Мексик улс, Монтеррей хот. 2011 оны 9 сарын 8-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Канад улсын Монреал хотоос Мексикийн Нуэво Леон мужийн Монтеррей хотод морилон ирлээ. Онгоцноос буухад Латин Америкийн хэсгийг хариуцсан ажилтан Цэвээн Пунцаг, Каса Төвөд Мексикийн ерөнхийлөгч Марко Антонио Карам, “Хууль засаглал хийгээд Хүний үнэ цэн” олон улсын III бага хурлын зохион байгуулагч Кристина Гонзалэс Парас, Каса Төвөд Монтеррей төвийн захирал Кармен Тревино нар угтан авлаа.
Дээрхийн гэгээнийг нисэх буудлын тусгай зочдын танхимд Мексикийн Дотоод Хэргийн яамны нэрийн өмнөөс Мариа Фернанда Хералдес Риос, Хүний үнэ цэн, Хуулийн биелэлтийн соёлыг дэмжих зөвлөлийн ерөнхийлөгч Хесус Р.Алкантара Мендез, Хавьер Бенитез Гомез нар хүлээн авчээ.
Дээрхийн гэгээнийг зочид буудалд хүрэлцэн ирэх үед “Каса Төвөд”-ийн хүүхдүүд, Хуулийн биелэлтийн соёлыг дэмжих зөвлөлийн ажилтнууд, зочид буудлын ерөнхий менежер, Дээрхийн гэгээний Латин Америк дахь испани хэлний орчуулагч Герардо Аббоуд нар угтан авлаа.
2011 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө Дээрхийн гэгээн “Хууль засаглал хийгээд Хүний үнэ цэн” олон улсын III бага хуралд “Өгөөмөр, энэрэх сэтгэлээр энх тайвныг цогцлоох нь” сэдвээр гол илтгэлийг тавьж, хэвлэлийнхэнтэй товчхон уулзалт хийхээр төлөвлөжээ. Үүний дараа Дээрхийн гэгээн Мехико хот руу мордох юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










