АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 10. Дээрхийн гэгээн Далай лам өглөө эрт Веризон төвд морилж, Дүйнхорын ван авшгийн бэлтгэл ёслолоо үргэлжлүүлэв. Үүний дараа “Ардчилсан Хятад улс хийгээд Төвөдийн ирээдүй” бага хуралд оролцохоор хөдөлж, оролцогчдод хандан үг хэлсэн юм.
![]() |
| Дээрхийн гэгээн XIV Далай ламыг “Ардчилсан Хятад улс хийгээд Tөвөдийн ирээдүй” бага хуралд хүрэлцэн ирэхэд угтан авч буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 10. Гэрэл зургийг Сонам Жоксан. |
Энэхүү бага хурлыг “Принстоны Хятад улсын санаачилга” байгууллагын доктор Чен Куйдэ зохион байгуулсан бөгөөд тэрээр Дээрхийн гэгээнийг танилцуулав.
Дээрхийн гэгээн Төвөд, Хятад улсын харилцаа хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд зарим үед найрсаг, заримдаа зөрчилтэй байсныг дурдав. Тэрбээр 1954-1955 онд Бээжин хотод айлчилж байхдаа хоёр улсын харилцаа ихэд нааштай байх итгэл төрж байснаа, мөн 1955 онд Бээжин хотоос Лхас руу буцах замд Хятад улсын генерал Жан Гуохуатай уулзаж, “Бээжинд очихдоо би ихэд айдастай байв. Харин одоо итгэл дүүрэн буцаж байна” хэмээн хэлж байснаа дурсан ярив.
Тэрбээр марксизм, социализмд сонирхолтой байдгаа өгүүлээд, Хятад улсад байхдаа Хятадын Коммунист намд элсэх хүсэл илэрхийлж байснаа хошигнон дурсав. Гэхдээ тухайн үеийн үндэстний асуудал эрхэлсэн комиссын дарга Лю Гэпин түүнд “Үүнд яарах хэрэггүй” гэж хэлснийг дурсаж, “Магадгүй миний найз Лю Коммунист нам ирээдүйд ямар зам туулахыг мэдэж байсан байх” хэмээн хошигнон өгүүлжээ.
“Хятад улсын Коммунист нам авлига зэрэг олон асуудалтай тулгарч, капиталист шинжтэй коммунист нам болон хувирчээ. Энэ нь зөвхөн Төвөдийн асуудал биш, харин Хятад улс нийтийн хэмжээнд тулгарч буй нийтлэг сорилт юм. Дэлхий бүхий л хүн төрөлхтөнд хамааралтай шиг Хятад улс ч хятадын ард түмэнд хамаарна. Улсын жинхэнэ эзэн бол ард түмэн өөрсдөө юм шүү дээ.
БНХАУ байгуулагдсан эхний хэдэн жил Коммунист нам олон нийтэд, тэр дундаа ажилчин ангиас ихээхэн дэмжлэг хүлээж байв. Гэвч өнөөдөр Хятадын ард түмний дунд намын талаар хараат бус санал асуулга явуулбал ямар үр дүн гарах бол? Хятад улсын 1,3 тэрбум хүн бодит байдлыг мэдэх бүрэн эрхтэй бөгөөд юу зөв, юу бурууг ялгах чадвартай. Харин мэдээлэлд цензуртэй хандах, гуйвуулан тараах нь ёс зүйгүй хэрэг” хэмээн анхаарууллаа.
Дээрхийн гэгээн хүч хэрэглэж, дарамт үзүүлэх нь асуудлыг шийдэх бус харин ч улам гүнзгийрүүлдэг хэмээн айлдлаа. Тэрбээр 2008 онд Төвөдөд, 2009 онд Шинжаанд мөн саяхан Өвөр Монголд болсон жагсаал тэмцлийг дурдаад, “Бодит байдлыг ойлгож, түүнд үндэслэн арга хэмжээ авах нь л чухал” хэмээсэн юм.
|
| Дээрхийн гэгээн Далай лам “Ардчилсан Хятад улс” бага хуралд үг хэлж буй нь.… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 10. Гэрэл зургийг Сонам Жоксан. |
Дээрхийн гэгээн Төвөдийн асуудлын тухайд жинхэнэ байдлыг ойлгож чадахгүй байгаа бөгөөд зориуд буруу ташаа мэдээлэл түгээж байгааг анхааруулав. 2008 онд Хятадын эрх баригчид өөрийг нь “чөтгөр” хэмээж байсныг дурдаад, “Хятад ахан дүүс минь Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд туслах ёстой. Төвөдийн асуудлын үнэн мөн чанарыг ойлгох нь хамгийн чухал байна” хэмээн айлдлаа.
