2014 оны 4-р сарын 10-ны өдөр Дээрхийн гэгээн Далай ламын хувьд Осакагаас Киотог зорьсон аяллаар эхэллээ. Түүнийг зорьсон газраа хүрч машинаас буухад нь Шүчи-ин Их Сургуулийн захирал, Накаяма Дэра сүмийн тэргүүн хамба лам Вэн Сугури Коүзуй нар түүнийг халуун дотноор угтан авчээ. Шүчи-ин Их Сургууль нь Японы буддизмын Шингон урсгалыг үндэслэгч Күкай буюу Кобо Дайшигийн МЭ 828 онд Киото дахь Тожи Сүмийн нутаг дэвсгэрт байгуулсан Шүгэйшүчи Урлаг Шинжлэх Ухааны Сургуулиас үүдэлтэй. Энэ нь Японд нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран оюутнуудад нээлттэй байсан анхны боловсролын байгууллага юм. Одоогийн Шүчи-ин Их Сургууль нь 1949 онд одоогийн байгаа байрандаа дахин байгуулагдсан ажээ.
Дээрхийн гэгээн Далай лам олон хүн цугласан танхимын тайзнаа морилж, хоёр талд нь мандала байрлуулсан Махавайрочана бурхны өмнө зассан суудалд залран яриагаа эхлүүллээ.
![]() |
“Та нар надаас Төвөдийн нууц тарнийн тухай ярихыг хүслээ. VII зууны үед Төвөдийн Соронзонгомбо хааны үеэс тэд буддын шашны тухай сонирхож эхэлсэн юм. Учир нь тэр хаан Хятад, Балбаас хатан буулгасан бөгөөд тэр хоёр хатан нь хоёул Бурхан багшийн шүтээн дүрийг залж авчирсан нь бурхны сургаалыг сонирхон судлах сэдлийг төрүүлжээ. Хожим Тэсрэндэнзэн хаан буддын шашин Энэтхэгээс үүсэлтэйг ойлгоод, илүү ихийг сурахаар шийджээ. Тэрээр Наландагийн Их Сургуулиас Шантаракшита бандидаг урьж ирүүлснээр Төвөдөд буддын шашныг дэлгэрүүлж эхэлсэн юм. Түүнчлэн Энэтхэгийн буддын судар бичгүүдийг төвөд хэлнээ орчуулах ажлыг санаачилсан нь эцэстээ Ганжуур, Данжуурын цогц бүтээл болсон байдаг. Тэрээр өнөөдрийг хүртэл бидний судалсаар байгаа ‘Төв үзлийн чимэг’, ‘‘Хоосон чанарыг хураан шүлэглэсэн эмхэтгэл’’-ийг туурвисан бөгөөд эхнийх нь гүн ухааны бүтээл, хоёр дахь нь логик, учир шалтгааны судлалын бүтээл болсон юм.”
Шантаракшитагийн шавь, нэрт эрдэмтэн Камалашилаг дараа нь урьсан бөгөөд тэр ‘Мадхяамакагийн гэрэл’, багшийнхаа бичсэн ‘Хоосон чанарыг хураан шүлэглэсэн эмхэтгэл’-д тайлбар бичжээ. Энэ хоёр их багш Төвөдөд буддын шашныг дэлгэрүүлсэн юм.
Шантаракшита бээр анхлан Мүласарвастивадийн винайн ёсыг үндэслэсэн ч гүн ухааны хувьд тэрээр Асанга болон Нагаржуна хоёрын үзлийг хослуулсан Егүзэр явдалт өөрийн үндэст төв үзэл (Йогачара-свататрика-мадхяамака)-ийг баримталдаг байв. Тэрээр Винайн ёсны сургаалыг өөрийн сургаалын үндэслэл болгосон байна.
Дээрхийн гэгээн Далай лам тайлбарлахдаа ийн шашин дэлгэрүүлэхэд Ловон Бадамжунай бээр саад тотгорыг арилгах үүрэгтэй байсан бөгөөд өнөөдөр Төвөдөд буддын шашин дэлгэрэх үндэс суурийг тавьсан хамба (Шантаракшита), ловон (Бадамжунай), хаан (Тэсрэндэнзэн) гурвыг дээд багш нар гэж хүндэлдэг болохыг дурдлаа.
