Австрали улс, Мельбурн хот, 2011 оны 6 дугаар сарын 12 (Цэрэн Кийнзом Дхонгдүгийн мэдээ) - Дээрхийн гэгээн XIV Далай ламын Мельбурн дэх дөрөв дэх өдөр ажээ. Tэрээр өнөөдөр Төвөд, Монгол болон Бутанаас зорин ирсэн иргэдийн төлөөлөлтэй олон нийтийн уулзалт хийлээ. Оролцогчдод хандан “Бид XXI зууны буддистууд байх ёстой. Үүгээр би Бурхан багшийн номлолыг бүрэн ухан ойлгох хэрэгтэй гэдгийг онцолж байна” гэв.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 12-нд Австралийн Мельбурн хотод Tөвөд, Бутан, Mонгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж буй нь. Австрали улс, Мельбурн хот. 2011 оны 6 дугаар сарын 12. Гэрэл зургийг: Расти Смюарт/DLIAL
Тэрээр Австрали улсад амьдарч буй төвөд хүмүүсийг өв соёлоо хадгалж үлдэхэд онцгой анхаарал хандуулахыг уриалав. “Бидний эх орноосоо дүрвэн амьдарч байгаа нөхцөл байдал бол байгалийн гамшиг эсвэл иргэний дайнтай холбоогүй. Харин бид эх орноо гадаадын түрэмгийллээс болж орхисон. Бидний үүрэг бол өөрсдийн эртний агаад баялаг өв соёлоо амьд авч үлдэх явдал юм” хэмээн Дээрхийн гэгээн хэлэв. Улс төрийн эрх мэдлээ шилжүүлсэн тухай аливаа таамгийг няцааж, Дээрхийн гэгээн төвөд олонд хандан “Намайг эх орноосоо нүүр буруулаагүй гэдэгт итгэлтэй байгаарай. Би энэхүү шийдвэрийг төвөд ард түмний эрх ашгийн төлөө гаргасан” хэмээн хэллээ.
Дээрхийн гэгээн дараа нь “Бодь мөрийн зэрэг” айлдварынхаа хоёр дахь өдрийг эхлүүлэхээр мордов. Мэргэн ухааны тухай есдүгээр бүлгийг тайлбарлаж дууссаны дараа тэрээр нэг дүгээр бүлгийн “Бодь сэтгэлийн ач тус”, дөрөв дүгээр бүлгийн “Хариуцлагатай байдал”, найм дугаар бүлгийн “Tөвлөрөл, бясалгал” гэсэн сэдвийг тайлбарлаж эхэллээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Австрали улсын Мельбурн хотод айлдварын үеэр судар уншиж буй нь... Австрали улс, Мельбурн хот. 2011 оны 6 дугаар сарын 12. Гэрэл зургийг: Расти Смюарт/DLIAL
Дээрхийн гэгээн хоосон чанар, нирваан, дөрвөн үнэн болон буддын шашны бусад гол үзэл санааны талаар дэлгэрэнгүй тайлбарлан ярилаа. Ийн төвөд, англи хэлээр хоршуулан ярьж тайлбарлах нь буддын багшийн хувьд багшлах арга зүйн гайхамшигт авьяасаа дахин нэгэнтээ харуулж, эдгээр гүн ухааны ойлголтыг төвөд болон өрнийн сэтгэлгээнд тохируулан орчин үеийн хөрсөнд буулгаж, ойлгомжтой нь аргагүй тайлбарлав.
Өдрийн зоогийн үеэр Дээрхийн гэгээн хятад залуус, буддистууд болоод ардчиллын төлөөх идэвхтнүүдтэй уулзсан байна. Тэдний дийлэнх нь Мельбурн хотод байрлах “Хятад-Төвөдийн Найрамдлын Бүлэг”-ийн гишүүд бөгөөд Дээрхийн гэгээн өмнөх айлчлалынхаа үеэр зөвлөсний дагуу уг бүлгэмийг байгуулсан ажээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хятад сүсэгтнүүдийн халуун дотно хандлагад сэтгэл ихэд хөдөлсөн байлаа. Хятад эмэгтэйчүүд төвөд хэлээр залбирал дуу дуулжээ өглөө. Дээрхийн гэгээн уг залбирлыг бага ахуй наснаасаа хойш өдөр бүр уншиж ирсэн гэдгээ хэллээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 12-нд Австрали улсын Мельбурн хот дахь “Хятад-Төвөдийн Найрамдлын Бүлэг”-ийн гишүүдтэй уулзаж буй нь… Австрали улс, Мельбурн хот. 2011 оны 6 дугаар сарын 12. Гэрэл зургийг: Расти Смюарт/DLIAL
Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөд болон Хятадын харилцаа 1000 гаруй жилийн түүхтэй хэмээлээ. Буддын шашны хувьд бурхан багшийн сургаал Хятад улсад Төвөдөд дэлгэрэхээс өмнө цэцэглэн хөгжиж байсан тул хятад хүмүүс бол Буддагийн ууган шавь нар гэв. Mөн Дээрхийн гэгээн Төвөдийн улс төрийн нөхцөл байдлын талаар Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэй орших нь зүй хэмээн эрэлхийлж буй байр сууриа дахин бататган “Бид энэ асуудлыг нөхөрлөл хийгээд харилцан хамтын эв нэгдэлт арга замаар шийдэх ёстой” хэмээн хэлсэн байна.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хятад иргэдэд хандан “Төвөдийн жинхэнэ ардчиллыг хэрэгжүүлж чадсанаа Хятадын Засгийн газарт харуулахад тун бахархалтай бай хэмээгээд Хятадын Коммунист Нам 60 жил ийн засагласан тул одоо уг засаглалыг халах цаг нь хэдийн ирсэн” гэв.
Гэсэн хэдий ч Дээрхийн гэгээн нэг шөнийн дотор Хятад улс ардчилсан орон болно хэмээн хүлээхгүй байгаагаа тодотгов. Тэрбээр “Хятад бол том гүрэн бөгөөд ардчилалд дасаагүй. Энэ замд аажмаар шилжин явах нь зөв бөгөөд эхний алхам нь төрийн ил тод байдлыг хангах явдал байх ёстой. Энэ нь мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөөгөөр эхлэх хэрэгтэй” хэмээжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










