АНУ, Вашингтон Ди Си, 2010 оны 2 дугаар сарын 18 (Фостер Клуг, Ассошиэйтед Пресс) - Ерөнхийлөгч Барак Обама Пүрэв гарагт Цагаан ордонд Дээрхийн гэгээн Далай ламыг хүлээн авч уулзсан нь олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд энэхүү уулзалт болон Обамагийн Төвөдийн өвөрмөц байдал, хүний эрхийг хамгаалахыг дэмжсэн мэдэгдэл нь Хятадын талаас сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй байлаа.
"Ерөнхийлөгч Далай ламын ‘Дундад Замын Бодлого’, хүчирхийллээс зайлсхийх зарчимд тууштай зогсох байр суурь, Хятадын засгийн газартай яриа хэлцэл хийх эрмэлзлийг сайшаалаа" хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хаалттай уулзалтын дараа мэдэгдэв.
|
| Зураг. Ерөнхийлөгч Барак Обама Дээрхийн гэгээн Далай ламтай Цагаан ордны Газрын зургийн өрөөнд уулзав. 2010 оны 2 дугаар сарын 18. (Цагаан ордны албан ёсны гэрэл зургийг Пит Соуза) |
Дээрхийн гэгээн Далай лам Цагаан ордны гадна талд сэтгүүлчидтэй ярилцахдаа уулзалтанд "маш их баяртай" байгаагаа мэдэгдэв. Төвөдийн цөллөгт буй удирдагч Обаматай хүн төрөлхтний үнэт зүйлс, шашны эв зохицлыг дэмжих, дэлхий даяар эмэгтэйчүүдийн манлайлах үүргийг нэмэгдүүлэх, Төвөдийн ард түмний санааг зовоож буй асуудлуудын талаар ярилцсан гээд, Обама "маш их дэмжиж байсан" хэмээн мэдэгдэв.
Обамагийн Далай ламтай хийсэн ерөнхийдөө бэлгэдлийн шинж чанартай энэ уулзалт нь Хятадыг үл тоомсорлохгүй байх үүднээс бусад удирдагчдын айлчлалуудтай харьцуулахад даруухан болсон байна. Бээжин Буддын ламыг салан тусгаарлагч гэж үзэж байгаа тул Обама Иран, Хойд Солонгостой цөмийн асуудлаарх мухардмал байдал, цаг уурын өөрчлөлт болон бусад тэргүүлэх асуудлаар хамтран ажиллах шаардлагатай байгаа энэ үед Хятадыг хэт бухимдуулахыг хүсэхгүй байгаа юм.
Иймээс Обама өөрийн Нобелийн Энх тайвны шагналт хамтрагчтайгаа гэрэл зургийн дуранд илүү өртдөг, ерөнхийлөгч нар олон улсын удирдагчдыг хүлээж авахдаа голдуу ашигладаг Зууван оффист бус, харин Газрын зургийн өрөөнд уулзлаа. Тэдний яриа гэрэл зургийн дуран болон олон нийтийн нүднээс далд явагдсан бөгөөд оронд нь Цагаан ордон зөвхөн ганц гэрэл зураг нийтэлжээ.
Цагаан ордны хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд өгсөн уулзалтын талаарх тайлбарыг ч бичгээр өгсөн байна.
Олон хүний хувьд жижиг зүйл мэт санагдах ч дипломат харилцааны хэт эмзэг ертөнцөд чухал ач холбогдолтой эдгээр үйлдлүүд нь Обамагийн уг уулзалтанд дургүйцэж буй Хятадын дургүйцлийг багасгах зорилготой юм.
Ерөнхийлөгч асан Жорж У. Бушийн Азийг хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Майкл Грийн хэлэхдээ "Энэ үйл явдлын харагдах байдал Хятадуудад үнэхээр чухал. Хятадын засгийн газар протокол, юмс хэрхэн харагдах зэрэгт ихээхэн анхаардаг." гэжээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Вашингтон хотноо Цагаан ордноос гарч байна. Далай лам АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай анх удаа уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд товч ярилцлага өгөв. 2010 оны 2 дугаар сарын 18. (Зургийг Марк Вилсон/Getty Images) |
Ерөнхийлөгчийн олон янзын хэлбэр, хэмжээ бүхий уулзалт, хүлээн авалтад дассан Америкчуудад энэ нь тийм ч өдөөн хатгасан зүйл мэт санагдахгүй байж болох ч Далай лам, Обама хоёрын уулзалт олон нийтэд нээлттэй хийгдсэн бол ламтантай албан ёсны гадаад харилцаа үүсгэх нь Бээжингийн Төвөдийг засан тохинуулах эрхэнд халдаж байна гэж үздэг Хятадыг хилэгнүүлэх байлаа. Хэдийгээр Далай ламыг дэлхийн ихэнх хэсэгт хүндэлдэг ч Бээжин түүнийг өргөн уудам уулархаг бүс нутаг дахь Хятадын засаглалыг түлхэн унагаж, феодалын теократ ёсыг сэргээхийг зорьж байгаа хэмээн буруутгадаг юм. Харин Далай лам болон шинжээчид үүнийг худал хэмээн няцаадаг билээ.
Гэсэн хэдий ч олон жилийн турш хурцадмал байдалтай байсан Вашингтон, Бээжингийн харилцаа хамгийн сүүлд Далай ламын айлчлал болон Обамагийн засаг захиргаа Хятадын өөрийн гэж үздэг өөртөө засах эрхтэй ардчилсан арал Тайваньд олон тэрбум долларын зэвсэг худалдахыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор улам дордоод байгаа тул Хятадын талын мэдрэмжийг анхаарч үзэх нь чухал юм.
Үүний зэрэгцээ Обама Хятадын байр суурийн эсрэг Далай ламыг өнгөрсөн аравдугаар сард Вашингтонд ирэхэд уулзаагүй нь энэ тал дээр Хятадад хэтэрхий буулт хийж буй хэрэг гэж үзэж байгаа АНУ-ын хууль тогтоогчид, идэвхтнүүдийн шүүмжлэлийг тэнцвэржүүлэх шаардлагатай байв.
Далай лам өнгөрсөн хорин жилийн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчидтэй уулзаж байснаас ихэнх нь хаалттай уулзалтууд байжээ.
Дээрхийн гэгээн Далай ламын элч Лоди Жари хэлэхдээ Обаматай хаалттай байдлаар уулзсан ч Хятадад гадуурхагдсан мэдрэмжтэй байдаг Төвөдүүдэд дэмжлэг болно гэсэн бол Грийн "Тэд ганцаарчилсан орчинд цагийг хамт өнгөрөөнө гэдэг нь Төвөдийн үйл хэрэгт туйлын чухал юм" гэжээ.
Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Чарльз Фриманы хэлж буйгаар Пүрэв гарагийн уулзалт АНУ-Хятадын харилцаанд урт хугацааны хохирол учруулахгүй гэдэгт итгэж болох ч, Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн дөрөвдүгээр сард Вашингтонд хийх айлчлал хойшлогдох зэрэг богино хугацааны үр дагаврууд гарч магадгүй аж.
Гэхдээ Хятадын ууртай үгсээс үл хамааран АНУ-Хятадын сүүлийн үеийн түгшүүртэй байдал намжиж байж ч магадгүй. Лхагва гарагт Америкийн байлдааны таван хөлөг онгоцыг Хонг Конг боомтод зогсохыг зөвшөөрсөн нь Бээжин Вашингтонтой харилцаагаа улам муутгахыг хүсэхгүй байгаагийн дохио байж болох юм.










