Энэтхэг, Карнатака, Мундгод - Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн хийдийн цогчин дуганд морилон саатаж, шарын шашны уламжлалыг үндэслэгч Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн өдрийг тэмдэглэх ёслолд оролцов. Энэхүү өлзийт өдөр Шарын шашны соёлын нийгэмлэгээс Дээрхийн гэгээнд гэвш, лхаарамба цол хүртсэний 51 жилийн ойг нь тохиолдуулан тусгай хүндэтгэл үзүүлсэн юм.

Дээрхийн гэгээнийг сэнтийд залрахад Гандан ширээт Лувсандорж ламтан уламжлалт ёсоор мандал, хадаг өргөн мэндчилэв. Унзад ламыг Богд Зонховын "Шүтэн барилдлагын магтаал"-ыг унших үеэр цугласан олонд цай, жимс барив. Үүний дараа судрын ёсны дагуу цогчид өргөлөө. Үүний дараа Гандан ширээт, Жанзэ цорж, Шарав цорж нар “Гучин долоон мандал"-ыг өргөв. Дараа нь цугларсан олонд цай, бэрээс барив.
Гандан Шарзэ хийдийн хамба лам гэвш Жанчивсэнгэ шарын шашны нийт сүсэгтэн олны нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнд гардуулж буй хүндэтгэлийн шагналын тайлбарыг уншив. Тэрээр Дээрхийн гэгээний мэлмий гийсний 90 насны ойг тэмдэглэхэд дэлхий даяар сая сая сүсэгтэн олон ажигласан гэдгийг дурдав. Үүний дагуу шарын шашны буддын соёлын нийгэмлэгт энэхүү тусгай арга хэмжээг зохион байгуулах хүсэлт ирүүлсэн болохыг тэрээр онцлон тэмдэглэлээ.

Дээрхийн гэгээний 90 насны ойг тэмдэглэх “Энэрэл нигүүлслийн жил”-ийн хүрээнд түүний 1959 онд Лхаст гэвш, лхаарамбын дамжааны шалгалтаа өгсний 66 жилийн ой, 1974 онд гэвш, лхаарамба цолоо албан ёсоор хүртсэний 51 жилийн ой, 1975 онд Энэтхэг дэх шарын шашны их сургуулиудын Төв зөвлөлийн шалгалтын хороо байгуулагдсаны 50 жилийн ой тус тус тохиож буй билээ. Мөн энэ тэмдэглэлт жилийг тохиолдуулан тэрбээр Богд Зонховын дүйчэн өдрийн энэхүү сүр жавхлант ёслолыг тэргүүлэн оролцож буй юм. Эл үйл явдалд зориулж "Лхаадан Чотрул Монлам Чэнмо" сан болон Шарын шашны соёлын нийгэмлэгийн нэрийн өмнөөс алт, мөнгөөр шинээр урласан гэвш, лхаарамба зэргийн хүндэтгэлийн шагналыг Гандан ширээт, Жанзэ цорж, Шарав цорж нар талархал, хүндэтгэлийн илэрхийлэл болгон Дээрхийн гэгээнтэнд өргөн барив.
Үүний дараа Анхдугаар Далай лам Гэндэндүвийн зохиосон Богд Зонховын магтаал "Зүүн цаст уулын оргил", мөн Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Мөнх бусын дуулал” буюу Далай ламын өлзий хутаг бат оршихын дэлгэр ерөөлийг хуврагууд уншлаа. Үргэлжлүүлэн "Зонховын шашин дэлгэрэхийн ерөөл", "Үнэний үг", Богд Зонховын зохиосон "Мөрийн зэргийн ерөөл"-ийг тус тус хурлаа.

Эл хурал, ёслол Мэгзэм уншлагаар өндөрлөв. Дээрхийн гэгээнийг дуганаас гарахад Гандан ширээт, Жанзэ Цорж, Шарба Цорж болон Бэрээвэн Гоман, Бэрээвэн Лосэлин хийдийн хамба лам нар хүж, хадаг барин өргөөнд нь хүртэл хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өгсөн юм.
Өнөөдрийн хурал, ёслолд Гандан ширээт Лувсандорж, Жанзэ цорж, Шарав цорж, Бэрээвэн ширээт, өмнөх Бэрээвэн ширээт асан хоёр ламтан, Бэрээвэн Гоман болон Бэрээвэн Лосэлин дацангийн хамба нар, Гүндэлин ринбүүчи, Жанжаа ринбүүчий, Лин ринбүүчи, Сэра Жэ, Гандан Шарзэ, Жанзэ, Жүмэ, Дашлхүмбэ, Сэжүд, Намжал, Рато хийдийн одоогийн болон өмнө хамба нар байлцав. Мөн тэднээс гадна бусад лам хувраг, орон нутгийн удирдагчид, Өмнөд Энэтхэг дэх Төвөдийн таван суурины иргэд, Хималайн бүс нутаг, Бутаны сүсэгтэн олон нийлсэн 10,000 гаруй хүн оролцлоо.
Орчуулсан Д.Дуламжав










