Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ өдөр Mонреал хотын Лонгёйль дүүрэгт байрлах Манзушри буддын төвд зочилсноор эхэллээ. Түүнийг Хэнсүр Лувсан Жамьян болоод төвөд, вьетнам сүсэгтнүүд хүндэтгэлтэйгээр угтжээ.
![]() |
Дээрхийн гэгээн Далай лам Лонгёйль дүүргийн Манзушри буддын төвд морилон ирж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Жан Марк Дюшен. |
Төвд хүрэлцэн ирэх үед нь Лонгёйль хотын дарга, хатагтай Каролин Сент Хилер мэндчилж, угталтын бичээст пайзыг гардуулан барив.
Үүний дараа Дээрхийн гэгээн нийт олонд хандан үг хэлжээ. Тэрбээр төвөд, вьетнам иргэд дэлхийн хаана ч байсан уламжлалт үнэт зүйлсээ хадгалан авч явааг харахад ихэд талархаж явдгаа илэрхийлэв. Дээрхийн гэгээн “Аль нэг ард түмэн өөрсдийн уламжлалт шүтлэгээ хадгалан хамгаалж, бат зогсох нь зөв. Жишээлбэл, иудей христийн уламжлалтай нийгэм өөрийн шашин шүтлэгээ хадгалах нь илүү тустай. Харин Азийн олон орон буддын шашинтай учир түүнийгээ уламжлан дагах нь зүйтэй. Ийм учраас Манзушри буддын төв нь буддын уламжлалыг хадгалах төдийгүй бусад шашин шүтлэг, уламжлалаас суралцах орон зай байж чадна” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр “Шашны эв нэгдэл үг хэллэгээр бус харилцан ойлголцол, бие биедээ хүндэтгэлтэй хандах бодит хүчин чармайлтаар бий болдог” хэмээсэн юм.
|
| Манзушри буддын төвд зочилсон сүсэгтэн олон Дээрхийн гэгээний айлдварыг сонсож буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Дорж. |
Дээрхийн гэгээн төвөд, вьетнам ард түмэн санскрит уламжлалын буддын шашинд хамаарах бөгөөд “Зүрхэн судар”-ыг уншдаг хэмээв. Тэрээр судрын тарни болох “Гатэ, Гатэ, Парагатэ…”-гийн утгыг тайлбарлаж, бурхан багшийн зам мөрд хүрэх таван үе шаттай холбогддог болохыг хэллээ.
Мөн “Амьтад ч бурханлаг мөн чанартай, хүн төрөлхтөн ч мөн тэгж төрсөн билээ. Гэхдээ хүнийг бусдаас ялгадаг нь оюун ухаан бөгөөд тэр оюун ухаан эхний шатны хөгжлийг илэрхийлдэг. Иймээс зөвхөн залбиралд найдаж ханах бус бурхны шашны ном судрыг гүнзгий судлах хэрэгтэй” хэмээн өгүүлэв.
Дараа нь Дээрхийн гэгээн тэнд цугласан төвөд хүмүүст зориулан төвөд хэлээр айлдвар айлдлаа. Тэрбээр төвөдийн ард түмнийг өөрсдийн баялаг өв соёлоо үнэлж, уламжлалаа нандигнахыг уриалан, “Шашны хаадын үеийг төвөдийн түүхэн дэх хамгийн дээд цэцэглэлийн үе байсан билээ. Үүний дараагаар задралын үе ирж, эрх мэдэл нь сулран доройтсон хэдий ч төвөдийн ард түмэн хэзээ ч мөхөөгөөгүй юм шүү. Төвөдүүд бусдаас онцгой Наландрагийн уламжлалын судрыг бүрэн хэмжээгээр хийгээд өөрийн гэсэн хэлээр хадгалсаар ирсэн билээ. Харин энэ хэлээ цаашид хадгалж чадах эсэх нь өөр асуудал. Цаг хугацааны уртад төвөдийн ард түмэн олон бэрхшээл сорилттой нүүр тулсан ч тэдний зориг, шийдэмгий чанар хэзээ ч мохоогүй юм. Tөвөдийн ард түмэнд өөрсдийн буддын шашны уламжлалаа гүн судалж, ойлгох хэрэгтэй. Хятадын эрх баригчид нэгэн цагт буддын шашныг мухар сүсэг хэмээн буруутгаж, орчин үеийн боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн өмнө удирдан чиглүүлэх хүчгүй болж мөхнө хэмээн ярьдаг байлаа. Гэвч өнөөдөр олон эрдэмтэн буддын шашны үзэл санаанд анхаарлаа улам ихээр хандуулж, тухайн үед Хятад улсын өгч байсан дүгнэлттэй огт нийцэхгүй байгааг онцолсон юм”.
