Энэтхэг улс, Уттар-Прадеш муж, Варанаси, Сарнатхад хот (PTI) - Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам өнөөдрийн айлтгалдаа “Дэлхийн санхүүгийн хямралын гол шалтгаан нь хүний хязгаар үгүй шунал” хэмээлээ.
“Хэдийгээр би бээр эдийн засагч биш ч эгэл хүмүүнд зах зээлийн хүчин зүйлүүд нь хүний хяналтаас ангид оршдог гэдгийг ойлгоход бэрх санагддаг. Учир нь зах зээлийг хүмүүс бүтээсэн шүү дээ” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тэрбээр “Эдийн засгийн хямрал нь хязгааргүй шунал, далд байдал, худал хуурмаг үйлдлийн үр дүн ажээ. Ийм хүчин зүйлийн улмаас бүх зүйл нурж унана шүү дээ” хэмээн нэмж айлдсан билээ.
“Шашин нь хүн төрөлхтөнд даруу байдал, үнэнч шударга зан, ёс суртахууныг заах хүчтэй. Хэрэв хүн тэвчээртэй, сүнслэг болж чадвал энэ хүчин зүйлсэд үл автах бөгөөд энэ нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай. Бид ирээдүй үгүй мэтээр бичдэг боловч “ирээдүй бий” гэдгийг харуулах нь нэн чухал билээ” хэмээн айлдав. Мөн тэрбээр хэвлэл мэдээлэл дэлхий ертөнцийг илүү өөдрөгөөр бүтээх, төлөвшүүлэх үйлсэд идэвхтэй оролцохын чухлыг онцлон дурдсан билээ.










