Энэтхэг, Ладак, Лех – Өнөөдөр өглөө Дээрхийн гэгээн хаа ч явсан түүний инээмсэглэлийг харж, тайвшруулах үгсийг нь сонсох, эсвэл адис авах гэж цугладаг олон арван хүмүүстэй мэндчилснийхээ дараа Шивацэл Подран цогцолборын хаалга руу алхав. Тэрээр талбайн алслагдсан үзүүрт байрлах ном айлдах талбай руу машинаар явав. Зам дагуу мянга мянган хүмүүс түүнийг угтан жагсчээ. Ном айлдах талбайн ойролцоо гоёл чимэглэлээ зүүсэн нутгийн эмэгтэйчүүд, бүрээ, бөмбөр, ёслолын шүхэр барьсан лам хуврагууд түүнийг хүндэтгэн хүлээж байв. Барилга руу орохын өмнө тэрээр хэдэн хором саатаж, хүнд өвчтэй төвөд хүмүүст сэтгэлийн дэм өгч, тайвшруулав.
Павильон дотор ороод Бурхан багшийн шүтээнд мөргөж, тайзны захаар алхахдаа хуучны анд нөхөдтэйгөө харцаараа, төв болон зүүн, баруун булангаас цугласан 40,000 орчим сүсэгтэн олон руу гараа даллан мэндчилж, баруун талдаа суугаа лам хуврагуудтай мөн мэндчилээд суудалдаа заларлаа. Өмнө нь ном хаялцах чадвараа үзүүлж байсан Ладакийн улсын сургуулийн хүүхдүүд суудалдаа суув. Үүний дараа буддын гүн ухааны төв хүрээлэнгийн оюутнууд "Билгүүний зүрхэн" судрыг санскрит хэлээр аягуулан уншиж эхлэв.

"Бид энэ удаагийн айлдварыг өнгөрсөн жил зогссон газраасаа буюу бид тэр үед 'Бодьсадвын явдалд орохуй' номын эхний гурван бүлгийг дүүргэсэн тул одоо 'Сэрэмжийг үзүүлсэн' 4-р бүлгээс үргэлжлүүлнэ" хэмээн Дээрхийн гэгээн тайлбарлав. Шантидева гэгээн бол Наландагийн агуу их багш, Нагаржунагийн дагагч байсан юм. Би энэ номын дамжлагыг Киннаурийн багш Тэнзин Гялцанаас хүртсэн бөгөөд 8-р зуунд энэ ном бичигдсэнээс хойш Бодь сэтгэлийг хэрхэн төрүүлэх талаар үүнээс илүү тайлбар гараагүй гэж тэрээр надад хэлж байсан юм. 1967 онд энэ номыг тэрээр надад айлдсан бөгөөд энэ нь миний сэтгэлд маш их тус болсон бөгөөд боломж л гарвал бусдад энэ номыг аль болох олон айлдаарай хэмээн тэрээр надад захисан билээ."
"Энд цугласан олон хүн зугаа цэнгэл, ажил хэргийн эсвэл улс төрийн цуглаан хийх гэж биш, харин оюун санааны айлдвар сонсохоор цуглажээ. Энэ юуг илэрхийлж байна вэ? гэвэл өнөөдөр 21-р зуунд амьдарч буй 7 тэрбум хүн бүгд зовлонг хүсэхгүй, жаргалтай байхыг хүсэж байна. Үүгээрээ бид бүгд ижил. Олон хүн шашнаас тайвшрал хайж байгаа ч 1 тэрбум хүн шашныг сонирхохгүй, шашин бол мөлжлөг, хэрэггүй зүйл гэж мэдэгдэж байна. Бүх шашны уламжлалууд амар амгалан, аз жаргалын эх үүсвэр болох хайр, энэрлийг хэрэгжүүлэхийг буюу анхааран авахыг зөвлөдөг бөгөөд уур хилэн, атаа хорсол зэрэг хөнөөлт муу сэтгэлийн гэм уналын талаар анхааруулдаг."