|
Дээрхийн гэгээн Манзушри буддын төвд... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Дорж. |
Тэрбээр төвөдүүдэд хандан Хятад улсын ард иргэдийн дунд төвөдийн асуудлыг дэмжих хандлага өсөн нэмэгдэж буй бөгөөд сүүлийн жилүүдэд олон хятад эрдэмтэн, уран бүтээлчтэй уулзаж буйгаа ярив. Өнөөдөр Хятадын Засгийн Газар ард түмэндээ худал хэлж, ард түмэн төрдөө худал хэлдэг болсон гаж тогтолцооны тухай ч дурдав.
Дээрхийн гэгээн төвөд ахмадад өөрсдийн амьдралын туршлага, түүн дундаа Хятад улсын эрх баригчдын дор амьдарч байсан бодит байдлаа бичиж үлдээхийг зөвлөв. Ингэснээр залуу үе тэдний үнэн бодит түүхийг мэдэж, ухаарал олох боломжтой. Харин залуу төвөд олон нийт хэл бичиг, үндэснийхээ хэлний боловсролд онцгой анхаарахыг уриаллаа. Тэрбээр Герман улсад байхдаа нэгэн төвөд хүүтэй төвөдөөр чөлөөтэй ярилцаж байснаа дурсаад, Америкт зарим төвөд гэр бүлийн хүүхдүүд гэртээ зөвхөн англиар ярьдаг болсон тухай сонсож байснаа өгүүлэв.
Дээрхийн гэгээн улс төрийн эрх мэдлээ шилжүүлэн өгөх шийдвэрийнхээ талаар тайлбар хийв. “Өмнө нь лам нарын удирддаг байсан засаг захиргаа одоо ард иргэдийн удирдлагатай ардчилсан тогтолцоо руу шилжсэн нь миний олон жилийн хүсэл мөрөөдөл биелсэн хэрэг” хэмээв. Тэрбээр энэхүү шийдвэрээ зарлаад, шинэ Калон Трипа тангараг өргөсний дараа тайван, амгалан нойрсож чадсан тухайгаа хошигнон өгүүлэв. Түүнчлэн зарим хэвлэл мэдээлэл түүний энэхүү шийдвэрийг Хойд Африкийн ардчилсан хөдөлгөөнүүдээс улбаатай мэтээр бичсэнийг залруулж, “Би багаасаа л ардчиллыг эрхэмлэдэг байсан билээ” хэмээн онцлов.
|
| Дээрхийн гэгээн XIV Далай лам Лонгёйль дүүргийн Манзушри буддын төвд айлдвар айлдаж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Дорж. |
Дээрхийн гэгээн мөн Долгиал шүтэх асуудлын талаар ярьж, “Төвөдийн ард түмний дийлэнх нь энэ асуудлын талаар баримталж буй байр суурийг нь эергээр хүлээн авдаг. Зарим хүн энэ асуудлын талаар Хятад улсын коммунистуудын хүч дэмжлэгт найдах хандлагатай байдаг ч миний баримталж буй байр суурь бол төвөдийн буддын шашны бүх уламжлалыг дагагч нийт төвөд зоны нийтлэг сайн сайхны төлөө чиглэгдсэн юм” хэмээн онцоллоо.
