Энэтхэг, Ассам, Гувахати – Тэнгэр бүрхэг байсан ч, Дээрхийн гэгээн Далай ламыг Гувахатийн их сургуулийн танхимд морилоход өнөө өглөөний орж байсан бороо бараг зогссон байв. Түүнийг уригчид нь "Саад бэрхшээлийг даван туулах боловсрол" уриатайгаар 2005 онд байгуулагдсан улсын их сургууль болох Кришна Канта Хандикугийн нэрэмжит Улсын нээлттэй их сургууль (KKHSOU) болон 75 жилийн турш нутгийн оюутнуудын дунд алдаршсан Хуульчдын номын дэлгүүр байлаа. Их сургуулийн дэд канцлер, доктор Хитеш Дека Энэтхэгийн уламжлалаар хадаг, торгон ороолт, баглаа цэцгийн хамт бэлэг барьж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Дээрхийн гэгээн Далай ламыг "энх тайвны бэлгэ тэмдэг" хэмээн тодорхойлоод, түүнд жаазтай хүндэтгэлийн бичиг, ном, мөн Бурхан багшийн амьдралын нэг хэсэг болох галзуу зааныг номхруулж буй үйл явдлыг харуулсан уран зураг бэлэглэв. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад байраар хангасан Гувахатийн их сургуулийн доктор СК. Натх Дээрхийн гэгээнд хүндэтгэл илэрхийлэв.
Арга хэмжээний эхэнд Бхаскар Дутта-Баруа Дээрхийн гэгээнд хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, товч танилцуулга хийхдээ тэрээр Төвөдөд тохиолдсон гай зовлонгоос болж олон төвөд хүмүүс зугтан гарсан нь дэлхийн бусад олон хүмүүст ашиг тусаа өгч тэднийг Цогт Наландрын уламжлалын төлөөлөгчидтэй учрах боломжийг олгожээ. Тэрээр Дээрхийн гэгээнийг нууц тарнийн ёсны их мастерууд Наро Банчэн хутагт, Луйпа гэгээн болон хутагт Атиша нартай холбоотой эртний Камарупа нутагт тавтай морилохыг урив.

Дутта-Баруа Дээрхийн гэгээнээс түүний хамгийн анхны номуудын нэг болох "Миний нутаг ба миний ард түмэн" дурдатгал номыг ассам хэл дээр шинээр орчуулан гаргасныг танилцуулж, нийтэд таниулж өгөхийг хүсэв. Уг номонд Дээрхийн гэгээний амьдралын эхэн үеийн түүхийг өгүүлээд зогсохгүй, түүнийг эх орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрэх хүртэл Төвөдөд болсон үйл явдлын тухай гардаг. Орчуулагч Индрани Ласкарыг мөн түүнд танилцуулав.
1500 үзэгчдэд хандаж үг хэлэхийг урихад, Дээрхийн гэгээн айлдвараа эхлэв. Тэрээр өндөр дээд хэргэм зэрэгтэй шашны зүтгэлтнүүдийн нэрсийг бүгдийг нь тогтоож чадахгүй учраас, тэрчлэн энэ дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд ахан дүүс юм, хүн төрөлхтөн нэгдмэл нэгэн гэр бүл юм гэх санааг дэлгэрүүлж, тэтгэх нь зүйтэй гэдэгт итгэдэг учраас сонсогчидтойгоо ийн мэндчилдэг хэмээн тайлбарлав.
"Бид бүгд уй гашуугаас ангид, аз жаргалтай амьдрах ижил хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэсэн хэдий ч бидэнд тулгардаг олон олон асуудал бэрхшээлийн ихэнх нь биднээс өөрсдөөс шалтгаалдаг. Бид ихэвчлэн сөрөг сэтгэл хөдлөлдөө автсанаас болж тэдгээр асуудалтай тулгардаг. Би-д барих үзэлтэй байх эсэх нь хамаагүй гол нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх нь чухал. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлснээр өөртөө итгэх итгэлтэй болж, айдсаа багасгаж, илүү их итгэл үнэмшилтэй болдог. Харин бид сөрөг буюу сэтгэл зовоосон сэтгэл хөдлөлдөө автваас энэ нь үл итгэлцэл болон хардаж сэрдэхэд хүргэдэг."
