АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 15-ны энэ өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам айлдлаа.
![]() |
Вашингтон хотод Дээрхийн гэгээн Далай лам дүйнхорын эрх авшгийн айлдварыг айлдаж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 15. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Дээрхийн гэгээн эхлээд шашин шүтэх, эс шүтэх хийгээд буддист байх эсэх нь хувь хүний өөрийн сонголт болохыг онцлов. “Гагцхүү хүн өөрөө сайн дураараа бурхны шашинд сонирхолтой болж орвол энэ нь үнэн сэтгэл агаад бодит хичээл зүтгэл шаардах юм. Зүгээр л бурхан багшийг дотроо санаад байвал тэр бүхнийг зохицуулна хэмээн бодох нь буруу ташаа ойлголт бөгөөд бурхан багш өөрөө “Хариуцлага бол бясалгал үйлдэгчийн өөрийнх билээ” гэж айлдсан байдаг”.
Дараа нь тэрбээр дүйнхорын эрх авшгийн утга учрыг тайлбарлав. Энэхүү авшиг нь Дээд иогийн тарнийн аймгийн номын (Ануттарайога тантра) ангилалд багтдаг тул тарнийн аймгийн номын ёсыг зөв ойлгохын ач холбогдол асар өндөр болохыг онцолсон юм. Жишээ нь, тарнийн аймгийн номын дадлага нэрийн дор “чөлөөтэй хурьцах” нь маш аюултай зүйл болохыг анхааруулав.
|
| Дээрхийн гэгээн Далай ламын дүйнхорын эрх авшгийн гол шавь нар... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 15. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Тэрбээр айлдварынхаа төгсгөлд “Номын айлдварт оролцсон хүмүүс сэтгэл санааны тодорхой хэмжээний аз жаргалтай байдалд орсон байж мэднэ. Энэ эерэг төлөв байдал нь нийгэмд хүртээмжтэй энерги бий болгож чадах билээ” хэмээн айлдлаа.
Мөн оролцогчдыг хэчнээн буян хураасан, төдий чинээгээр нийгэм, олон нийтийн сайн сайханд өргөн дэлгэрээр зориулахыг уриалав. Ялангуяа дэлхийн эдийн засгийн хямрал болоод АНУ-ын үүнд үзүүлж буй нөлөөг дурдав.
Дээрхийн гэгээн “Би бээр амьдралынхаа туршид АНУ-ыг ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн тэргүүлэгч улс хэмээн бишрэн явдаг билээ. Тиймээс оролцогчид энэ буян номоо АНУ эдийн засгийн бэрхшээлээс даван гарч, чөлөөт ертөнцийн манлайлагч хэвээр үлдэхийн төлөө зориулж болох юм” хэмээн айлдав.
2011 оны 7 дугаар сарын 16-нд Дээрхийн гэгээн бат оршил өргөх ёслолын авшиг хүртээж, дараа нь Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах төлөвлөгөөтэй аж.
Дүйнхорын эрх авшгийн айлдварт төвөд төдийгүй Албани, Аргентин, Австрали, Австри, Бангладеш, Бельги, Бутан, Бразил, Камбож, Канад, Чили, Хятад, Дани, Эквадор, Франц, Гватемал, Герман, Их Британи, Голланд, Исланд, Энэтхэг, Индонез, Ирланд, Итали, Япон, Латви, Малайз, Мальта, Мексик, Монгол, Шинэ Зеланд, Португал, ОХУ, Сан Марино, Сингапур, Испани, Шри Ланка, Швед, Швейцарь, Тайвань, Тайланд, Украин, АНУ, Венесуэл, Вьетнам тэргүүт 40 гаруй орноос сүсэгтэн олон иржээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