Үүний дараа улс төрийн эрх мэдлээ ардчилсан сонгуульд нэр дэвшин, ард олноос сонгогдсон төвөд удирдлагад шилжүүлсэн тухай тайлбарлав. Тэрээр 2001 оноос ардчилсан сонгуулиар сонгох тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш “хагас тэтгэврийн” гарсан тухайгаа хэлэв. Харин энэ жилээс эхлэн Гадэн Фодрангийн засаглалын үе албан ёсоор өндөрлөн, Калон Трипагийн сонгуулиар ялалт байгуулсан доктор Лувсан Сангайг (энэ үед Лувсан Сангай хуралд хамт оролцож байв) танилцуулж, “Тэрээр Энэтхэг улсад төрж, төвөдийн сургуульд суралцан, Делигийн Их Сургууль, Харвардын Их Сургуульд боловсрол эзэмшсэн билээ. Түүний төвөд хэлний чадварыг сайн мэдэхгүй ч би түүнд бүрэн итгэдэг, сайн ажиллана гэдэгт нь итгэлтэй байна” хэмээн хошигносон юм.
Тэрбээр дараа нь оролцогчдын асуултад хариулав. Tөв үзлийн бодлогын талаар асуухад уг бодлого нь Төвөдөд болон нутгаасаа дүрвэж буй төвөд түмний дунд урт, богино хугацааны үр дагаврыг нягтлан хэлэлцсэний үндсэн дээр боловсруулсан бөгөөд олонхын дэмжлэгтэйгээр албан ёсоор баталсан болохыг тайлбарлав. Түүнчлэн Хятад улсын оюуны зүтгэлтнүүд ч уг бодлогыг дэмжиж ирснийг дурдан, “Төвөдийн шинэ удирдлага ч энэ байр суурийг нийтэд ил тод баталгаажуулж байна” хэмээв.
Бусад асуултад “Цаашид бүх төрийн асуудал, улс төрийн хариуцлагыг сонгогдсон удирдлага бүрнээ хүлээнэ. Хятад улсын эрх баригчид намайг “салан тусгаарлагч” хэмээн буруутгадаг. Түүн дундаа Нэгдсэн фронтын албаныхан намайг нь “асуудлын гол хүн” хэмээн үздэг юм. Би улс төрийн ажлаа орхин, тэтгэвэрт гарсан гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Төвөдийн асуудал бол Далай лам миний хувийн хэрэг биш. 1980-аад онд Хятад улсын Засгийн Газраас илгээсэн Төвөдийн асуудлыг шийдэх тухай таван зүйл бүхий саналыг би бээр хүлээж аваагүй юм. Учир нь тэдгээр таван зүйл нь бүхэлдээ хувийн хамааралтай байсан. Би урьд өмнө хувийн байр суурь, зэрэг зиндааны төлөө ажиллаж байсангүй. Цаашид ч тийм зүйл хийхгүй” хэмээсэн билээ.
