Варанаси, 2006 оны 12 дугаар сарын 19 (www.tibet.net) — Энэтхэгийн Их бодь нийгэмлэгээс зохион байгуулсан Дэлхийн бурханы шашны удирдагчдын зөвлөлийг тэргүүлэн удирдах үеэрээ Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Олон улсын бурханы шашны бүс байгуулах чиглэлээр хийгдэж буй ажлыг өндрөөр үнэлж, бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. Өчигдөр өглөө Сарнатх хотноо дэлхийн 15 орчим орны бурханы шашны удирдагчдад хандан Дээрхийн гэгээнтэн дэлхий нийтийн шашин хоорондын эв нэгдэл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн ач холбогдлыг дахин дахин онцлон айлдлаа. Тэрбээр шашин хоорондын эв нэгдэл, ойлголцлыг дэлгэрүүлэх нь өөрийнх нь насан туршийн гурван гол амлалтын нэг хэмээн удаа дараа дурдаж, хүн төрөлхтний амар амгалангийн төлөө дотоод сэтгэлийн үнэт чанаруудыг төлөвшүүлэх, мөн Төвөдийн ард түмний ашиг сонирхолыг хамгаалах нь түүний удаах 2 амлалт билээ. Орой нь Дээрхийн гэгээнтэн Төвөдийн дээд боловсролын төв хүрээлэн (CIHTS)-гийн Адиша нэрэмжит танхимд цугларсан таван зуу орчим оюутан, багш ажилтанд “оюутнууд зөвхөн шашин судлалын чиглэлээр бус, орчин үеийн шинжлэх ухааны салбарт ч гүнзгий мэдлэг эзэмших шаардлагатай” хэмээн айлдлаа. Өнөөдрөөс эхлэн Дээрхийн гэгээнтэн Далай лам тус хүрээлэнд Нагаржунай гэгээний зохиосон “Бодь сэтгэлийн тайлбар” (Жанчүв Самдэл) номын айлдварыг эхлүүлж байна. Уг айлдварыг Төвөдийн дээд боловсролын төв хүрээлэн болон Их хөлгөний уламжлалыг хадгалах төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 7000 орчим сүсэгтэн олон номын айлдварт суухаар хүлээж байна. Дээрхийн гэгээнтэн энэхүү номын айлдварыг хамгийн сүүлд 1990 онд, Сарнатх хотноо 14 дэх цагийн хүрдэн буюу Дүйнхорын ван авшиг хүртээх үеэрээ айлдаж байсан билээ. Зураг. Хүрээлэнгийн захирал Гэвш Наваан Самдэн тус хүрээлэнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайланг танилцуулж буй нь… Варанаси хот, Энэтхэг улс |










