Нубра хөндий, Ладакх, Ж&К, Энэтхэг, 2010 оны 7 дугаар сарын 23 (tibetonlinetv.com) - Ладакх дахь нэгэн сургуулийн Буддын гүн ухааны мэтгэлцээнийг өчигдөр даргалсны дараа Дээрхийн гэгээн Далай лам Буддын шашныг ерөнхий утгаараа энэ дэлхийн “эрдэнийн үнэт чулуу”, ялангуяа Гималайн бүс нутгийн бэлгэ тэмдэг хэмээн нэрлэх нь зүйтэй гэж онцлов. Иймд Буддын сургаалыг судлах нь зөвхөн лам хуврагуудын үүрэг бус энгийн иргэдийн ч үүрэг гэдгийг тэмдэглэлээ.
Дээрхийн гэгээн өгүүлэхдээ, Төвөд сүүлийн 60 жилийн турш ихэд бэрхшээлийг даван туулж ирсэн ч дэлхий дахинд, тэр дундаа БНХАУ-д өрнөж буй өөрчлөлтүүд аажмаар Төвдөд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Мөн Гималайн бүс нутгийн иргэдэд хандан, Төвөдөд хүнд үе тохиолдож буй энэ цаг үед Төвөдийн Буддын шашныг судлан хамгаалах боломж, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн ашиглах хариуцлага тэдэнд оногдож буйг сануулав.
![]() |
Буддын шашин нь Төвөд, Гималайн бүсийн ард иргэдийн нийтлэг шашин учир, Будда болон Наландагийн их багш нарын бүхэл сургалтууд, аймаг номлол, тайлбар зохиолуудыг хамгаалан хадгалах үйл хэрэгт илүү их хүчин чармайлт гаргах ёстойг Дээрхийн гэгээн онцлон тэмдэглэв.
Дээрхийн гэгээн Далай ламын Самгон Жамцэ Тхосамлинг сургуулиар морилон очих үеэр лам хуврагууд Буддын гүн ухааны талаарх мэтгэлцээн өрнүүлэв. Энэхүү мэтгэлцээнийг Буддын шашны сургаалыг түгээн дэлгэрүүлэх Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар, чиглэлийг даган хэрэгжүүлэх зорилгоор сургууль зохион байгуулсан байна.
Мэтгэлцээний үеэр оролцогчид Гималайн бүс нутгийн иргэдийн үүрэг хариуцлага, Наландагийн баялаг уламжлалыг хэрхэн цаашид сэргээж хадгалах, жинхэнэ XXI зууны буддист хүн байх тухай олон асуулт тавьжээ.
Цугласан олон нийтэд хандан Гандэн Трипа Ризонг Ринбүчи Дээрхийн гэгээн XIV Далай лам болон түүний өмнөх дүр - Агүү XIII Далай ламын намтар түүхийг товчлон танилцуулав.
Самгон Жамцэ Тхосамлинг сургуульд одоогоор 45 сурагч суралцаж байгаа бөгөөд VIII ангиа дүүргэсэн сурагчдыг Өмнөд Энэтхэг дэх Төвөдийн Буддын шашны гурван том сургалтын төв рүү цааш гүнзгийрүүлэн суралцуулахаар илгээдэг. Тус сургууль 1998 онд байгуулагдсан бөгөөд Буддын хэлэлцүүлэг, гүн ухааны хичээлээс гадна компьютер зэрэг орчин үеийн хичээлийг давхар заадаг.
2003 онд Дээрхийн гэгээн Далай лам тус сургуульд зочлох үеэр сурагчид Буддын гүн ухааны мэтгэлцээнд оролцож байсан. Тус сургуулийн Буддын гүн ухаан, хэлэлцүүлгийн хичээл заадаг Геше Еши Гялцэн хэлэхдээ:
“Гималайн бүс нутгийн ард иргэд Буддын шашныг анхдагч, цэвэр мөн чанарт нь нийцүүлэн хамгаалах хариуцлагын талаар Дээрхийн гэгээн Далай ламын өгсөн зөвлөмжид тулгуурлан өнөөдөр зохион байгуулсан шашны мэтгэлцээн цаашид бусад сургуулиудад үргэлжлэн хэрэгжих учиртай” хэмээн онцоллоо.
Дээрхийн гэгээн Далай лам 7 дугаар сарын 23-нд Самтенлинг хийдээс Ярма Гонпо хийдийн зүг морилов.