Эцэст нь Дээрхийн гэгээн цугласан олонд хандан, “Тэд XXI зууны буддист байх ёстой. Хуучин хэвшмэл байдлаар зөвхөн залбиралд найдаж, сэтгэл ханах ёсгүй. Харин үүний оронд буддын шашны тухай бүрэн бүтэн ойлголттой болох хэрэгтэй. Үүний тулд хүн оюун ухаанаа ашиглан суралцах нь зайлшгүй чухал билээ” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн үүний дараа “Дэлхийн олон шашны олон улсын II xурал” болж буй “Palais des Congres” танхим руу мордов. Эхлээд хэвлэлийнхэнд айлдвар өргөлөө. Тэрбээр өмнө нь Монреал хотод айлчлах үеийнхээ сайхан дурсамжийг хуваалцаж, тухайн үед сургалтын хөтөлбөрт оролцож байсан багш нартай уулзаж байснаа дурдав. Дараа нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дэмжих, шашны эв нэгдлийг бэхжүүлэх зорилтуудаа тайлбарласан юм. “Хэвлэлийнхэн энэ асуудалтай шууд холбоотой биш ч нийгмийн сайн сайхны төлөө эдгээр үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй” хэмээжээ.
|
Дээрхийн гэгээн Mонреал хотод хэвлэлийнхэнд хандан үг хэлж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Дорж. |
Дээрхийн гэгээн “Хүмүүс радио, сониноос ихэвчлэн хүн амины хэрэг, мөнгө, сөрөг мэдээлэл сонсож, уншиж ирсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд ёс суртахууны үнэт зүйлсийн ач холбогдлыг ойлгуулах шаардлага улам их байгааг харуулж байна. Түүнчлэн үүнийг шашин хоорондын ялгаа хийгээд маргаангүй хэрэгжүүлэхийн тулд өөрийн арга барилыг нийтлэг байдлаар буюу хүн бүрд нээлттэй, төвийг сахисан хэлбэрээр хэрэгжүүлдэг билээ.
Авлига бол хүн төрөлхтний нийгмийг гутааж буй шинэ төрлийн өвчин мэт болчхоод байна. Авлига хүний төрөлхтний мөн чанарт байдаг зүйл биш гэдгийг хүмүүс ойлгох ёстой” хэмээн айлдав. Энэтхэг улсын Жодпур хотод болсон арга хэмжээний үеэр нэг оюутан түүнд “хэрэв хүн авлигад орооцолдохгүй л бол амжилтад хүрэх боломжгүй” гэж хэлэхэд үнэхээр цочирдсон тухайгаа дурсав. Үүнтэй адилаар Мумбай хотын арга хэмжээнд нэгэн хүн түүнд “Авлигагүйгээр бизнес амжилттай явна гэж үгүй” гэж хэлсэн тухай ч ярив. Дээрхийн гэгээн “Энэтхэг улсын Гандийн үзэл санааг дагасан Анна Хазарегийн эхлүүлсэн авлигын эсрэг хөдөлгөөнийг дурдаад, түүний арга барил зөв буруу эсэхээс үл хамааран гаргасан захиас нь цаг үеэ олсон юм” хэмээжээ.