Бхикшү буюу аяга тэхэмлигийн хувьд Шантаракшита бээр өөрөө винайн ёсыг баримталдаг байсан бөгөөд түүний “Төв үзлийн чимэг” бүтээл нь бодь сэтгэлийг бясалгах, хоосон чанарыг ойлгох нь түүний бясалгалын нэг хэсэг байсныг илтгэдэг. Харин түүний өөр нэг бүтээл болох “Хоосон чанарын бүлэг’ нэртэй жижиг судар нь түүнийг мөн дээд тарнийн ёсны их бүтээлчин байсныг харуулдаг. Товчхондоо, тэрээр Наландагийн уламжлалын үлгэр жишээ байлаа.
Энэ арга нь Нагаржунайгаас улбаатай бөгөөд тэрээр винайн ёсыг үндэс болгон, өөрийг бусдаар арилжих бясалгалын аргаар бодь сэтгэлийг хөгжүүлсэн юм. Түүний бүтээлүүд мөн Билиг барамидын судруудын тодорхой агуулга, хоосон чанар, иогийн дандрын дээд түвшний үүсгэл, төгсгөлийн зэргэмжийн бясалгалыг хэрхэн хийх тухай тайлбарласан байдаг.
![]() |
Нагаржунай гэгээний шавь нар болох Арьяадэва, Чандракирти нар ч мөн үүнтэй ижил арга барил баримталж байсныг Дээрхийн гэгээн Далай лам хэлэв. Энэ нь даяанч хүн ангид гэтлэхүйн санваар, бодьсадвын санваар, тарнийн санваар гэсэн гурван санваарыг нэгэн зэрэг сахих төвөд уламжлалын эхлэл юм.
Дээрхийн гэгээн Далай лам өөрөө гэлэнгийн ёсоор өдөр бүр бодьсадвын санваараа сэргээж, хоосон чанарыг бясалгадаг бөгөөд өдөр бүр зургаан өөр бурхны ясалгал хийдэг ажээ..
Тарнийн ёсны үүслийн тухайд гэвэл тэрээр Дөрвөн үнэн нь буддын бүх сургаалын үндэс бөгөөд түүнээс бүх урсгалд нийтлэг байдаг Бодьсадвын 37 гарын авлага урган гардаг гэлээ. Үүний дараа нь санскрит уламжлалд Бурхан багшийн Тас цогцолсон уулнаа Жанрайсиг, Манзушир, Самандбадар зэрэг шавь нартаа айлдсан Билиг барамидын сургаал номууд байдаг. Эдгээр нь Бурхан багшийн номын хүрдийг хоёр дахиа эргүүлэхдээ айлдсан сургаал агаад хүн ба юмс үзэгдлийн оргүй хоосон чанарыг айлдсан.
Бидний уншдаг Зүрхэн судар үүнд багтдаг бөгөөд уг судар нь Шарипутра болон бодьсадва Жанрайсиг нарын харилцан яриаг агуулдаг. Эл номыг олон нийтэд айлдаагүй, гагцхүү Жанрайсиг, Шарипутраг харж, сонсох хувь нь ирсэн хүмүүсийн өмнө айлдсан юм.
Бурхан багш номын хүрдийг анхлан эргүүлэхдээ Дөрвөн үнэний тухай олон нийтэд айлдсан бол, хоёр дахь удаа эргүүлэхдээ Билиг барамидын сургаалтай холбоотой гэв.
Гурав дахь удаа эргүүлэхдээ Бурхны мөн чанар болон сэтгэлийн цэвэр тунгалаг чанар, мөн түүнийг хэрхэн хөгжүүлэх тухай айлдсан юм. Энэ нь нууц тарнийн бясалгалын үндэс болно. Бурхан багш номын хүрдийг хоёр, гурав дахь удаа эргүүлэхдээ олон нийтэд бус илүүтэй сонгосон шавь нартаа ном заасан хэмээн тайлбарлалаа. Нийт олонд бус тодорхой шавь нарт айлдсан сургаал байсан тул түүхэн баримт байдаггүй гэв.
