Япон улс, Каназава хот. Дээрхийн гэгээн ХIV Далай лам Токио хотын Окура зочид буудалд хийсэн хоёр өдрийн хэлэлцүүлгийн дараа зочид буудлын өрөөндөө танилууд, шинэ зочидтой уулзаж ярилцжээ.
Дараа жил Японы нэгэн их сургуульд зочлох урилгыг хүлээн авч, “Оюутнуудтай уулзахдаа баяртай, таатай байх болно. Учир нь тэд дэлхийн ирээдүйг тодорхойлох шинэ үе. Шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран хүн бүр сэтгэлийн амар амгаланг хүсдэг. Амар амгалан гаднаас ирдэггүй, харин бидний дотроос хөгждөг зүйл. Амгалангий эх булаг мөнгө, эрх мэдэл бус, бидний дотоод хүч. Тиймээс бид дотоод үнэт зүйлсээ илүү анхааран, хөгжүүлэх шаардлагатай билээ” хэмээн айлджээ.
Токио MX телевизийн сурвалжлагч Дээрхийн гэгээний Япон улсын эрдэмтэдтэй хийсэн 2 өдрийн хэлэлцүүлгийн талаар асуухад Далай лам “Би бээр үүнийг сайны эхлэл гэж үзэж байна. Дараагийн хэлэлцүүлэгт “Mind&Life Institute”-ийг оролцуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хариулсан аж.
“Япон улс уламжлал ёсоор буддист орон байсан бөгөөд Зүрхэн судар унших, ямар нэгэн зан үйлд оролцох нь дангаараа хангалттай бус, харин буддын шашныг илүү гүнзгий судлах нь чухал хийгээд үүнийг буддын шашин, буддын гүн ухаан мөн буддын шинжлэх ухаан хэмээх гурван үндсэн ангилалд хуваан судалж болно. Бид оюун ухаанаа хамгийн дээд зэргээр ашиглаж гэмээн өөрийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг эерэг сэтгэл хөдлөл болгон хувиргаж болох билээ” хэмээн тайлбарлав.
Саяхан япон хэлнээ орчуулагдсан “Beyond Religion” буюу “Шашнаас ангид” нэртэй шинэхэн номдоо өгүүлсэн дэлхий нийтийн ёс суртахууны зарчмын талаар асуухад Дээрхийн гэгээн “Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Үнэндээ тэдний ихэнх нь шашин шүтлэгт онц сонирхол үгүй. Шашин шүтлэгтэй хэмээдэг хүмүүс хүртэл заримдаа авилгал, ёс бус явдал хийгээд бусад буруу үйлдлээс үл зайлсхийх нь ч буй. Энэ нь тэдний дотоод итгэл үнэмшил, хүнлэг ёсны суурь үнэлэмж сул байгаатай холбоотой. Эдгээр суурь үнэт зүйлс бол теист, атеист байхаас үл хамааран аль шашинд ч нийтлэг зарчим бий. Тиймээс бид хүн төрөлхтөнд нийтлэг, амьдралын туршлага, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд суурилсан энэ ёс зүйг түгээх шаардлагатай” хэмээн айлдсан билээ.
Нар гийсэн Токиогоос ниссэнээс хойш удалгүй өтгөн хар үүлсийн дундуур ниссээр Японы Хоншү арлын зүүн эргийн Комацү нисэх буудалд буулаа. Дээрхийн гэгээн шиврээ борооноор Каназава хотыг зорив. Түүнийг Бушшокай төвд ирэхэд тус төвийн ахмад настнууд, залуус үеийн гишүүд баяртайгаар угтан авлаа. Дээрхийн гэгээн Каназавад 2 өдрийг амсхийх завсарлага болгон өнгөрүүлэх аж.










