Энэтхэг, Ладак, ЖК, Лех – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Шивацэл номын айлдварын талбайн индэрт залрах үед төвөдийн хүүхдийн тосгоны сургуулийн сурагчид болон ладакийн улсын сургуулийн сурагчид хоорондоо ном хаялцаж байв. Тэрээр зүүн талд суугаа барууны иргэд, баруун талд суугаа хятад хэлтнүүд, ладакууд, төвөдүүд болон урд эгнээнд суух улаан дээлтэй лам хуврагууд болон талбайд суугаа бүх хүмүүс рүү гараа даллан мэндчилэв.

Тэрээр Рахулагийн зохиосон "Билгүүний чанад хязгаарт хүрэхүйн магтаал"-ыг:
Билгүүний Парамитад мөргөмүү
Гурван цагийн хамаг Бурхадын эх
Хэлшгүй, сэтгэшгүй, өгүүлшгүй
Төрөхүй үгүй, түрдэхүй үгүй, огторгуйн мөн чанартай
Өөрөө мэдэх билгүүнээр танигдах
Ийнхүү билгийн чанад хүрсний тарнийг өгүүлвэй:
ДАТЯАТА УМ ГАДИ ГАДИ БАРА ГАДИ БАРА САМ ГАДИ БОДХИ СУХА - ийн уншсаны дараа номынхоо айлдварт шууд оров.
“Бидэнд тоо томшгүй олон асуудал тулгардаг. Өдөр ирэх бүр хүмүүс зовлон зүдгүүрээ надад ярьсаар орж ирж байна. Энэ бүхэн бидний бие, сэтгэлтэй холбоотой. Зовлонгоосоо бид хагацаж болох уу гэсэн яриа өрнөхөд Бурхан багш "Зовлон нь бидний угийн язгуур чанар мөн үү?" хэмээн асуужээ. Хэрэв тийм байсан бол бид түүнийг хэзээ ч даван туулж чадахгүй байх байсан. Сэтгэлийн угийн мөн чанараас зовлон нь тусдаа оршдог гэдгийг Бурхан багш тодорхойлсноор, зовлонг даван туулах боломжтой хэмээн айлдсан юм. Бид зовлонг уг үндсээр нь бүрмөсөн таслан зогсоож чадна.”
“Зүрхэн судар-ын тарнийн эхний ‘гадэ’ нь таван замын эхнийх нь буюу чуулганы зам мөрийг заадаг. Зовлонгоос ангижрах баттай шийдвэр гаргах үед үндсэндээ зам мөрд орж байгаа юм. Их хөлгөний хувьд гэгээрэлд хүрэх баттай эрмэлзэл буюу бодь сэтгэлийг төрүүлэх үед чуулганы зам мөрд ордог.”

Хутагт Майдар "Илт онохуйн чимэг" бүтээлдээ билгийн чанад хүрсний сургаалын ил утга буюу зам мөрийг тайлбарласан бол хутагт Нагаржуна далд утга буюу хоосон чанарыг онох билгүүнийг тайлбарласан байдаг. Зовлонг хорихуйн үнэнийг олохын тулд бид үүнийг өөртөө дадуулах хэрэгтэй.
Зам мөрийн тухай хутагт Аръяандэва "Дөрвөн зуут" хэмээх шастиртаа:
Эхлээд нисваанисын түйтгэрийг хорьж
Дараа нь Би үгүйг (бие даасан би-г) хорьж
Эцэст нь мэдэгдэхүүний түйтгэрийг хорино.
Үүнийг мэдэгч нь мэргэн болой хэмээн өгүүлжээ.
Нагаржуна гэгээн өөрийн "Эрдэнийн эрхи" шастиртаа дээд төрөл авах болон төгс дээд буян үйлдэх тухай өгүүлсэн байдаг. Төгс дээд буян гэдэг нь нэгдүгээрт, нисваанисаас ангижрах, хоёрдугаарт, түүний хөрөнгө авьяасаас ангижрахыг хэлнэ. "Бодьсадвын явдалд орохуйн" шастирт дурдсанаар, төгс дээд буяны эцсийн зорилго нь хамаг амьтны тусын тулд төгс гэгээрсэн Бурханы хутгийг олох явдал юм.
Бодь сэтгэлийг төрүүлэхийн тулд бид зовлон хийгээд зовлонгоос гэтэлгэх арга замыг таньж мэдэх хэрэгтэй. Төгс гэгээрсэн бурханы хутгийг олохын тулд бид бодь сэтгэлийг төрүүлээд, хоосон чанарыг онох билгүүний чуулганыг хураах хэрэгтэй.