"Уур хилэн бол эрч хүчний эх үүсвэр мэт санагдаж болох ч, тэр нь сохор байдаг. Уурласнаар бид биеэ барих чадвараа алддаг. Уурлахаар зоригтой мэт харагдах ч, дахиад л энэ нь сохор зориг юм. Ихэвчлэн гэнэтийн байдлаар сөрөг сэтгэлүүд өдөөгддөг тул тэдгээрийг учир шалтгаанаар зөвтгөх боломжгүй, харин эерэг сэтгэл хөдлөлүүдийг зөвтгөх боломжтой. Байнга уурлаж уцаарлах, үзэн ядах нь бидний дархлааны системийг муутгадаг хэмээн эрдэмтэд үзэж байна. Харин дотоод хүч чадлыг өгдөг энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидний эрүүл мэндэд сайн."

Хүмүүсийн уур хилэнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд голлон анхаарч танин мэдэхүйн эмчилгээний чиглэлээр судалгаа хийдэг Аарон Бектэй хийсэн ярианыхаа талаар Дээрхийн гэгээн дурсав. Бекийн түүнд ярьснаар бид уурлахаараа уурлуулж байгаа зүйлээ бүхэлд нь сөрөг мэт хүлээж авдаг ч, үүний 90% нь ердөө л бидний оюун санааны төсөөлөл байдаг гэжээ. Гэтэл энэхүү дүгнэлт нь тэртээх хоёр мянга гаруй жилийн өмнө хутагт Нагаржунагийн сургасантай таарч байгаад Дээрхийн гэгээний сэтгэл ихэд хөдөлжээ. Бид хирс шиг ганцаардмал амьтад биш, харин нийгмийн амьтад учраас бидний оршин тогтнох нь бусдаас хамааралтай байдаг. Тиймээс энэрэн нигүүлсэх сэтгэлийг учир шалтгааны ухаан болоод билиг билгүүнээр зөвтгөж, хамгаалах боломжтой.
"Өнөөдөр дэлхий ертөнцийн хаана ч байсан бид бие биенээсээ хамааралтай оршдог. Дэлхийн эдийн засаг маш их хамааралтай байна. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт бид бүгдэд аюул заналхийлэл учруулах боллоо. Баян, ядуугийн ялгаа улам тэлж, кастын тогтолцоо гэх мэт цаг үеэ өнгөрөөсөн эрх тэгш бус, шударга бус байдал зэрэг асуудлуудыг бид зөвхөн хамтдаа шийдвэрлэх боломжтой юм. Тийм ч учраас бид итгэл үнэмшил, арьс өнгө, үндэс угсаа зэрэг хоёрдогч ялгаан дээр төвлөрөхийн оронд хүн гэдэг утгаараа адилхан гэдгээ санах хэрэгтэй. Энэ нь мөн би өөрийгөө 7 тэрбум хүний нэг гэж үзэх шалтгаан болно. Өөрийгөө Далай лам гэж бодох нь бусдаас өөрийгөө тусгаарлах болох учраас 7 тэрбум хүний нэг нь гэж бодох нь илүү чухал юм."
"Бидний энэ сэтгэлгээ Цогт Наландрын уламжлалаас эхлэлтэй. Эртний Энэтхэгийн мэдлэг ухаан бидэнд өнөөдөр хэрэгтэй, тустай ямар зүйл хэлж чадах вэ гэдэгт залуу энэтхэгчүүдийг илүү их анхаарлаа хандуулаасай хэмээн сүүлийн үед би уриалж байна. Бид сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар суралцаж болно. Бид айдас хүйдсээс бус, харин каруна буюу энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс ахимса буюу хүч үл хэрэглэх байдлыг зан үйлийн хэлбэр болгон баримталж болно. Ахимса гэдэг нь бидэнд хор хөнөөл учруулах боломж байсан ч бид өөрсдийгөө түүнээс татаж авах үед бий болдог зан төлөв."