Канад улсын “Хүндэт иргэн” цол хүртсэнтэй холбогдуулан Канад улсыг “Миний улс” хэмээгээд, “Хэвлэл мэдээллийнхэн энэ нийгмийг түүн дотроо улс төрчид, удирдагчдыг сайтар судалж, олон нийтэд мэдээлэн, эрүүл, цэвэр нийгмийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй билээ” хэмээн айлдсан юм.
|
Хэвлэл мэдээллийн салбарынхан Mонреал хотод Дээрхийн гэгээнтэй уулзаж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Жан Марк Дюшэн. |
Дээрхийн гэгээн саяхан Шинэ Дели хотод болсон нэгэн арга хэмжээг дурсав. Дээрхийн гэгээн тэнд оюутнуудтай уулзсан бөгөөд олон оюутан түүнд бохир улс төрөөс өөрсдийгөө холдуулж байгаа тухайгаа хэлжээ. Дээрхийн гэгээн үүнийг буруутгаж. “Улс төр бохир биш. Түүнийг хэрэгжүүлж буй хүмүүс бохир байх. Улс төр амин чухал шаардлагатай зүйл бөгөөд түүнийг орхиж зугтаахын оронд бохир зүйлийг нь цэвэрлэхэд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Уур амьсгалын өөрчлөлт болон Төвөд дэх Канад улсын уул уурхайн компаниудын талаарх асуултад Дээрхийн гэгээн “Экологийн асуудал бол маш ноцтой асуудал. Хэрэв улс төрийн алдаа гарсан бол засаж болно. Харин экологийн хор хохирол учирвал нэгэнт сүйдсэн байдаг бөгөөд засах боломжгүй шүү дээ. Зарим хятад эрдэмтэн төвөдийн өндөрлөгийн байгаль орчны ач холбогдлыг “Гурав дахь туйл” хэмээн нэрлэж, онцлон дурсан байсан юм. Дэлхийн дулаарал дэлхийн бусад бүсэд 0.1 байхад төвөдийн өндөрлөгт 0.3 байгаа бөгөөд энэ нь дэлхий даяарх онцгой үер, Африк, Энэтхэгийн усны хомсдол зэрэгтэй холбоотой байж болох билээ” хэмээн хариулжээ. Мөн Франц улсын ерөнхийлөгч асны гэргий Даниэль Миттеран ундны усны асуудлаар хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан тухай ч дурдав.
“Хятад улсын ерөнхий сайд Жу Рунжи асан ойн мод тайрахыг зогсоох тушаал өгч байсан ч дараа нь авлига, орон нутгийн удирдлага, бизнесийн сонирхлын хуйвалдааны улмаас модыг асар ихээр тайрах явдал үргэлжилсээр байна. Төвөд дэх канадын уул уурхайн компаниуд экологич, эрдэмтэн, мэргэжилтнүүдийг авч явж, газар дээр нь судалгаа хийлгэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ёстой. Хэрэв тэд зохих арга хэмжээ авахгүй бол энэ нь Канад улсын хувьд нэр хүндийн сүйрэл болно” хэмээн хариулсан юм.
Дээрхийн гэгээн мөн өөрийн эрх мэдлээ шилжүүлсэн шалтгаан, шашны байгууллагуудыг төрийн байгууллагаас тусгаарлах шаардлагын тухайд тайлбарлав. Дараа нь арга хэмжээг зохион байгуулагчид болоод салбар хуралдааны илтгэгчидтэй уулзан, “Энх тайвныг ёс зүйн замаар...” сэдэвт үг хэлэхээр тайзан дээр гарав.
|
Дээрхийн гэгээн Mонреал хотод болж буй “Дэлхийн олон шашны олон улсын II xурал”-д үг хэлж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Жан Марк Дюшэн. |
Тэрбээр шашны эв нэгдлийг хангах насан туршийнхаа тууштай зорилгын талаар ярив. Аль ч орон улсад айлчлахдаа олон шашны арга хэмжээнд оролцдог бөгөөд тодорхой нөлөөлдөг мэт санагддагаа ч хэлэв. Өмнө нь Австрали улсад болж байсан олон шашны арга хэмжээнд оролцох үеэр христийн өөр өөр урсгалын төлөөлөгчид нэгэн дор цугласан байжээ. Төлөөлөгчид Дээрхийн гэгээнд “Энэ арга хэмжээ болох хүртэл бид бие биетэйгээ бараг харилцдаггүй байлаа” хэмээж байв.
