АНУ, Вашингтон хот, 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Веризон төвд морилж, Дүйнхорын вангийн бэлтгэлийг үргэлжлүүллээ. Өнөөдөр Намжал хийдийн лам нар Дүйнхорын вангийн хот мандал бүтээх ажлыг бодитоор эхлүүлэх бөгөөд өдөр шөнөгүй ээлжилж ажиллан мандлаа гүйцээнэ. .
|
| Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Намжал хийдийн лам нартай хамт Дүйнхорын вангийн бэлтгэлийн үеэр залбирал үйлдэж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 8. Зураг: Дэнзэн Чойжор/OHHDL |
Уг ёслолд сүсэгтнүүд заавал оролцох шаардлагагүй байсан ч олон хүн хуран цуглажээ. Зарим нь хийдийн дотор зам дагуу гороолон уламжлалт мөргөлийг үйлдэж, зарим нь бясалгал үйлдэн залбирч байлаа.
Үдээс хойш Дээрхийн гэгээн бэлтгэл ёслолоо дуусгаад Rolling Stone сэтгүүлд зориулан гэрэл зурагчин Марк Селигэрээр зургаа авхуулав. Сэтгүүлийн 7 дугаар сарын 20 болон 22-ы өдрүүдийн хэвлэгдэх дугаарт зохиолч, кино зохиолч Мелисса Мэтисон Дээрхийн гэгээний улс төрийн эрх мэдлээ шилжүүлсэн тухай нийтлэл бичиж байгаа аж.
Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам Дүйнхорын ван зохион байгуулах хорооны гишүүдтэй уулзаж, хорооны дарга Галдан Лодой олон сар шаргуу ажиллаж байж энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй талаар онцлов. “Ван хүртээл ёслол дөнгөж эхэлж байгаа хэдий ч бүх зүйл зохих ёсоороо бүтэж байна. Гагцхүү бид хурааж буй буян хишгээ хувьдаа бус нийгмийн сайн сайхны төлөө зориулах ёстой. Ийм хандлага гаргаж чадвал ‘Дэлхийн энх тайвны төлөөх Дүйнхор ван айлдах нь’ нэрэндээ үнэхээр нийцэх болно” хэмээн Дээрхийн гэгээн хэлжээ.
|
| Зураг. Намжал хийдийн лам нар Дүйнхорын вангийн элсэн хот мандал бүтээж эхэлж буй нь… АНУ, Вашинготн хот. 2011 оны 7 дугаар сарын 8. Зураг: Дэнзэн Чойжор/OHHDL |
Mөн “Санхүү хөрөнгө цуглаж байгаа тул өмнө нь ижил төстэй арга хэмжээний үеэр гарч байсан зүй бус зарцуулалтаас сургамж авч, энэ удаад ил тод, хариуцлагатай бүртгэл хөтөлж, хөрөнгийг зориулалтын дагуу, үнэ цэнтэй үйл хэрэгт зарцуулах нь нэн чухал” хэмээн Дээрхийн гэгээн онцлон анхааруулсан байна.
Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам зочид буудалдаа буцжээ.
2011 оны 7 дугаар сарын 9-ний өглөө эрт Дээрхийн гэгээн Дүйнхор ван айлдварын бэлтгэлийн ёслолоо үргэлжлүүлээд дараа нь АНУ-ын Конгрессын урд талбайд “Дэлхийн энх тайвны төлөө” сэдвээр илтгэл тавина. Энэ үйл явдлыг Radio Free Asia шууд дамжуулах юм.
Үдээс хойш тэрээр зэхэл айлдваруудаа эхлүүлэх бөгөөд www.dalailama.com болон www.kalachakra2011.org цахим хуудсаар шууд дамжуулах болно.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










