АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Дээрхийн гэгээн Далай лам дүйнхорын эрх авшгийн анхан айлдвараа эхлүүллээ. Энэ өглөө эртлэн дүйнхорын эрх авшгийн зэхэл үйлийг хөтлөн болгоох үүсгэл залбирлаа үргэлжлүүлэхээр Веризон төвд морилов.
![]() |
| Вашингтон хотод Дээрхийн гэгээн Далай лам кардинал Дональд Вюрлийн хамт... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 14. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Үдээс хойших хичээл эхлэхийн өмнө Вашингтон хотын Архидиоцезийн тэргүүн, кардинал Дональд Вюрл Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэхээр иржээ. Дээрхийн гэгээн, кардинал хоёр хэсэг хугацаанд уулзаад, дараа нь тайзан дээр гарч, кардинал мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Кардинал Вюрл Вашингтон хотын Архидиоцезийн нэрийн өмнөөс Дээрхийн гэгээний болон зочдын амар мэндийг айлтгаад, хамгийн анх 1970 онд Дээрхийн гэгээнтэй уулзаж байснаа мөн 1986 оны Ассизигийн шашин хоорондын дээд хэмжээний уулзалтад уулзаж байснаа дурсав. Тэрээр Дээрхийн гэгээний хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөөх зүтгэлийг биширдгээ илэрхийлэн, Вашингтон хотын хөтөлбөр саадгүй үргэлжлэхийн төлөө залбирч буйгаа хэлсэн юм.
Дээрхийн гэгээн Пап лам II Жан Паултай ойр дотно харилцаатай байдгаа дурдав. Мөн кардиналын дурдсан Ассизигийн уулзалтыг “Онцгой туршлага” хэмээгээд, “Өөр өөр шашин, өөр өөр ард түмэн, хүн төрөлхтөнд зүтгэх адил боломжтой гэдгийг тэр уулзалт дэлхийн сая сая хүнд үлгэрлэн харууллаа. ХХ зуун асар их цус урсгасан хүчирхийлэлтэй эрин үе байлаа. Харин ХХI зууныг энх тайвны зуун болгох нь бид бүгдийн хамтын хариуцлага болох юм” хэмээн онцоллоо.
“Мөн христийн шашин бурхны хүсэлд бүрнээ захирагдах түүнд өөрийгөө даатгах уламжлалтай бөгөөд уг шашны ахан дүүс боловсролд оруулсан хувь нэмрээрээ бүхий л шашнаас хамгийн ихийг хийсэн билээ. 1985 онд Швейцарт айлдсан дүйнхорын эрх авшгийн үеэр Ага Хан оролцож байв. Энэтхэгт болсон өөр нэг дүйнхорын эрх авшигт инду шашны багш хүрэлцэн ирж байлаа. Тэгвэл энэ өдөр Вашингтон хотод христийн шашны удирдагч зочилж буй нь шашны эв нэгдлийн бас нэгэн жишээ болж байна” хэмээн айлдав.
|
| Вашингтон хотын Веризон төвд болсон дүйнхорын эрх авшигт 10,000 гаруй хүн оролцов. АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 14. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Дээрхийн гэгээн кардиналыг ирсэнд нь талархлаа илэрхийлж, бурхан багшийн сэрэг дүр тэргүүт бэлгийн дээжийг барив. Тэрбээр “Би буддист биш хүмүүст Бурхан багшийг шашны бурхан талаас нь бус суут нэгэн сэтгэгч, гүн ухаантан хэмээн хүндэтгэж болно гэж хэлдэг” хэмээн өгүүлэв.
Үүний дараа тэрбээр дүйнхорын эрх авшгийн анхан айлдвараа эхлүүлсэн бөгөөд энэ нь бодьсадвагийн тангараг өргөх, шавь мандалд орж буйг дүрслэн бясалгах тэргүүт олон үе шатаас бүрдэж байв.
Дээрхийн гэгээн айлдварынхаа төгсгөлд маргаашийн хичээл шууд дамжуулагдахгүй болохыг мэдэгдсэн бөгөөд маргаашийн айлдвар нь дүйнхорын жинхэнэ эрх авшиг болох юм. Энэ нь Важраянагийн самгардийн нууц тангарагтай холбоотой тул багшийн өмнө биеэр сууж авах боломжтой аж.
Мөн энэ орой дүйнхорын эрх авүгийн мандлын үзэсгэлэнг олон нийтэд нээжээ.
АНУ-ын Засгийн Газрын Төвөдийн асуудал хариуцсан зохицуулагч, дэд сайд Мария Отэро үдээс хойшийн хичээлд оролцов.
Өнөөдөр ч мөн 10,000 гаруй сүсэгтэн оролцож, сүүлийн өдрүүдэд оролцогчдын тоо тасралтгүй өсөж байгаа бөгөөд 7 дугаар сарын 16-нд хамгийн олон сүсэгтэн цуглах төлөвтэй байна.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