Дээрхийн гэгээн өчигдөр номын 4-р бүлгийг дүүргэсэн тухайгаа сануулаад өнөөдөр 5-р бүлгээс айлдахаа мэдэгдэв. Энэ бүлэг "Эгүүрд суртал сахихуй хүсэгчин бээр энэ сэтгэлийг машид эрчимнэж сахигдахуй" гэсэн зөвлөгөөгөөр эхэлдэг. 17 дугаар шадны 'Сэтгэлийн нууц' гэсэн хэсэгт сэтгэлийн өөрийнх нь хоосон чанарыг бясалгах тухай гарч байгааг Дээрхийн гэгээн тэмдэглээд, өөрийн сэтгэлийн мөн чанарт төвлөрөх нь маш их хүч чадалтай болохыг тайлбарлав.
Тэрээр энэхүү бүтээлийн үүсэл гарлын талаарх уламжлалт түүхийг хүүрнэн, Наланда хийдэд сар болгон хоёр удаа болдог сожон (наманчлал, ариусгал)-ы ёслолыг лам бүр ээлжлэн удирдаж, олон түмэнд ном айлддаг уламжлалтай байсныг тайлбарлав. Шантидэва гэгээн бусад лам нарын нүдэнд ер бусын зүйлгүй нэгэн мэт харагддаг байсан тул тэд түүнийг олны өмнө эвгүй байдалд орж, өөрсдийгөө хөгжөөнө гэж хүлээж байжээ. Шантидэва гэгээн шинээр ном айлдах уу, эсвэл өмнө нь сургасан номноос айлдах уу гэж асуухад тэд шинээр ном айлдахыг хүсжээ. Үүний үр дүнд түүний нөхдийг гайхшруулсан 'Бодьсадвын явдалд орохуй' шастир мэндэлсэн юм. Мөн Шантидэва гэгээн энэхүү бүтээлийг баяжуулан 'Суртгаал бүхнээс хураасан' (Шигшасамуччая) хэмээх бүтээл туурвисан бөгөөд түүнийгээ өрөөнийхөө дам нуруун дээр байгааг тэдэнд хэлсэн байдаг. Эдгээр хоёр судар нь хуучин гаадамбын (Kadampa) ёсны зургаан номын тоонд багтдаг билээ.
Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн ном айлдахдаа, багш дор шүтэхэд тухайн багш нь 'Гурван суртгаал'-ыг сахидаг, бүрэн чадваржсан байхын чухлыг анхааруулав. Мөн сэтгэлийн мөн чанарыг бясалгахдаа түүний тод бөгөөд тольдох чанарт төвлөрөх шаардлагатайг дахин санууллаа.
Өндөр хөгжилтэй орнуудад хөгжим, кино, амттай хоол, ганган хувцаснаас таашаал эрэлхийлэх болсон хандлагын талаар Дээрхийн гэгээн дурдаад, энэ бүхэн нь адгуус амьтдын ч мэдэрч чадах мэдрэхүйн хэмжээний таашаал гэдгийг онцлов. Хүн үүнээс юугаараа ялгаатай вэ гэвэл хосгүй оюун ухаан болоод сэтгэлийн амар амгаланд тулгуурлан аз жаргалыг олох чадвар юм. Гүн гүнзгий сэтгэл ханамж нь мэдрэхүйн хүсэл тачаалыг үгүй хийдэг болохыг тэрээр тэмдэглэлээ. Тэрээр Испанийн Монтсеррат хотод уулзсан католик шашны нэгэн ламтны тухай дурсахдаа, тэрхүү ламтан агуйд таван жил даяан хийж, зөвхөн талх, цайгаар гол зогоож байсныг ярив. Дээрхийн гэгээн түүнээс ямар бясалгал хийснийг нь асуухад, ламтан 'хайр энэрэл'-ийг бясалгасан гэж хариулсан бөгөөд тэр үед түүний нүдэнд ер бусын гэрэл тусч байсныг анзаарсан гэв.

Судар ном уншихыг зөвлөсөн хэсэгт Дээрхийн гэгээн Ганжуурын 100 боть болон Данжуурын 200 гаруй боть байгааг сонсогчдод сануулан дурдлаа. Тэрээр Бурханы шашны явдал мөрийг 'хүчирхийлэлгүй', харин үзэл онолыг 'шүтэн барилдлага' хэмээн тодорхойлон хураангуйлав.
Тэвчээрийн тухай 6 дугаар бүлгийг уншиж эхлэхдээ, Дээрхийн гэгээн тэвчээрийн гурван зүйлийг тайлбарлалаа. Үүнд: бусдад хорлогдох үед хариу үл барих тэвчээр, зовлон зүдгүүрийг үл ажран даах тэвчээр, бодит үнэнийг онож мэдэхэд гаргах ном гүнээ бясалгах тэвчээр гурав багтана. Тэрээр 8 дугаар бүлэгт гарах 'өөрийг бусдаар арилжих' аргаар бодь сэтгэлийг төрүүлэх заавартай холбоотойгоор тэвчээр нь маш чухал болохыг тэмдэглэн хэллээ.
Асуудлыг хүч хэрэглэх замаар хангалттай шийдэж чаддаггүйн нэг шалтгаан нь тэдгээрийн уг эх үүсвэрийг бид эндүүрсэн бөгөөд хэтрүүлсэн оюунаар хүлээж авдагт оршино. Дээрхийн гэгээн Америкийн сэтгэцийн эмч Аарон Бек уур бухимдалтайгаа тэмцэж буй хүмүүсийг эмчлэх явцдаа олж мэдсэн зүйлээ түүнд ярьсныг дурдав. Олон хүн уурыг нь хүргэж буй уурын орноо бүхэлд нь сөргөөр хүлээж авдаг ч, үүний 90 хувь нь сэтгэлийн хийсвэр төсөөлөл (ургуулан бодох) болохыг Бек тогтоожээ. Дээрхийн гэгээн үүнийг Нагаржуна гэгээний:
Үйл болон нисваанис арилснаар нирваан болно.
Үйл болон нисваанис нь бодлоос эхтэй.
Эдгээр нь сэтгэлийн зохиомол бодлоос эхтэй
Зохиомол бодол нь хоосон чанарыг оносноор эцэслэнэ. хэмээх айлдвартай нийцэж байна хэмээн тодорхойлов.
Хоёр дахь өдрийн номоо өндөрлөхдөө Дээрхийн гэгээн маргааш үргэлжлүүлэн номоо айлдах ба мөн Цагаан Дарь эхийн насны авшиг өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.










