АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 16-ны өдөр. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ удаагийн айлчлалынхаа Вашингтон хотын сүүлийн өдрөө эхлээд олон нийтэд Цагаан дарь эхийн бат оршлын авшгийг айлдав. Үүний дараа зохион байгуулагчдын зүгээс Дээрхийн гэгээн XIV Далай ламд зориулсан бат оршил өргөх ёслолыг үйлдлээ.
Калон Трипа Самдан ринбүүчи Дээрхийн гэгээн XIV Далай ламын ариун чанар, хүн төрөлхтний төлөө хийсэн зүтгэл хийгээд олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээн авч ирсэн үнэлэмжийн талаар уншиж айлдлаа.
![]() |
Вашингтон хотод болсон бат оршил өргөх ёслолын үеэр Калон Трипа профессор Самдан ринбүүчи Дээрхийн гэгээнд тахил өргөж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 16. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL |
Дээрхийн гэгээн бат оршил өргөх ёслолын төгсгөлд талархлын үг хэлж, “Шашны байр сууриас харахад багшийн насан буян шавь нарын хүсэл зорилго, итгэл сэтгэлтэй тодорхой холбоотой байдаг. Сүүлийн хэдэн өдөр багш шавийн хооронд бий болсон холбоо, халуун дулаан сэтгэл нь багшийн насны буянтай холбогдоно” гэдгийг хэллээ.
Дээрхийн гэгээн өөрийн хамгийн эрхэм залбирал болох Шантидевагийн сургаалын “Огторгуй оршиж, амьд амьтан орших хүртэл би ч бас оршин, ертөнцийн зовлонг нимгэлэх болтугай” хэмээх мөрийг дахин уншив.
Зарим хүн түүнтэй уулзсаны дараа тодорхой ашиг тус хүртдэгийг дурдан, энэ нь өөрийг нь урт наслах урам зориг болдог хэмээв. Мөн өөрийгөө 76 настай ч эмч нь “Чи залуу өвчтөн” гэж хэлдэг хэмээн хошигнож, сонсогчдыг баясгасан юм.
Дээрхийн гэгээн айлдварыг оролцогчид машид анхааралтай сонсож буйг үнэлэн, хэдхэн өдрийн айлдвар багахан зүйл гэдгийг хэлэв. “Гэвч хүн бүр амьдралаа утга учиртай болгохын төлөө хичээх ёстой. Энэ нь дараа төрөлд итгэх эсэхээс үл хамааран нэн чухал юм. Амьдралын зорилго гэдэг бол энэрэх сэтгэлтэй, утга учиртай амьдрах явдал билээ. Амьдралыг нууцлаг талаас нь авч үзвэл, энэ удаагийн айлдварын үеэр бий болсон сүнслэг үр удам зөвхөн энэ амьдралаар тогтохгүй олон олон зууны турш үргэлжилнэ” хэмээн айлдлаа. Тэрээр энэ олон хүнийг үргэлж санаж явах болно гэдгээ илэрхийлэв.
Далай лам “Энэ дэлхийн эгэл нэгэн хүмүүн” гэж тодорхойлоод, нэгэн хүний жаргалтай амьдрал бүх дэлхийгээс шалтгаалдаг тул хүн бүр дэлхийн хэмжээнд нухацтай сэтгэх хэрэгтэйг сануулжээ.
Үүний дараа Гарчэн ринбүүчи Дээрхийн гэгээнд Төвөдийн эзэн хаадын түүхийн англи хэвлэл (Дрикунг Чецан ринбүүчи) номыг өргөн барив.
Тус айлдварыг зохион байгуулсан “Capital Area Tibetan Association”-ийн ерөнхийлөгч Калден Лодой арга хэмжээг хааж, үг хэлэв. Тэрээр дэлхий дахины мөргөлдөөн, байгалийн гамшгийн үед энэрэх сэтгэлтэй, эв нэгдлийн эерэг хүчийг бий болгохыг хүссэнээ хэлэв. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хуримтлагдсан бүх буяныг хамаг амьтны сайн сайхны төлөө, ялангуяа АНУ-ын ард түмэн, улс орны төлөө зориулж буйгаа мэдэгдэв. “Дээрхийн гэгээн таны энэхүү айлдвараар хуримтлуулсан энэрэх сэтгэл, хайр халамжийн үр хүн бүрийн сэтгэлд урган дэлгэрч, дэлхийг илүү сайхан болгохын ерөөлийг өргөе” хэмээв.