"Хайр, энэрлийг сэтгэлдээ дадуулдаг хүмүүсийн сэтгэл илүү амар амгалантай байдаг бол байнгын уур хилэн, айдастай явах нь бидний сэтгэлийг хямрааж, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тэр бүү хэл хайр, энэрлээр дүүрэн хүмүүс амар амгалан, жаргалтай байдаг гэдгийг эрүүл ухаантай хэн ч бидэнд хэлнэ. Хардаж сэрдэх, атаархах, бусадтай өрсөлдөх зэрэг хөнөөлт сэтгэлд автсан хүмүүс бүх дэлхийг дайсан мэт хүлээж авдаг. Хайр, энэрэлээр хүмүүсийн итгэлийг олж авдаг, итгэлцэлээс найз нөхөд болдог гэдгийг амархан харж болно. Үүнтэй адил шударга, үнэнч байдал бол шударга ёсны үндэс юм."
"Эдийн засгийн хөгжил дангаараа бидний өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдэхгүй, хүч хэрэглэснээр ч бас шийдэхгүй. Даян дэлхийн амар амгалан нь хувь хүн, гэр бүл, хамт олон сэтгэлийн амар амгаланг олж авахаас хамаарна. Үүнийг мөнгөөр худалдаж авч чадахгүй. Бид хорт муу сэтгэл хөдлөлийн ерөндөг болох дотоод үнэт зүйлсийг төлөвшүүлэх хэрэгтэй."
Өмнө нь ном хаялцсан Ладакийн улсын сургуулийн сурагчид төөнөсөн нарнаас хамгаалах зүйлгүй байгааг харсан Дээрхийн гэгээн тэднийг сэнтийн доорх сүүдэрт суулгахаар дуудав. Хэрэв бидний хийж чадах зүйл байгаа бол бусдад тохиолдож буй зүйлийг үл тоомсорлож болохгүй. Өнөө үед боловсролтой хүмүүс бусдын зовлонг хайхрахгүй байх нь ёс зүйн дутагдал гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрөх болсныг тэрээр мөн нэмж хэллээ.

"1000 гаруй жилийн тэртээгээс Төвөдөд буддын шашин дэлгэрснээс хойш бид энэ уламжлалаа хадгалж, хамгаалж, хөгжүүлж ирсэн. Өнөөдөр би энэтхэг найз нөхөд болоод сэхээтнүүдэд хандан эртний Энэтхэгийн сэтгэл болон сэтгэл хөдлөлийн тухай мэдлэгийг сэргээх нь өнөө үед чухал төдийгүй их үнэ цэнтэй зүйл болохыг хэлдэг юм.”
"Би өнөөдөр энд Буддын шашны ном айлдахаар ирсэн. Бурхан багш сэтгэлийг номхотгож болно, сэтгэлийг номхотговол жаргал ирнэ гэж тодорхой айлдсан. Энэ нь тухайлбал, Бурхад бусдын нүгэл хилэнцийг усаар угааж арилгахгүй, амьтдын зовлонг мутраараа авч хаяхгүй, өөрийн эрдмийг бусдад юүлэхгүй. Үнэн номыг үзүүлснээр амьтныг гэтэлгэнэ." гэсэн утгыг илтгэнэ.
Дээрхийн гэгээн "Бодьсадвын явдалд орохуй" номыг авч, 4-р бүлгээс үргэлжлүүлэн уншив. Энэ бүлэгт анхаарал сэрэмж буюу нэгэнт ямар нэг зүйл хийхээр шийдсэн бол түүнийгээ дуусгах ёстой гэсэн утгыг тайлбарласан байдаг. Тэрээр чөлөө учрал бүрдсэн эрдэнэт хүмүүний төрөл авсны үнэ цэнэ, бүх зүйл мөнх бус тул энэ төрөл нь хэрхэн амархан алдагдаж болох тухай шүлгүүдийг онцлов.

Цаашлаад сударт "Би хэрхэн сөрөг сэтгэл хөдлөлийн боол болчихов оо?" гэж асуудаг. Сөрөг муу сэтгэлийг "тэрсүүд хорлогч" сүнснүүдтэй зүйрлэсэн байдаг бөгөөд Дээрхийн гэгээн ийм хорлолоос сэргийлэх хамгийн сайн арга бол тэднийг энэрэх сэтгэлийг төрүүлэх явдал юм хэмээн тэмдэглэв.
Судрын дараах хэсгийг тэрээр зөвлөв:
43
Нисваанисын ерөндөг үүнд [би] бээр шунан үйлдээд
Нисваанист өслөн барьж байлдааныг учруулан
Нисваанис мэтийн дүрт тэр мэтийн
Нисваанис даран үйлдэгчээс бусад болой
44
Хэрэв намайг түлж алах буюу
Хэдий бүхий миний толгой огтловч болом яа
Хэзээ бүхнээ нисваанисын
Хэрцгий дайснаа үл сөгдмүй.
45
Эгэл дайсныг орноос гаргавч
Эгнэгт бус ордод оршин огоот эзэлж
Эрх чадлаа төлжөөд тэндээс харин няцмуй яа.
Энэхүү нисваанисын дайсны ёс түүн лүгээ адил бус
хэмээх мөртүүдийг уншин 4-р бүлгийг дүүргээд Дээрхийн гэгээн үдийн зоог барихаар түр завсарлаж, маргааш үргэлжлүүлэн уншихаа амлав.