"Ахимса, каруна хоёр бол шашны эв нэгдлийн уламжлалын нэгэн адил Энэтхэгийн эрдэнэс юм. Миний өчигдөр хэлсэнчлэн би бээр Энэтхэгийн засгийн газрын хамгийн удаан хугацаагаар оршин сууж буй зочин бөгөөд би энэхүү зочломтгой зангийн хариуг эдгээр агуу уламжлалуудын элч төлөөлөгч байх замаар өгөхийг хичээдэг юм."

Үзэгчдийн асуултад хариулахдаа, Дээрхийн гэгээн хүн төрөлхтний үндсэн мөн чанар нь энэрэнгүй сэтгэл гэдгийг эрдэмтэд тогтоосон учраас ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа тайлбарлав. Хэдийгээр бүх томоохон шашин хайр, энэрэн нигүүлсэхүйн ач тусыг номлодог ч, энэ цаг үед эрүүл саруул ухаан, хамтын туршлага болоод шинжлэх ухааны ололт дээр суурилсан ёс зүй бид бүхэнд хэрэгтэй байна.
Залбирал болоод шашны зан үйл нь боловсрол шиг өөрчлөлтийг авчрахгүй гэж хэлснийхээ учрыг тайлбарлахыг түүнээс үзэгчид хүсэв. Тэрээр хувь хүн шашны залбирал, зан үйлийг өөртөө дадуулах нь сайн бөгөөд зөв боловч, дэлхийг өөрчлөх тухайд хүмүүс олон зууны турш залбирсны үр дүн бага байгааг онцлов. Өөрчлөлтийг авчрах зүйл бол боловсрол юм. Үүнтэй уялдуулан тэрбээр задлан шинжилгээ хүртэл хийж болдог випашня бясалгал ч бас эерэг хувь нэмэр оруулж чадна гэдэгтэй санал нийлэв.
Дээрхийн гэгээн өөрийн тархин дахь мэдлэгийн өчүүхэн хэсэг бүрийг Наландрын уламжлалаас, бүхэлдээ Энэтхэгийн уламжлалаас эхтэй учраас, мөн үүний сацуу тэрээр өөрийн бие махбодио олон арван жилийн турш энэтхэгийн будаа, шошны шөл, гамбираар тэжээн тэтгэсэн учраас өөрийгөө Энэтхэгийн хүү гэж үздэгээ нотлов. Тэрээр Төвөд улс "Цастын орон" гэгдэн гэрэлтэж байсан байж болох ч, Энэтхэгээс ирсэн мэдлэг ухааны гэрлээр гэрэлтэх хүртлээ харанхуй хэвээр байсан юм хэмээх 15-р зууны Төвөдийн нэгэн эрдэмтэн, мэргэний хэлсэн үгийг давтан хэлснээр яриагаа өндөрлөв.
Шиллонг, Итанагар болон Зүүн хойд бүсийн бусад хэсгээс ирсэн 400 орчим төвөд хүнд хандаж Дээрхийн гэгээн хэлэхдээ:

"Бид, төвөдүүд манай улсад тохиолдсон гай зовлонгоос болж эх орноо орхин явахаас өөр аргагүй болсон ч, урьдын олон төрөлдөө залбирч байсныхаа ачаар бид үйлийн үрийн холбоотой. Тэнд үлдсэн хүмүүс одоо ч бэрхшээлтэй тулгарсаар байгаа ч тэдний сэтгэл санаа хүчтэй хэвээр байна. 1959 онд биднийг энд ирэхэд бидний мэдэх цорын ганц зүйл бол дээр тэнгэр, доор газар байлаа. Энэтхэгийн халуун, чийглэг уур амьсгалд бид төөрөлдсөн мэт санагдаж байв. Бид НҮБ-аас тусламж хүссэн боловч Неру АНУ Төвөдийн төлөө Хятадтай дайтахгүй гэдгийг анхааруулсан юм."
