АНУ, Вашингтон хот, 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам эхлээд Дүйнхорын ван айлдах газартаа очиж, урьдчилсан бэлтгэлийн ёслолоо үргэлжлүүлэв. Дараа нь тэрээр Конгрессын талбайд морилон ирж, олон нийтэд энх тайвны тухай айлдлаа.
|
| Зураг. Намжил дацангийн лам нар Капитол Хиллийн баруун хэсэгт Дээрхийн гэгээнийг морилохоос өмнөхөн залбирал үйлдэж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 9. Гэрэл зургийг: Дэнзэн Чойжор/OHHDL |
Дээрхийн гэгээн XIV Далай ламыг морилохоос өмнө Намжил дацангийн лам нар орон газрыг аравнайлж, дараа нь АНУ дахь “Вашингтон хотын Төвөдийн нийгэмлэг”-ийн нэрийн өмнөөс Бүжүн Цэринг ард иргэдэд хандан мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Конгрессын холбогдох байгууллагуудад энэхүү арга хэмжээг дэмжсэнд талархал илэрхийлжээ. Үүний дараа Энэтхэг улсаас ирсэн Tөвөдийн Урлагийн Хүрээлэнгийн (TIPA) уран бүтээлчид тусгай бүжиг толилуулсан байна.
Дараа нь жүжигчин, телевизийн уран бүтээлч Вүүпи Голдберг тайзан дээр гарч нээлтийн үг хэлжээ. Тэрээр “Энд энх тайвныг тэмдэглэн нэгэн зорилготой цугларч байгаадаа баяртай байна” хэмээн онцлов.
Голдберг хатагтай, дуучин Скайлар Грэйг урив. Тэрээр “Coming Home” дуугаа дуулсан байна. Үүний дараа Арчбишоп Дэсмонд Тутугийн Дээрхийн гэгээний 76 насны төрсөн өдөрт илгээсэн баярын мэндчилгээг дэлгэцээр гаргав.
|
| Зураг. Капитол Хиллийн баруун талбайд Гялва Гармапа, Tөвөд иргэдийн парламентын дарга Пэнпа Цэринг мөн Tөвөдийн төв захиргааны шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангай нар Дээрхийн гэгээнийг тайзнаа залж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 9. Гэрэл зургийг: Дэнзэн Чойжор/ OHHDL |
Голдберг хатагтай Дээрхийн гэгээн XIV Далай ламыг танилцуулж, тайзан дээр Гялва Кармапа, Tөвөдийн парламентын дарга Пэнпа Цэринг мөн Tөвөдийн төв захиргааны шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангай нар угтан авчээ.
Илтгэлдээ Дээрхийн гэгээн дотоод амар амгаланг бүтээхийн ач холбогдлыг онцолж, эдгээр үзэл санаагаа олон нийттэй хуваалцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. “Хүн шүтлэгтэй байх эсэхээсээ үл хамааран аз жаргалтай, амжилт бүтээлтэй байхыг хүсдэг. Гэвч энэ бүгд дотоод амар амгалангаас шалтгаалдаг. Хэтэрхий их айдас, үл итгэх байдал, уур хилэн зэрэг нь сэтгэлийн амар амгаланг үгүй хийдэг боловч шашин шүтлэгээс үл хамааран дотоод тайвныг өөрийн оюун санаагаар бий болгох боломж хүн бүрд бий. Хүний үнэт зүйлсийг дээдлэх, шашны эв нэгдлийг дэмжих хоёр гол үүрэг хүлээсэн билээ би. Хүмүүс сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, бие махбодын хувьд бүгд адилхан. Хорвоод мэндэлсэн мөчөөсөө эхлээд хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй. Гэвч бид заримдаа дотоод үнэт зүйлсээ үл тоомсорлодог” хэмээн тайлбарлажээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Конгрессын баруун талбайд орчуулагч, доктор Tүвдэн Жинпагийн хамт илтгэл тавьж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 9. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор/OHHDL |
Mөн тэрээр шашны эв нэгдлийг дэмжих талаар “Миний багахан туршлагаас үзвэл бүх шашин дотоод амар амгаланг бий болгох чадвартай. Тиймээс шашин хоорондын нягт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Амьдралд үргэлж асуудал байна. Гагцхүү асуудал нь хоёр янз бий; бие махбодын буюу мэдрэхүйн түвшний, оюуны түвшний” хэмээн тайлбарлав. Тэрээр 16 настайдаа улс төрийн хариуцлага үүрч, 1959 онд Хятад улсын эзлэн түрэмгийлэлээс үүдэн 24 насандаа эх орноо алдаж, эх нутагтаа эрх чөлөөтэй амьдрах аргагүй болсон ч сэтгэлийн амар амгалангаа алдаагүй тухайгаа дурсав. Тэрээр “Хэт их уур, айдас нь дархлааны системийг сулруулдаг бөгөөд цаг ямагт ‘би’ эсвэл ‘бидний эсрэг тэд’ хэмээн ялгаж боддох хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл өндөр байдаг. Харин энэрэх сэтгэлтэй, бусдыг боддог хүмүүс илүү эрүүл байдаг” хэмээн эрдэмтдийн судалгааг эш татав.
