Ажмер хот, Ражастан муж, Энэтхэг, 2008 оны 7-р сарын 9 (tibet.net) – Дээрхийн гэгээн Далай лам Лхагва гарагийн өглөө Ражастан мужийн алдарт Ажмер Шариф сүмд зочилж, Суфигийн гэгээнтэн Хважа Мойнуддин Чиштийн насан эцэслэсний 796 жилийн ойн "Урс" баярыг тохиолдуулан залбирал үйлдлээ. Төвдийн шашны тэргүүн Ражастан мужид хийж буй хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Шариф сүмд ийнхүү залбирал үйлдсэн юм.
Далай лам дэлхий дахинд тогтвортой энх тайвныг цогцлоохын тулд эв нэгдлийг дэмжих нь түүний амьдралынх нь зорилго байсаар ирснийг онцлов. "Дэлхийн бүх томоохон шашин шүтлэгүүд ариун сэтгэл, энэрэл нигүүлсэхүйг түгээн дэлгэрүүлэх ижил чадамжтай байдаг. Үүгээр дамжуулан дэлхий дахинд жинхэнэ, бат бөх энх тайван тогтох боломжтой. Тийм ч учраас өөр өөр уламжлалт шашнуудын хоорондын эв нэгдэл маш чухал. Энэ бол миний насан туршийн үүрэг" хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Жил бүр "Урс" баярыг тохиолдуулан жил бүр мянга мянган сүсэгтэн олон Ажмер Шариф сүмд хуран цугларч, залбирал үйлддэг бөгөөд энэ жил тус мөргөл 7-р сарын 5-нд эхэлсэн. Уг сүм нь шашин хоорондын эв нэгдлийн билэг тэмдэг бөгөөд энд ирж залбирал үйлдвэл бүх хүсэл биелдэг гэх итгэл үнэмшлээр бүх шашны сүсэгтнүүд маш ихээр зорьж ирдэг ажээ.
Зургаан өдөр үргэлжилдэг "Урс" баярын үеэр Энэтхэг болон хилийн чанадаас нэг сая орчим сүсэгтнүүд энэхүү гэгээнтний сүмд ирж мөргөдөг. Түүнчлэн Пакистан, Бангладеш зэрэг хөрш орнуудаас сүсэгтнүүд олноор ирдэг. Жил бүр болдог тус мөргөлийн цуглаан нь Меккагийн дараа орох лалын шашинтнуудын хоёр дахь том цугларалтад тооцогддог.










