Энэтхэг, Варанаси, 2006 оны 12 дугаар сарын 20 (Hindustan Times)
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхныг цогцлоохын тулд Бурхан багшийн айлдсан үнэн зам мөрийг дагах нь нэн чухал хэмээн айлдлаа. Тэрбээр энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн ухамсартай оролцоо, хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатайг дурдлаа.
Сарнат дахь Мул Гандх Кути хийдэд зохион байгуулсан бурханы шашны хоёр өдрийн олон улсын семинарын нээлтийн үеэр хүндэт зочноор оролцохдоо Дээрхийн гэгээнтэн “Дэлхий ертөнцийн жинхэнэ сайн сайхан Бурхан багшийн заасан энэрэл нигүүлсэл, хорлол үл хүргэх зарчимд тулгуурласан зам мөрийг дагаснаар л биеллээ олно хэмээн би итгэдэг. Энэ утгаараа Энэтхэг улс Бурхан багшийн сургаал, үзэл санаанд түшиглэн дэлхий нийтийг манлайлах онцгой боломжтой. Дэлхий нийт Энэтхэг улсад ихээхэн найдлага, хүлээлт тавьж байна” хэмээн айлдлаа.
Дэлхий дахинд терроризмын хандлага газар авч буйд санаа зовниж буйгаа илэрхийлээд “Дэлхийн II дайнаас хойш шашин шүтлэгийг буруугаар ашигласнаас болж сая сая хүн амь насаа алдсан нь шашны жинхэнэ утга учрыг үл ойлгосны тод илрэл юм” хэмээн Дээрхийн гэгээн айлдав.
Мөн тэрбээр 1960 онд хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө дэлхийн өнцөг булан бүрийн Бурханы шашинтнуудыг нэгэн дор нэгтгэх санаачилга гаргаж байсан ч тухайн үедээ бүрэн биеллээ олж чадаагүйг дурдлаа. Харин энэхүү санаачилгыг дахин сэргээж, 2011 он хүртэлх хугацаанд Энэтхэг улс дэлхий нийтийн оюун санааны манлайлагч байх боломж бүрдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.
“Хүчирхийллээс ангид байх нь аливаа шашны мөн чанар билээ. Ёс суртахууны үнэт зүйлс, хүнлэг чанар, шашны сургаал номлол нэгдэж чадвал хүн төрөлхтний сайн сайхныг хамгаалж чадна. Иймд, дэлхийн бүх шашин энх тайван, амар амгалангийн төлөө хамтран зүтгэх учиртай” хэмээн Дээрхийн гэгээнтэн айлдлаа.
Тус арга хэмжээг Энэтхэгийн Их Бодь нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.К. Моди удирдан явуулсан байна.
Үүний дараа Дээрхийн гэгээнтэн Далай лам Төвөдийн дээд боловсролын төв хүрээлэнд зохион байгуулагдсан өөр нэгэн арга хэмжээнд оролцож, зургаан шинэ номын нээлт хийхийн зэрэгцээ тус хүрээлэнгийн багш, оюутнуудад хандан дээдийн номын сургаал айлдвар хайрласан юм.