Нэмээд “Дотоод амар амгаланг бий болгохын тулд өөртөө итгэлтэй байх, дотоод хүчийг хөгжүүлэх хэрэгтэй. Хүн бүрийн аз жаргал бусдын аз жаргалаас хамаардаг болохыг ухамсарлан ойлгох ёстой. Энэрэх сэтгэл, өршөөлийг зөвхөн шашинтай хүмүүст хамааралтай гэж бодох нь буруу. Хүн шашин шүтдэггүй ч аз жаргалтай байж чадна. Энэрэх сэтгэлийг зөвхөн бусдын төлөө гэж ойлгох нь бас буруу буюу хамгийн түрүүнд түүний ашиг тусыг хүртэх хүн нь та өөрөө юм. Гадаад биш дотоод үзэсгэлэн илүү үнэ цэнтэй. Гэр бүлийн харилцаа ч дотоод гоо сайхныг үнэлж чадсан тохиолдолд илүү бат бөх, аз жаргалтай байдаг” хэмээн онцолж хэлэв.
|
| Зураг. Мянга мянган хүн АНУ-ын Конгрессын баруун талбайд Дээрхийн гэгээний айлдварыг сонсохоор хүрэлцэн иржээ… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 9. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор/OHHDL |
Дээрхийн гэгээн энэрэх сэтгэлийг дадуулах нь бодит байдлыг ойлгож, аливааг бодитой харахад оршдог хэмээн тайлбарлаад VIII зууны их гэгээнтэн Шантидевагийн “Хэрэв асуудалд шийдэл байгаа бол санаа зовох хэрэггүй; хэрэв шийдэл байхгүй бол санаа зовох ямар ч хэрэггүй” гэсэн сургаалыг иш татаж, уг хандлага нь хамгийн бодитой хэмээжээ.
Илтгэлийнхээ үеэр Дээрхийн гэгээн Конгрессын ордныг заан “Бага наснаасаа л би Америк улсын ард түмэнд хүндэтгэлтэй ханддаг байсан. Энэ улсад эрх чөлөө, эрх тэгш байдал, хууль ёсны засаглал болон ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг хөгжүүлж ирсэн нь үнэхээр бишрэм хэрэг” хэмээн хэлэв.
Үүний дараа Вүүпи Голдберг дахин тайзан дээр гарч, олон нийтээс асуусан асуултыг дамжуулав. Олны дундаас 14 настай хүү “Энх тайвныг хэрхэн дэлгэрүүлэх вэ?” гэж асуув. Дээрхийн гэгээн хариуд нь “Миний үеийнхэн 20 дугаар зуунд харин та нар 21 дүгээр зуунд хамаарна. Тиймээс оюуны хөгжлөө тууштай эрхэмлэхийн зэрэгцээ халуун дулаан сэтгэлийг давхар хөгжүүлэх хэрэгтэй” хэмээжээ.
|
| Зураг. Конгрессын барилгын баруун талбайд Вүүпи Голдберг (баруун гарт буй) олон нийтээс ирүүлсэн асуултыг Дээрхийн гэгээн Далай ламд дамжуулж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 9. Гэрэл зургийг: Дэнзин Чойжир /OHHDL |
Дээрхийн гэгээн Америк улсын түүхэнд Абрахам Линкольн боолчлолыг халж, Мартин Лютер Кинг иргэний эрхийн төлөө тэмцсэний үрээр өнөөдөр АНУ өнгөт арьст ерөнхийлөгчтэй болсон нь асар их амжилт хэмээн онцоллоо.
Хоёр дахь асуулт сургалтын орчны талаар байсан бөгөөд Дээрхийн гэгээн “Ёс суртахуун болон үл хүч хэрэглэх үзлийг дэмжих нь чухал. Үнэн ба энэрлийн хүч буу зэвсгийн хүчнээс хавьгүй илүү” хэмээн хэлэв.
Гурав дахь асуулт нь “52 жил эх орноосоо дүрвэн амьдарсны дараа Tөвөд нутагтаа буцна гэж найддаг уу?” гэсэн байв. Дээрхийн гэгээн эергээр “Хятад улс өөрчлөгдөж байна. Эрх чөлөө, ардчилал, хууль ёсны дуу хоолой улам нэмэгдэж байна. Ерөнхий сайд Вэнь Жябао өөрөө ч улс төрийн шинэчлэлийг дэмжсэн. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам аливаа бүхэн өөрчлөгдөнө” хэмээн хариуллаа.
Сүүлийн асуулт “Эрх мэдэлтнүүд иргэдийн үгийг сонсохгүй бол яах вэ?” гэсэн байв. Дээрхийн гэгээн “Иргэд өөрийн дуу хоолойг илэрхийлэх бүх боломжоо ашиглаж байх хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн үед илүү няхуур бодож хандах нь чухал. Алдаа дутагдалтай ч ардчилсан тогтолцоо бол хамгийн сайн тогтолцоо юм” гэж хэлээд өөрөө эрх мэдлээ “сайн дураараа, баяртайгаар” шилжүүлсэн тухайгаа дурдлаа.
|
| Зураг. Дээрхийн гэгээнийг илтгэлээ өндөрлөсний дараа Mайкл Фицпатрик хуур дарж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 9. Гэрэл зургийг: Дэнзин Чойжир |
Дээрхийн гэгээний илтгэлийн дараа хөгжимчин Майкл Фицпатрик “Дэлхийн энх тайвны залбирал” бүтээлээ сонордууллаа.
Дараа нь Дээрхийн гэгээн Веризон төвд буцаж очин Дүйнхорын вангийн урьдчилсан айлдваруудаа үргэлжлүүлэв. Буддын шашны үндсэн сургаалын талаар дэлгэрэнгүй тайлбар хийсний дараа Ачарья Камалашилагийн “Бясалгалын шатлал” гарын авлагыг тайлбарлалаа
7 дугаар сарын 10-нд Дээрхийн гэгээн “Ардчилсан Хятад улс ба Tөвөдийн ирээдүй” сэдэвт бага хуралд оролцож, үдээс хойш урьдчилсан айлдваруудаа үргэлжлүүлэх юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










