Зонховын сургаалыг хадгалах мөн Дээрхийн гэгээний өнөд удаан наслахад зориулан ерөөл тавилаа.
Дээрхийн гэгээн “ийм дагсал хаялцах мэтгэлцээн нь зөвхөн төвөдүүдийн дунд л байдаг” гэв. “Сүүлийн хэдэн зууны турш багш нар энэ аргыг үе дамжуулан сурагчдад зааж, бодит байдлын мөн чанарыг судлахад тустай гэж үзсээр ирсэн. Энэ арга нь зөвхөн тодорхой сэдвүүдийг хэлэлцэхэд хязгаарлагдахгүй бөгөөд судалгааны бусад олон салбарт ч ашиглаж болох юм. Та бүхэн энд чадах бүхнээ хийсэн бөгөөд та бүгдийг сургасан багш, хамба лам нарт талархал илэрхийлье”.
"Ойролцоох Жанчив Чойлин хийдээс хэд хэдэн эмэгтэй гэвш нар төрөн гарсан. Би өмнө нь тэнд нь очиж байсан, харин энэ удаа очих боломж магадгүй хэцүү байх. Шантаракшита анх Төвөдөд Винайн ёсыг тогтоох үедээ гэлэнмаа нарыг авч ирэх боломжгүй байсан учраас бидэнд гэлэнмаагийн дамжлага өнөөдөр байдаггүй. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн суралцах чадварын хувьд ямар ч ялгаа байхгүй”.

“Өнөө үед сургуулиудад логик судлал, дагсал хаялцах мэтгэлцээний дадлыг зааж байгаа бөгөөд, энэхүү хичээлийг заадаг багшийг шашны багш гэдэггүй, харин философийн багш гэж нэрлэдэг болсон. Би лам нар, ани нар, энгийн хүмүүс, залуу хөгшин хэн боловч учир шалтгаан ба мэтгэлцээнийг ашиглаж чаддаг байгаасай гэж хүсч байна. Энэхүү The Three Seats of Learning уламжлалыг бид өнөөг хүртэл хадгалсаар ирсэн бөгөөд та бүхэн үүнийг цаашид ч үргэлжлүүлээрэй”.
“Би Брайвүн Даши хийдийн дээд давхарт байрлаж байхдаа ани нарыг сургах, гэвш болохыг дэмжих ёстой гэж мэдэгдэж байснаа санаж байна. Тэгэхэд хувраг Лувсанямаа ‘Энэ яаж болох юм бэ?’ гэж асуусан. Би түүнд: Бурхан багш гэлэн, гэлэнмаа хоёрын сахилыг хоёуланг нь хүлээн зөвшөөрсөн учраас ани нар ч мөн гэвш цол хүртэлх түвшинд суралцах нь зүй ёсны хэрэг гэж хэлсэн”.
“Нагаржуна гэгээн: ‘Хүсэл, уур, мунхаглал нь бүгд буруу төсөөллөөс төрдөг’ гэж айлдсан. Бид юмсыг яг харагдаж байгаа шиг нь бодитоор оршдог гэж эндүүрдэг. Харин өнөөгийн квант физикийн ухаан юмс нь харагдаж байгаа шигээ бие даан оршдоггүй гэдгийг хэлж байна. Бидний сөрөг сэтгэл хөдлөлүүд ихэвчлэн бодит байдлыг хэтрүүлсэн ойлголтоос үүддэг. Харин бид юмсыг нэг талыг баримтлалгүйгээр судалж үзэхэд тэдгээр нь гаднаас харагдаж байгаа шигээ оршдоггүй нь тодорхой болдог”.

Дээрхийн гэгээн зарим мэтгэлцээн нь бодисадвын оюун ухааны талаар өрнөснийг тэмдэглэлээ. Тэрбээр Шантидэва гэгээний магтаалын шүлгүүдийг иш татав.
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор арилжиж эс чадвал
Өнө холын гэгээрэл байтугай
Өнгөт орчлонгийн жаргалыг ч эс олно.
Ертөнцийн амгалан юу байна
Ер бусдад аз жаргал хүсэх сэтгэлээс төрдөг.
Хорвоогийн зовлон юу байна
Хомхой сэтгэлээр өөрөө жаргахыг хүсэхээс үүддэг.
“Багшийг тахихуй” (Ламын чодва) хэмээх сударт мөн адил дараах санаа бий:
Өөрийгөө л гэх сэтгэл нь архаг өвчин мэт,
Энэ нь хүсээгүй бүх зовлонгийн эх үүсвэр.
Үүнийг ойлговол би энэ аймшигтай “өөрийгөө л хайрлах” сэтгэлийг ялж,
арилгах урам зоригтой болно.
Бусдыг эх мэт үзэж, тэднийг жаргалд хүргэхийг эрмэлзэх нь
асар их буянд хүрэх үүд хаалга юм.
Үүнийг ухаарвал би бусдыг өөрийн амь наснаас ч эрхэмд тоож,
тэд дайсан мэт хандаж байсан ч тэднийг хайрлаж чадна.
Эдгээр бүх шүлгийн гол утга нь бусдын төлөө санаа тавих нь аз жаргал, сайн сайхны гол эх сурвалж гэсэн санаа юм. Дээрхийн гэгээн лам нарт хандан Бурхан багшийн сургаал удаан хугацаанд орших нь зөвхөн суралцах, дадлага хийснээр биелэгдэх болно гэдгийг санахыг уриалан айлдвараа өндөрлөв.
Орчуулсан Ц.Ариунаа