Далай лам “Өөр өөр шашны уламжлалууд бие биетэйгээ илүү нягт харилцах шаардлагатай. Шашны нэрийн өмнөөс үүссэн мөргөлдөөн олон байгаа нь үнэхээр харамсалтай. Ёс суртахууны эх булаг байх учиртай шашин өөрөө асуудлын эх үүсвэр болж хувирч буй нь эм хэрэглэхийн оронд эм өөрөө өвчин үүсгэж байгаа мэт шүү дээ. Шашны нэрийн өмнөөс гарч буй зөрчлүүдийг хоёр ангилалд хувааж болно. Нэг нь шашин өөрөө шалтгаан биш, харин эрх мэдэл болоод улс төрийн сонирхлоос үүдсэн зөрчил. Нөгөө нь “нэг шашин, нэг үнэн” гэх үзэл баримтлалаас шалтгаалсан зөрчил. Өнөөгийн олон соёл, олон шашинт ертөнцөд ийм үзэл хязгаарлагдмал байдлаар харах хэвшмэл ойлголт билээ. Хүмүүс бие биетэйгээ илүү ойр харилцах тусам бусад шашны уламжлалын үнэ цэн, утгыг ойлгож эхэлдэг. Төвөдийн туршлагыг жишээ болгон дурдахад өнгөрсөн үед Лхаст мусульман хүмүүс байсан ч төвөд буддистууд тэднийг сайн наймаачид л гэж мэддэг атлаа шашин шүтлэгийнх нь талаар мэддэггүй байжээ. Харин Энэтхэг улсад ирснийхээ дараа би Кашмирт очиж, мусульман эрдэмтэдтэй уулзсанаар исламын талаар өөрөө илүү сайн ойлголттой болсон юм. Испанийн Барселон хотод нэгэн католик ламтай уулзаж байв. Тэр лам хайрлах, энэрэх сэтгэлийн тухайтад ууланд 5 жил бясалгал хийсэн даяанч нэгэн байж. Би бээр түүний зорилго, эрмэлзэлтэй гүн санал нийцэж, ижил мэдрэмж төрж байлаа”.
Дээрхийн гэгээн шашны олон уламжлалын нийтлэг талыг тодотгов. “Бүх шашны сургаал хайрлах, энэрэх сэтгэл, уучлах, хүлээцтэй байх, өөрт хяналт тавих, сахилга батыг эрхэмтлэх тэргүүт адил үнэт зүйлд тулгуурладаг. Буддын шашинд өөрт төвлөрөх хандлагыг бууруулахын тулд “би”-г үгүйсгэх үзлийн бясалгалыг хийдэг. Харин бурхант шашнуудын хувьд бурханд итгэх туйлын итгэл ойр дотно байдлыг төрүүлж, улмаар бурханд бүрэн даатган захирагдах байдлыг бий болдог нь мөн адил өөрт төвлөрөх байдлыг багасахад нөлөөлдөг билээ. “Нэг үнэн, нэг шашин” хэмээх ойлголт нь “олон үнэн, олон шашин” хэмээх ойлголттой эсрэгцэх мэт санагдах ч чухамдаа хувь хүний түвшинд “нэг үнэн, нэг шашин” хэмээгч нь утга учиртай байдаг. Харин нийгмийн түвшинд бол бодит байдал нь олон үнэн, олон шашны оршихуй тул “олон үнэн, олон шашин” гэдэг зарчим зайлшгүй шаардлагатай юм. Энэ хуралд өөр өөр шашны уламжлалыг дагадаг хүмүүс хүрэлцэн иржээ”.
