Дарамсала, (tibet.net) - Дээрхийн гэгээн Далай лам 2006 оны 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 12-ны хооронд Латин Америкийн Сан-Паулу, Буэнос-Айрес, Сантьяго, Лима, Богота хотод айлчлах аж.
Далай лам Бразилын хамгийн том хот Сан-Паулуд 4 дүгээр сарын 26-29-ний өдөр айлчлах бөгөөд тэрбээр энэ хугацаанд Сан-Паулугийн захад орших Зу Лай сүмд Бразилын буддын шашинтнуудын хамт “Оюун судлахуйн найман бадагт”-ын айлдварыг айлдах юм.
Сан-Паулугийн ойролцоо Котиад байрлах Зу Лай сүм нь Латин Америкт орших хамгийн том хятад Их хөлгөний буддын сүм юм.
Мөн Дээрхийн гэгээн Сан-Паулугийн Холбооны Их сургуулийн Анагаахын сургуульд “Мэргэн ухаан хийгээд энэрэнгүй сэтгэл”, “Шинжлэх ухаан хийгээд сүнслэг байдал” сэдвээр лекц уншина.
Сан-Паулу хотын хөтөлбөрт “Энэрэнгүй сэтгэлийн хүч” сэдвээр Гинасио Эстадоал Ибирапуэра конвенцийн төвд олон нийтэд илтгэж, дараа нь Сан-Паулугийн төвд орших Катедрал да Сэ сүмд болох олон шашны “Энх тайвны төлөөх залбирал”-д оролцох ажээ.
Дээрхийн гэгээн Далай лам 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны хооронд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод “Дотоод хийгээд, гадаад амар амгалан” сэдвээр олон нийтийн илтгэл, Аргентины буддын шашинтнуудад “Сэтгэл оюуныг боловсруулах долоон зарчим”-ын айлдварыг айлдах юм.
Мөн Дээрхийн гэгээн “Эрүүл мэнд болоод сүнслэг байдал” сэдэвт хэлэлцүүлэг, Ла Рурал конвенцийн төвд болох олон шашны “Энх тайвны төлөөх залбирал”-д оролцоно. Үүний дараагаар Малба театрт олон нийтийн төлөөлөгчдөд үг хэлэх аж.
Дээрхийн гэгээн Чили улсын нийслэл Сантьягод очиж, 5 дугаар сарын 3-6-ны хооронд дөрөв хоног саатна.
Тэрбээр энэ хугацаанд Чилийн Их Сургууль Валпараисогийн Их Сургууль хамтран зохион байгуулж буй “Оюун судлахуй” сэдэвт өдөрлөгт оролцоно.
Тэрбээр “Энэрэнгүй сэтгэлийн хүч” сэдвээр олон нийтэд илтгэж, Сантьяго хотын Парке О’Хиггинс дахь Сантъяго Арена конвенцийн төвд Чилийн буддын шашинтнуудад айлдвар айлдана. Мөн Католикийн Их Сургуульд болох олон шашны “Энх тайвны төлөөх залбирал”-д оролцохоор төлөвлөж байна Түүнчлэн Чилийн Их Сургуульд сэхээтнүүд, олон нийтийн төлөөлөгчдөд үг хэлж, Сантьяогийн Их Сургуулийн “Хүндэт доктор цолыг хүртэх аж.
Орчуулсан: Н.Долгар