 | | Далай лам Ням гарагт тусгай арга хэмжээнд байгаль орчны сэдвээр илтгэл тавьж буй нь. (Жоржина Крэнстон/ Төвдийн оффис, Лондон) |
Ноттингхэм хот, Их Британи, 2008 оны 5-р сарын 25 (Төвдийн оффис, Лондон) – Их Британийн нэрт телевизийн хөтлөгч Жонатан Димблби Төвдийн байгаль орчны талаар асуулт асуухад, Далай лам “Төвдийн эмзэг байгаль орчинд нэн тулгамдсан сорилт заналхийлж байна” гэж хэлэв. Тэрбээр “Төвдөд тулгарч буй нэг хойшлуулшгүй асуудал бол экологийн салбар. Энэтхэг, Хятад болон Азийн бусад бүс нутгийн олон гол мөрөн Төвдийн уулсаас эх авдаг. Тиймээс би Барууны, ялангуяа Хятадын байгаль орчны мэргэжилтнүүдийг Төвдөд очиж, байгаль орчны бодит нөхцөл байдлыг судлахыг уриалж байна" гэж хэлэв.
Төвдийн шашны тэргүүн өнөөдөр үдээс хойш залуучуудад байгаль орчны талаар "Эх дэлхийгээ арчлах нь" сэдэвт олон нийтийн лекц уншлаа. Уг лекц яриаг Жонатан Димбли хөтөлсөн бөгөөд тэрээр нээлтийн үгэндээ сүүлийн хэдэн арван жилийн турш сэтгүүлч мэргэжлээрээ дэлхийн олон удирдагчидтай уулзаж байсан ч Дээрхийн гэгээн шиг ухаалаг, даруухан нэгэнтэй учраагүйг хүлээн зөвшөөрсөн юм. Дээрхийн гэгээн нээлтийн товч үгэндээ “Өнөөгийн хүүхдүүд бол дэлхийн ирээдүй учраас тэд манай гарагийн байгаль орчинд санаа тавьж, энх тайван, энэрэнгүй нийгмийг бий болгох хэрэгцээг харуулахуйц боловсролтой байх ёстой” гэж тэмдэглэв.
 | | Далай ламын лекцийг сонсохоор Ноттингхэм Арена танхимд цугласан 7000 гаруй оролцогчдын зарим нь. (Жоржина Крэнстон/Төвдийн оффис, Лондон) |
Тус арга хэмжээнд оролцож буй дөрвөн сургуулиас гурван сурагч тайзан дээр гарч, Дээрхийн гэгээн болон Ноён Димбли нараас асуулт асуулаа. Дээрхийн гэгээн нэг хүүхдийн асуултад хариулахдаа хүмүүс ихэвчлэн боловсролоор дамжуулан байгаль орчны талаар мэдлэгтэй болгох боломжтой гэв. Тэрбээр "Ухамсаргүй, алсын хараагүй байх нь тусгүй" гэж хэлсэн. Өчигдөр болон өнөө өглөө Дээрхийн гэгээн "сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулах вэ?", "ёс суртахуунтай амьдралаар хэрхэн амьдрах вэ?" зэрэг сэдвүүдээр олон нийтэд зориулсан цуврал лекц уншив. Дээрхийн гэгээн мөнгө болон материаллаг хөгжил нь дангаараа аз жаргалтай амьдралыг баталгаажуулж чадахгүй хэмээгээд хүн бүр хариуцлагатай, энэрэнгүй амьдралаар амьдрахын чухлыг онцлон тэмдэглэв.
Дээрхийн гэгээн өнөөдөр мөн Ноттингхэмшир тойрогт байрладаг олон шашин, шүтлэгийн 40 гаруй тэргүүд, төлөөлөгчидтэй уулзлаа. Лондон дахь Төвдийн оффисоор дамжуулан Ноттингхэмийн Шашин хоорондын зөвлөлөөс зохион байгуулсан уулзалтын оролцогчид Дээрхийн гэгээний шашин хоорондын эв найрамдлыг дэмжих үйлсээс хэчнээн их урам зориг авч байгааг шашны тэргүүд дүгнэлтэд тэмдэглэн дурдсан. Шашны нэг удирдагч Төвд болон төвд хүмүүсийн зовлон зүдгүүрийн талаар асуулт асуув.
 | | Төвд лам нар Дээрхийн гэгээний ярьсан хөгжилтэй яриаг баясалтай сонсож буй нь. (Жоржина Крэнстон/Төвдийн оффис, Лондон) |
Өчигдөр Их Британийн их дээд сургуулиудад Төвд болон Хятад судлалаар багшилж, судалгаа хийж буй хятад оюутнууд, эрдэмтэд болон бусад хүмүүс Дээрхийн гэгээнд хандан уриалав. Тэд Дээрхийн гэгээнтнээс хүссэн асуултаа чөлөөтэй асуух боломжтой байв. Хятадын зарим албан тушаалтнууд түүнийг хочилсон нэрс түүнд төвөг учруулаагүй гэж тэр хэлэв. Бурханы шашинтай, энгийн хятад иргэд Далай ламыг Хятадын эсрэг үзэлтэй гэсэн Хятадын албан ёсны суртал ухуулгын золиос болж буйд тэрбээр харамсаж, сэтгэл эмзэглэдэг гэв.
Эдгээр ор үндэсгүй гүтгэлгийн улмаас, Дээрхийн гэгээн олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхийн хэвлэл мэдээллийнхэнд хандан Төвдийн бодит байдлыг сайтар судлахын тулд Төвдөд болон Дарамсала хотод очиж, эдгээр хилс таамаглалын ул мөр "манай баримт бичиг болон, миний хэлсэн үгсэд" байгаа эсэхийг тогтооход нээлттэй хэмээн уриалж байна. Дээрхийн гэгээний элгэмсэг хандлага, оршихуй нь уулзалтын уур амьсгалыг найрсаг болгож бөгөөд Төвдийн Нобелийн энх тайвны шагналттай уулзах завшаан тохиосонд хятад оюутан, эрдэмтэд талархаж буйгаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээн маргаашнаас эхлэн гурван өдрийн турш "Бодит байдлын мөн чанарыг судлах нь" (Тэндрел Тоепа) сэдвээр сургааль айлдах ба дараа нь Оксфорд хот руу явна. Дээрхийн гэгээн тус хотод хийсэн айлчлалд зориулан 5-р сарын 27-ны Мягмар гарагт Ноттингхэм тойргийн зөвлөлөөс Каунти Холл танхимд зохион байгуулах хүлээн авалтад оролцоно.
Лондон дахь Төвдийн оффисын мэдээ |