Австрали улс, Канберра хот, 2011 оны 6 дугаар сарын 13 (Цэрэн Кийнзом Дхонгдүгийн мэдээ)- Дээрхийн гэгээн XIV Далай лам Мельбурн хотод “Бодь мөрийн зэрэг”-ийн айлдвараа өндөрлөлөө. Сүүлийн гурван өдрийн хугацаанд нийт 4,500 хүн уг айлдварыг сонссон байна. Австралид анх удаа Дээрхийн гэгээний айлдварыг интернетээр шууд дамжуулжээ. Гайхалтай нь 32,000 хүн цахимаар шууд үзсэн байна. Мөн бямба гарагийн олон нийтийн уулзалтад 6,000 хүн биечлэн оролцож, хотын төвд байрлах Федерацийн талбайд 5,000 хүн том дэлгэцээр шууд дамжуулан үзжээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 13-нд Мельбурн хотоос хөөрч Канберра хотын нисэх онгоцны буудалд бууж буй нь... Австрали улс, Канберра хот. 2011 оны 6 дугаар сарын 13. Зураг: Расти Стюарт/DLIAL
Дээрхийн гэгээн айлдварынхаа сүүлийн өдрийг бурханы шашны үндсэн ойлголтууд болох Дөрвөн үнэн, үйлийн үрийн тухай хийгээд шүтэн барилдлагын тухай тайлбарлаж эхлүүллээ. Дараа нь тэрээр айлдвар сонсож буй сүсэгтэн олонд бодьсадвын санваар хайрлаж, энэ санваарыг өдөр тутам сахихыг зөвлөв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Гэм уналыг наманчлахуй”, “Бодь сэтгэлийг төрүүлэхүй”, “Тэвчээр”, “Урам зориг”, “Бясалгал”-ын бүлгийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Идэвхтэй сонсогчдын асуултад хариулан хэлэлцүүлэг хийн айлдвараа өндөрлөв.
Австралид буй хятад иргэдтэй харилцаагаа бататгах хүрээнд Дээрхийн гэгээн XIV Далай лам “SBS Mandarin Service” радиод ярилцлага өгөх цаг гаргасан байна.
Түүнийг үдээс хойш Канберра хотод онгоцоор ирэхэд нь Энэтхэгийн элчин сайдын яамны ахлах төлөөлөгч нисэх онгоцны буудалд нь угтан авчээ. Мөн тус хотын 70 гаруй төвөд оршин суугч зочид буудалд ирэхэд нь хүндэтгэл үзүүлсэн байна.
Дээрхийн гэгээн маргааш Австрали улсын нийслэл хотод шахуу хөтөлбөртэй байх аж. Дээрхийн гэгээнд зориулж Парламентын хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ үеэр тэрбээр Австрали улсын гол гол улс төрийн намын гишүүдтэй уулзана. Үүний дараа дахин олон нийтийн уулзалттай бөгөөд бүх тасалбар нь аль хэдийнээ зарагдсан ажээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