|
| “Дэлхийн олон шашны олон улсын II xурал”-ын үеэр Дээрхийн гэгээн үзэгчдийн асуултад хариулж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Дорж. |
Асуулт, хариултын үеэр нэгэн хүн “Шашин сайн зүйл авчирдаг уу?” гэж асуухад Дээрхийн гэгээн тун эергээр хариулав. “Заавал шашныг баримталдаг байх албагүй. Гэхдээ үнэнч сэтгэлээр дагаж мөрдвөл ихээхэн тустай. Mөн “хагас авлигатай, хагас бурханд залбирдаг” байх боломжгүй” хэмээн хариулжээ. Заримдаа зориг нь мохож, ганц хүн хийж барахааргүй мэт санагдах үе байдаг эсэхийг асуухад Дээрхийн гэгээн “Ийм үедээ би асуудлыг их өргөн хүрээнд тунгаахыг хичээдэг. Асуудлыг хүмүүс л бий болгодог бөгөөд үүнийг даван туулах ёс суртахуун мөн хүнээс л эхэлж, гэр бүлдээ хийгээд бусдад, улмаар нийгэмд хүртэл тэлдэг билээ. Ийм өргөн өнцгөөс харах аваас ганц хүн ч гэсэн юу чадах вэ гэдэгтээ итгэх боломжтой болдог юм” хэмээн тайлбарлав.
Шашны ойлголтыг хэрхэн хамгийн үр дүнтэй нэмэгдүүлэх талаар асуухад Дээрхийн гэгээн өөрийн оролцож буй ийм төрлийн хурал, уулзалт ихээхэн ач холбогдолтойг онцлов. Тэрбээр АНУ-ын Вашингтон хотын Үндэсний Катедралд болсон 9 дүгээр сарын 11-ний аймшигт явдлыг дурсах арга хэмжээнд оролцсоноо дурсав. “Тэр үед зарим нэг мусульман хуний үйлдлээс болж исламын бүх уламжлалыг буруутгаж, дайсагнаж байсан нь шударга бус явдал байв. Ямар ч шашны уламжлалд зальтай, үймээн таригч хүмүүс байдаг бөгөөд хүмүүс хаа сайгүй айдас, уур хилэн, атаа жөтөө, үл итгэлцэл, жигшил зэвүүцэл зэрэг ижил сэтгэл хөдлөлийн саадтай тулгардаг юм. Ухамсар, урт хугацааны ашиг сонирхол, бодлоо тэлэх хийгээд хүний оюуны чадавхаа зөвөөр ашиглах замаар бид сүйтгэх шинжтэй сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах боломжтой билээ” хэмээв.
|
Монреал хотын Palais des Congres төвд болсон “Дэлхийн олон шашны олон улсын II xурал”-ын үеэр... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Сонам Жоксанг. |
Дээрхийн гэгээн хүн бүр хийж чадах байгаль орчноо хамгаалах энгийн аргын талаар ярив. Өөрийн өдөр тутмын дадлаасаа жишээ татан ийн хэлэв. “Би ус хэмнэхийн тулд онгоцонд ус дүүртэл хийж хэвтдэггүй. Зөвхөн шүршүүрт л ордог. Мөн өрөөнөөс гарах бүрдээ гэрлээ заавал унтраадаг. Цахилгаан хэмнэх нэгэн арга байж болох юм”.
Энэхүү хурлыг Макгиллийн Их Сургууль, Монреалын Их Сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Канадын Дээрхийн гэгээний сан, “Энхийн төлөө залуусын шатрын тэмцээн”, Канадын Экуменик төв, Монреалын Гадаад харилцааны зөвлөл, “Брайн Бронфман” сан, Вилл Мари радио, Тони Блэрийн итгэлийн сан, Энхийн тойрог тэргүүт байгууллагууд дэмжин оролцжээ.