"Дэлхийтэй харилцах эртний хүчин чармайлтын хүрээнд 13-р Далай лам Төвөдийн хэдэн хүүхдийг орчин үеийн боловсрол эзэмшүүлэхээр Их Британийн Рагби сургууль руу илгээж байжээ. Өнгөрсөн жил тус сургуулийн төлөөлөгчид тэдний сурахаар ирсний зуун жилийн ойг тэмдэглэхээр надтай уулзах гэж ирсэн юм. Хэрэв тэр төсөл үргэлжилсэн бол байдал өөрөөр байж болох байсан. Бид магад өөр бусад гадаад ертөнцтэй харилцаа тогтоож болох байсан."
Дээрхийн гэгээн Хятадад өөрчлөлт гарч байгааг тэмдэглээд, сонсогчдоо өөртөө итгэлтэй, аз жаргалтай байж, өөрийн өмнө суугаа байгаа бяцхан хүүхдүүддээ төвөд хэл сургахыг уриалав. Тэрээр нар дахин мандах болно хэмээн тэдэнд батлан хэлэв.

Үдээс хойш Дээрхийн гэгээн Намами Брахмапутра наадмын хүндэт зочноор уригдав. Тэрээр эхлээд голын эрэг рүү очиход түүнийг засаг дарга, ерөнхий сайд хоёр дахин хүлээн авав. Тэд тусгайлан бэлтгэсэн бөмбөгөр байгууламжид хамтдаа Брахмапутра гол нь бүс нутгийн хувьд ямар байдлаар амьдралын эх булаг болдог, мөн түүний нууцлаг холбоо нь хүч чадлын ундарга хэрхэн болдог талаар харуулсан дүрс бичлэгийг үзэв. Гадаа цэвэр агаарт, гол руу ширтэн зогсохдоо, Дээрхийн гэгээн энэ гол ийм чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хүмүүс түүнийг үнэлж, хайрлаж хамгаалж сурах хэрэгтэйг онцлон тэмдэглээд, уг наадмын гол үүрэг нь чухам үүнд хувь нэмрээ оруулж буйг сайшаав.
Гувахати хотын соёлын төвийн танхимд уг арга хэмжээг төвөд лам нарын ном уншлагаар нээв. Засаг дарга, Ерөнхий сайд болон хойд Энэтхэгийн харуулын ангийн ерөнхий захирал нар Дээрхийн гэгээнд Энэтхэгийн уламжлалт хүндэтгэл үзүүлэв. 58 жилийн өмнө Дээрхийн гэгээнийг хил дээрээс хамгаалж, дагалдан ирсэн цэргүүдийн нэг байсан ахмад дайчныг түүнд танилцуулсан бөгөөд тэрээр түүнд зориулж гэрэл зураг дээр гарын үсэг зурав.
Сангийн сайд Химанта Бисва Сарма ассам хэлээр дэлгэрэнгүй мэндчилгээний үг хэлээд үргэлжлүүлэн англи хэлээр Ассам болон Төвөдийн хооронд түүхийн туршид үргэлжилсээр ирсэн худалдаа, соёлын харилцааны талаар товч дурдав. Тэрээр Их эзэн Кришнагийн амьдралыг дүрсэлсэн Вриндавани Вастра хэмээх дүрс чимэглэлтэй торгон хөшгийг дурдсан бөгөөд эдгээр нь Төвөд рүү хүргэгдэж, тэндээсээ Их Британид очоод, одоо Виктория ба Альбертийн Музей болон Британийн Музейд хадгалагдаж байгаа ажээ.

Ерөнхий сайд Шри Сарбананда Соновал хэлсэн үгэндээ, Намами Брахмапутра наадмыг зохион байгуулж байгаа нь Брахмапутра мөрний ач холбогдлыг улам өргөж өгч буйг онцлоод Брахмапутра мөрөн бол Ассамын соёл, эдийн засаг, амьдралын эх булаг мөн хэмээн тунхаглав. Тэрээр Английн нэрт яруу найрагч Кийтсийн зохиолоос "гоо үзэсгэлэнтэй зүйл бол үүрдийн жаргал" хэмээн иш татаад Дээрхийн гэгээнд талархал илэрхийлж, түүний уг арга хэмжээнд оролцож байгаа нь хүний үнэт зүйлс болоод амьдралын чанарын хувьд амгалантай, эв найрамдалтай амьдрах урам зоригийн ундарга болохыг онцлов. Тэрээр түүнээс Ассамын ард түмэн хайр, энэрэн нигүүлсэхүйн сэтгэл, харилцан хүндэтгэлтэйгээр хамтдаа амьдрахыг ерөөж өгөхийг хүсэв.