|
| “Дэлхийн энх тайвны дүйнхорын эрх авшиг 2011” арга хэмжээг хааж үг хэлж буй Калден Лодой. АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 16. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Тэрээр Дээрхийн гэгээн болоод оролцогчдод олон нийт ихэд анхаарч байсан тул тасалбарын борлуулалт, бүх төрлийн хандив их хэмжээгээр цугларсныг дуулгав. Санхүүгийн урьдчилсан тооцооллоор орлого 5.99 сая ам.доллар, зарлага 4.04 сая тул ойролцоогоор 1.95 саяын ашиг гарсан аж. Үүнээс 500,000 ам.долларыг Дээрхийн гэгээний Тамгын газрын зааврын дагуу Канадын Торонто хотын Төвөд, Буддын судлалын төв байгуулахад зориулжээ.
Үлдсэн хөрөнгийг дараах 3 ангилалд хуваана. 30%-ийг олон улсын буяны, хүмүүнлэгийн байгууллагуудад шилжүүлэх бөгөөд үүнд Зүүн Африкийн өлсгөлөнгийн хямрал, Японы цунамигийн дараах тусламж, Вашингтон хотын Орон гэргүй хүмүүст туслах байгууллагууд, Booker T. Washington Public Charter School, Humane Society нийгэмлэгт зориулах юм. Дараагийн 30%-ийг “Capital Area Tibetan Association”-д oлон нийтийн боловсролын болоод соёлын төслийн суурь хөрөнгө болно. Үлдсэн 40%-ийг “The Dalai Lama Trust” санд зориулах юм. 2009 онд байгуулагдсан энэхүү сан нь төвөдийн ард түмний боловсрол, соёл, залуу удирдагчдыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, сүнслэг ёсны яриа өрнүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмждэг уг байгууллага билээ.
Дараа нь Хойд Америкийн төвөдүүдийн нэрийн өмнөөс Калон Трипа Самдан ринбүүчид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов. Төлөөлөгч Лувсан Няндак Зайүл танилцуулгадаа түүнийг “Төвөдийн ард түмний төлөө өөрийгөө умартан зүтгэсэн” учир шагнах болсон тухай уншлаа. Мөн Энэтхэгт докторын зэрэг хамгаалж буй 5 төвөд оюутанд олгох “Самдан ринбүүчи” тэтгэлгийг байгуулахыг мэдэгдэв.
Хойд Америкийн Төвөдийн парламентын гишүүн Норбу Цэрэн, Дики Чоянг нар “Шинэчлэл хийгээд шинийг эрхэмлэх удирдагч” шагналын үгсийг төвөд, англи хэлээр уншив.
Үүний дараа Дээрхийн гэгээн Цагаан ордонд морилж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай 45 минутын хугацаанд уулзсан. Ерөнхийлөгч 2 охиноо түүнд танилцуулжээ. (Доорх уулзалтын тайланг тусад нь үзнэ үү).
Өдрийн зоогийн дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам NBC сувгийн хөтлөгч Энн Карритай ярилцсан бөгөөд ерөнхийлөгч Обаматай уулзсан тухай, ирээдүйн тодруулга, хойд дүр, Төвөд, Хятадын харилцааны талаар ярилцжээ. Энэ ярилцлага 7 дугаар сарын 18-нд “Today Show” нэвтрүүлгээр цацагдах аж.
|
Дээрхийн гэгээн Далай лам, Намжил хийдийн лам нар дүйнхорын эрх авшгийн элсэн мандлын нэгэн хэсгийг Вашингтон хотын Анакостиа мөрөнд өргөж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 16. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Үүний дараа Дээрхийн гэгээн Веризон төвд зочилж, дүйнхорын эрх авшгийн элсэн мандлыг задлах ёслолыг удирдан болгоолоо. Мандлын нэгэн хэсгийг Вашингтон хотын зүүн өмнөд дүүргийн “Yards Park”-ийн Анакостиа мөрөнд өргөж, учир шингээсэн бөгөөд төвөдүүдийн үзлээр энэ нь тухайн гол мөрнийг адислаж ариусгаж буй хэрэг билээ.
Дараа нь Веризон төвд буцан ирж, хаалтын залбирал үйлдээд, зочид буудалдаа буцав.
Дээрхийн гэгээн 2011 оны 7 дугаар сарын 17-нд Вашингтон хотоос Чикаго хот руу мордож, Теософийн нийгэмлэгийн зохион байгуулах “Шашны хуваагдлын асуудалд...” сэдэвт хоёр өдрийн хөтөлбөрт оролцох юм. Хөтөлбөрийг эндээс шууд үзнэ үү.
http://iclips.net/watch/dalai-lama-public-talk
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










