Австрали улс, Перт хотод 2011 оны 6 дугаар сарын 19 (Цэрэн Кийнзом Дхонгдүгийн мэдээ)-ны өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Баруун Австралийн нийслэл Перт хотын Бурсвүүд Дом танхимд цугласан 14,500 үзэгчдэд илтгэл тавив. Тэрээр 2011 оны Австрали улсын айлчлалынхаа сүүлийн олон нийтийн уулзалтдаа “Орчин үе дэх сүнслэг байдлын төлөв” сэдвээр илтгэл тавьсан юм.
|
| Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам олон нийтийн илтгэлийн үеэр 14,500 гаруй үзэгчдэд хандан үг хэлж буй нь… Австрали улс, Перт хот. 2011 оны 6 дугаар сарын 19. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам цааш үргэлжлүүлэн “Бүх хүн төрөлхтөн ээжийнхээ хайр энэрлээс үүдэлтэй энэрэх сэтгэлийн чадвартай. Оюун ухаанаа зөв ашигласнаар бид энэхүү дотоод үнэт зүйлийн урт хугацааны ашиг тусыг ухамсарлан ойлгож чадна” хэмээн хэлэв.
Австрали улсад улам бүр түгээмэл болж буй уламжлалын дагуу нутгийн уугуул абориген эр Дээрхийн гэгээн XIV Далай ламын илтгэлийн нээлтийн үеэр “Welcome to Country” хүндэтгэлийн тоглолт толилууллаа. Дээрхийн гэгээн Австрали улсын абориген буюу уугуул иргэдтэй харьцах хандлагад анхаарал хандуулж, соёлоо хадгалж үлдэхийн зэрэгцээ орчин үеийн боловсрол эзэмшихийн төлөө хичээх ёстойг онцолсон юм.
Олон нийтийн илтгэлийн төгсгөлд “Далай лам Австралид” ХХК (Dalai Lama in Australia Ltd) хэмээх айлчлалын зохион байгуулагч байгууллага Дээрхийн гэгээнд мэдээлэл хүргэж, сүүлийн 11 хоногийн хугацаанд түүний айлчлал дөрвөн хотод нийт 65,000 үзэгчийг хамарсныг дурдав. Мөн 100,000 хүн түүний илтгэлийг онлайн шууд дамжуулалтаар үзжээ. Айлчлалын өмнөхөн эхэлсэн Дээрхийн гэгээний амьдралын замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дараагийн хэдэн долоо хоног үргэлжлэх юм. Мөн анх удаа Дээрхийн гэгээн Австрали улсын хамгийн өндөр рейтингтэй “MasterChef” реалити шоунд оролцох бөгөөд уг дугаар удахгүй цацагдах билээ.
Өдрийн хоолны үеэр Дээрхийн гэгээн Баруун Австрали улсын бизнес эрхлэгч удирдагчидтай уулзаж, Хятад улстай худалдааны хамгийн нягт харилцаа холбоотой мужийн төлөөлөгчидтэй уулзаж санал бодлоо хуваалцсан байна. Тэрээр мөн нутгийн төвөд, монгол, бутан иргэдийн төлөөлөлтэй уулзав.
|
| Зураг. “Далай ламд зориулсан дуунууд” тоглолтын үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам дуучин Лука Блүүмийн тоглолтыг үзэж буй нь… Австрали улс, Перт хот. 2011 оны 6 дугаар сарын 19. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL
|
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










