Энэтхэг, Мумбай (Press Trust of India) – Дээрхийн гэгээн Далай лам лхагва гаригт хэлсэн үгэндээ боловсролын тогтолцооны хүрээнд хүүхэд залууст дотоод үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэсэн агуулгыг тусгах зайлшгүй шаардлагатай байгааг, ёс суртахууны үнэт зүйлсийг сургуульд одоогийнхоос илүү нухацтай заах ёстойг цохон тэмдэглэв.
Тэрбээр "Дотоод амар амгалангаар энх тайвныг цогцлоох нь” сэдвээр хэлсэн үгэндээ "Өнөөдрийн боловсролын тогтолцоо хангалтгүй байгаа нь тодорхой. Орчин үеийн гэгдэх боловсрол нь зөвхөн гадаад талын зүйлсэд чиглэж, дотоод үнэт зүйлсийн талаар бага заадаг тул бүрэн цогц болж чадахгүй юм.
Ирээдүй хойч үеийнхэн бол бидний жинхэнэ найдвар билээ. Хүүхдүүд шинэ ертөнцийг бүтээгчид бөгөөд тэдний бие махбод, оюун санаа, сэтгэл санааны хэрэгцээг анхаарах нь маш чухал” хэмээн өгүүллээ.
Буддын шашинтнуудын оюун санааны удирдагч Далай лам нь өөрийн туршлагаар баяжуулсан эл айлдварынхаа үеэр үндэс угсаа, эдийн засгийн байдлын хувьд өөр хоорондоо харилцан адилгүй олон нийтэд хандан хэрхэн дотоод амар амгаланг олох талаар тайлбарлалаа.
Хятадууд Лхас хүртэл төмөр зам тавьсан нь Төвөдийн соёлыг сүйтгэх хөнөөлтэй эсэхийг асуухад Далай лам “Уг замыг хэрхэн ашиглахаас л шалтгаална. Төмөр замыг зөв сэдлээр ашиглавал тустай" гэж хариулав.
Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс зохион байгуулсан уг айлдварын үеэр Дээрхийн гэгээн ДОХ, дэлхийн дулаарал, байгаль орчинд хор хөнөөл учруулах үйл ажиллагаа зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй аюулын талаар хүмүүст анхааруулав. Түүнчлэн шашныг төрийн хэрэгт оролцуулахгүй байхыг уриалж, оюун санааны хөгжлийн талаар хэлэлцүүлэг, маргаан өрнүүлэх шаардлагатайг санууллаа.
Орчуулсан Б.Ганчимэг