Засаг дарга Шри Банварилал Пурохит удахгүй болох "Итгэл үнэмшлийн наадам"-ын талаар танилцуулж, хинди хэлээр сонирхолтой яриа өрнүүлэв.
Дээрхийн гэгээн өөрийн хэлсэн үгэндээ хоёр өдрийн айлчлалдаа ямар их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр өөрийг нь халуун дотноор хүлээн авсанд талархахын хамт, олон жилийн өмнө хойд Энэтхэгийн харуулын ангид алба хааж байсан дагалдагчдынхаа нэгтэй уулзсан нь хичнээн сайхан байсан талаар дахин дурдав. Тэрээр мөн хүмүүстэй санаа бодлоо хуваалцах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлж, тэднийг ихэд анхааралтай сонссоныг тэмдэглэв. Түүнийг уг наадамд оролцох үеэр шуургатай байж таарсан нь хэдий таагүй байсан ч үүнийг засаг дарга болоод ерөнхий сайдын хэн нь ч хянаж чадахгүй гэдгийг тэрээр хэлэв.
Энэ арга хэмжээ нь түүнд Патна хотод болсон нэгэн үйл явдлыг санагдуулжээ. Тэнд Ерөнхий сайд Бурхан багшийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бөгөөд Дээрхийн гэгээнийг нээлтэд оролцуулахаар урьжээ.

"Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Бихар муж Бурхан багшийн адислалаар хөгжин, цэцэглэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн бөгөөд миний үг хэлэх ээлж болоход, Бурхан Буддагийн адислал Бихарын хөгжил цэцэглэлтийн эх үүсвэр болно гэж үзвэл 2500 гаруй жилийн турш Бурхан багшийн адислал оршин байсан тул аль хэдийнэ хөгжин цэцэглэх ёстой байсан гэдгийг онцлон хэлээд, чухам ямар ялгаа гарах вэ гэвэл тэрхүү адислал нь чадварлаг Ерөнхий сайдын гараар дамжин ажил хэрэг болж хэрэгжих явдал юм гэдгийг би түүнд хэлсэн юм. Өнөөдөр би үүнийг маш ажил хэрэгч, практик хүн шиг санагдах энэ Ерөнхий сайдын дэргэд дахин давтан хэлье."
"Амжилттай хөгжлийн түлхүүр бол боловсрол юм. Бүгдээрээ холбоотой байцгаая. Бидний хэрэгжүүлэхээр зэхэж буй цэцэрлэгээс их сургууль хүртэлх шашингүй ёс зүйг заах сургалтын хөтөлбөрийн төслийг бэлэн болохоор би танд нэг хувийг нь явуулъя. Та үүнийг туршиж үзээд, хэрхэн хэрэгжихийг харж болно."
Үзэгчдийн асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн хүмүүст нэг шашнаас нөгөөд орохыг ятган элдэв санал, урамшуулал тавьдагийг дэмждэггүй гэдгээ нэлээд дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрээр хүмүүс өөр өөр итгэл үнэмшилд юу гэж сургадагийг илүү гүнзгий ойлгох нь чухал бөгөөд юунд итгэж үнэмшихээ чөлөөтэй сонгох эрхтэй байх нь мөн чухал болохыг хэлэв. Гэхдээ хүн ерөнхийдөө өөрийн төрж өссөн уламжлалаа дагах нь хамгийн сайн гэж тэрээр зөвлөв.
Зам тээврийн сайд Чандра Мохан Патовари төрийн дуулал эгшиглэхийн өмнө талархлын үг хэлж арга хэмжээг өндөрлөв. Дээрхийн гэгээн маргааш "Орчин үеийн боловсролын ёс зүй" сэдвээр Дибругарх их сургуульд зочлон илтгэл тавина.
Орчуулсан Б.Болормаа