Дээрхийн гэгээн Далай лам Нагаржуна болон Арьяадэва зэрэг Энэтхэгийн агуу багш нар эдгээр асуудлыг ухаан болон логикоор судалж, санскрит уламжлал, бодьсадвын хөлгөн, билиг барамидын хөлгөн, тарнийн хөлгөний бясалгалын үнэн мөнийг нотолсон гэдгийг онцлон хэллээ.
Тэрээр Чандракиртигийн тодорхойлсон тантрын таван үе шатыг эш татав:
Үүсгэлийн шат
Төгсгөлийн шат
Салан одох шат
Илбийн бие, гэгээн гэрлийн шат
Нэгдэх шат
Энэ бүх шатанд бурхдыг сэтгэлдээ төсөөлж бясалгах ба иогийн дандрын нэгэн онцлог нь үхэл, зуурдын төрөл, дахин төрөх явцад бурхны гурван лагшин болох номын лагшин, төгс баясгалангийн лагшин, хувилгаан лагшинг авах бясалгал хийх явдал юм.
Ном сударт Бурхны энд хүрэхийн тулд тоо томшгүй гурван галав ба түүнээс дээш хугацаа шаардагдана гэдэг бол тарнийн ёсны судрууд үүнийг нэг л биеэр, нэгэн насандаа гүйцэлдүүлж болох тухай айлдсан байдаг.
![]() |
Асуулт, хариултын цаг эхлэв. IX зуунд таалал төгссөн гэгддэг Кобо Дайши өнөөг хүртэл амьд, бясалгаж байгаа гэх яриа байдгийг юу гэж үздэг талаар Дээрхийн гэгээнээс асуухад тэрбээр үүнийг байж болно гэв. Эрт цагт гэгээрсэн мэргэд, даяанчид гэгээрэлд хүрч, дараагийн Бурхан багш дэлхийд залрах хүртэл бясалгалаа хийн үлдэж байсан тухай баримтууд байдаг бөгөөд тэдний дунд төвөдийн багш нар ч бий гэлээ.
Түүнээс мөн Жанрайсиг бурхны энэрэл нигүүлслийн тухай асуухад, энэрэн нигүүлсэхүйг Бурхны хутагт хүрэхүйн үндэс гэж үздэг гээд, Зүрхэн сударт гардаг Жанрайсиг бодьсадвагийн үүрэг нь хамгийг энэрэх ам тангарагтай агаад бүх бурхны энэрэн нигүүлсэх чанарыг биелсэн дүр гэдгийг тайлбарлав. Манзушир бурхан бүх бурхны мэргэн ухааны биелсэн дүр гэдэгтэй адил гэдгийн нэмж хэллээ.
Айлдварынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн “Кобо Дайшитай онцгой барилдлагатай энэ газарт Японы буддын шашинтан та бүхэнтэй ийн ярилцах боломж олгосонд талархал илэрхийлье” хэмээн хэлээд, сургуулийн удирдлагад Бурхан багшийн шүтээн дүрийг бэлэглэв.
Кобо Дайшийн мэндэлсэн Шикоку дахь Зенцүжи сүмийн хамба, Досокайн ерөнхийлөгч Чижүн Сүга хувраг бээр Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, буддын шашны бүх урсгалын төлөөлөгч, сүсэгтнүүд энэхүү уулзалтад оролцсоныг дурдлаа. Кобо Дайшитай ойрын барилдлагатай тус Их сургуультай цаашдаа ч холбоотой ажиллахыг Дээрхийн гэгээнээс хүсэж, “Бид бүгд Төвөдөд энх тайван тогтохыг, мөн Дээрхийн гэгээн Далай лам таныг урт наслахыг ерөөн залбирч байна” хэмээн үгээ төгсгөв.
Дээрхийн гэгээн үдийн зоог бариад, зочид буудалдаа морилсон бөгөөд дараагийн хоёр өдөр нь Киотод болох “Оюун санааг зураглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох юм байна.