|
“Ардчилсан Хятад улс” бага хурлын үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам, Төвөдийн Төв Захиргааны шинээр сонгогдсон Калон Трипа нар оролцогчдын асуултад хариулж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 10. Гэрэл зургийг Сонам Жоксан. |
Tөв үзлийн бодлогоос өөр чиглэлд шилжих эсэх тухай асуухад Дээрхийн гэгээн хариултаа шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангайд даатгав. Доктор Сангай “Би сонгуулийнхаа компанит ажлыг төв үзлийн бодлогод нийцүүлсэн бөгөөд ард түмэн энэ бодлогыг дэмжиж намайг сонгосон. Ирээдүйд юу болохыг хэлэхэд эрт ч бүгд ард түмний шийдвэр байх болно” хэмээв. Дээрхийн гэгээн нэмж, “Төв үзлийн бодлогыг анх зарлахдаа ч эцсийн шийдвэрийг төвөдийн ард түмэн өөрсдөө гаргана. Хятад улс дэлхийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах асар их боломжтой бөгөөд дэлхий дахины гол тоглогчдын нэг байж чадах билээ. Гэвч үүнд хүрэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл, хүндлэлийг хүлээх хэрэгтэй. Харамсалтай нь энэ зүйл үнэхээр их дутагдаж байна. Хятад улсад ардчиллыг хөгжүүлэхэд огцом өөрчлөлт эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй тул аажим аажмаар, шат дараатай замыг сонгох нь илүү оновчтой юм. Одоо Хятадад хамгийн их хэрэгтэй зүйл бол мэдээллийн ил тод байдал болоод хэвлэлд тавих шаардлагаа зогсоох мөн хууль, дүрэм журмаа олон улсын стандарттай нийцүүлэх явдал билээ. Өнөөдөр Хятад улсын Үндсэн хууль, дүрэм журам бүгд зүйл намтай холбоотой. Энэ байдал өөрчлөгдөх шаардлагатай” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн мөн Хятадын Коммунист намын доройтол, ялзралыг дурдав. “Мао Зэдуны үед намын удирдагчид чин сэтгэлтэй, шударга хүмүүс байлаа. Хэрэв Мао өнөөгийн Коммунист намыг харвал юу гэх бол? Мао Зэдун Оросын коммунист намын удирдагч Хрущёвыг “засагч” буюу “урвагч үзэлтэй” гэж нэрлэж байв. Харин өнөөгийн Хятад улсын коммунист нам өөрөө үүнээс ч илүү “урваач” болжээ” хэмээн хошигнон өгүүлэв.
Дээрхийн гэгээн өөр нэгэн асуултад багаасаа ардчиллыг сонирхож ирснээ дурсан хариулжээ. Төвөдөд байхдаа нийгмийн доод давхаргын иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг харж байснаа ч хэлэв. Тэрбээр 1952 онд Шинэчлэлийн комисс байгуулсан ч Төвөдөд байсан хятад албан тушаалтнууд энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд саад болж байжээ. 1959 онд Энэтхэг улсад ирсний дараа л төвөдийн нийгмийг ардчиллын замд оруулах бодит ажлыг эхлүүлэх боломжтой болсон хэмээв. 1960 оноос эхэлсэн энэхүү хөгжлийн үр дүнд 2001 онд ард түмэн улс төрийн удирдагчаа шууд сонгодог түвшинд хүрсэн бөгөөд өнөөгийн байдал үүнээс улам боловсронгуй болжээ. “Төвөдийн ардчилал бол гэнэт бий болсон зүйл биш. Харин 60 гаруй жилийн туршлага агаад тууштай хөгжлийн үр дүн юм” хэмээн Дээрхийн гэгээн айлдаж, үгээ өндөрлөлөө.
Энэхүү хоёр өдрийн бага хурал 7 дугаар сарын 9-нд эхэлсэн бөгөөд Хятад улсын 100 гаруй зохиолч, ардчиллыг дэмжигч, Төвөд болоод бусад орны төлөөлөгчид оролцсон билээ.
|
| Веризон төвд болсон урьдчилсан номын айлдварын хоёр дахь өдөр Дээрхийн гэгээн Далай лам айлдвар айлдаж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 10. Гэрэл зургийг Дэнзин Чойжор/ OHHDL. |
Дараа нь Дээрхийн гэгээн айлдварын талбай руу морилж, Камалашилагийн “Бясалгалын шат”, Тогмэй Сангпо гэгээний “Бодьсадвагийн 37 үйл ёс” тэргүүт сургаалын айлдвараа үргэлжлүүлэв. Айлдварын өмнө буддын шашны үндсэн ойлголтын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийсэн билээ.
Өнөөдрийн хичээл “Зүрхэн судар”-ыг хятад хэлээр уншсанаар эхэлсэн бол 7 дугаар сарын 9-ний хичээл пали, санскрит хэлээр уншсанаар эхэлсэн ажээ.
Айлдварыг англи, хятад, орос, вьетнам, итали, испани, франц, япон, монгол хэлээр орчуулан, www.dalailama.com цахим хуудсаар шууд дамжуулах юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