Дээрхийн гэгээн хурлын дараа буудалдаа очиж, өдрийн зоог барив. Өдрийн зоогийн дараа Канадын Төвөдийн хорооноос зохион байгуулж буй нийт олонд зориулсан арга хэмжээ болох Юниприкс цэнгэлдэх хүрээлэнг зорив. Цаг агаар жаахан сэрүүн байлаа. Дээрхийн гэгээнийг цэнгэлдэхэд морилон ирэхэд Канадын Төвөдийн хорооны гүйцэтгэх захирал Дермод Трэвис болон бусад ажилтнууд түүнийг угтан авсан юм.
Дээрхийн гэгээн “Дэлхийн иргэншил бол бүх нийтийн хариуцлага” сэдэвт илтгэлдээ хүний үнэт зүйлсийг дэмжих, шашны эв нэгдлийг бэхжүүлэх хоёр амлалтаа тайлбарлав.
|
Дээрхийн гэгээн сүсэгтэн олонтой мэндчилж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Дорж. |
Дээрхийн гэгээн 1973 онд Европт хийсэн анхны айлчлалынх нь тухай сэтгүүлч Марк Таллиг асуухад, “Би эгэл нэгэн учир илүү олон газар үзэхийг хүсдэг” хэмээн хариулж байснаа дурсав. “Хувь хүний түвшинд бид бүгд ижил сэтгэл хөдлөлтэй, оюун санааны хувьд ч адил билээ. Эрт цагт бид арьс өнгө, шашин шүтлэг зэрэг хоёрдогч танигдах хэв шинжид хэт анхаардаг байсан ч энэ цаг үед дэлхийн эдийн засагт хил хязгаар гэж үгүй, байгаль орчны нөлөө үндэстэн дамжин тархдаг болсон тул бодит байдлыг ойлгох шаардлагатай болжээ.
ХХ зууныг цусан далай болгож, цөмийн зэвсэг ч хэрэглэсэн бөгөөд ХХI зууны эхэнд тохиосон таагүй үйл явдлууд нь ХХ зууны хайхрамжгүй байдлын үр дагавар билээ. ХХI зуун бол яриа хэлэлцээрийн зуун байх ёстой агаад энэ бол тун боломжтой зүйл шүү. Энэ зуунд зэвсэггүй, цэргийн хүч хэрэглэхгүйгээр энэ дэлхийг байгуулах боломжтой гэж тун их найддаг билээ. Хүчирхийлэл асуудлыг шийддэггүй гэдгийг бид хэдийн ойлгосон тул бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэх шаардлагатай. Бид асуудлаа хуваалцахад бэлэн байх хэрэгтэй бөгөөд үүний тулд илүү ухамсартай, илүү боловсролтой байх хэрэгтэй.
Энх тайван гэдэг үйлдлээр бий болдог зүйл. Харин жинхэнэ бүтээлч үйл нь хүсэл эрмэлзлээс хамаарна. Хүсэл эрмэлзэл өөрөө өөртөө итгэх итгэлээс шалтгаалдаг бол өөртөө итгэх итгэл нь нигүүсэл, энэрэх сэтгэлээс төрдөг билээ” хэмээн байлдав. Тэрбээр Энэтхэг улсын Бихар мужид болсон нэгэн үйл явдлыг дурсав. Тэнд шинэ сүмийн нээлтийн үеэр мужийн захирагч “Бурхны адислалын хүчээр манай муж хөгжинө” гэхэд Дээрхийн гэгээн “Хэрэв зөвхөн бурхны адислал л хангалттай байсан бол энэ газар хэдэн мянган жил адислагдсан тул хэдийн хөгжсөн байх ёстой. Нэн чухал зүйл нь адислалыг хэрэгжүүлэх чадвартай сайн захирагчийн өөрийн үйл ажиллагаа билээ” хэмээсэн гэлээ.
|
Монреалын Юниприкс цэнгэлдэх хүрээлэнд болсон айлдварын үеэр Дээрхийн гэгээн асуултад хариулж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Жан Марк Дюшен. |
Дээрхийн гэгээн “ХХ зууны төгсгөл хэсгээс эхлэн чинээлэг орнуудад амьдардаг хүмүүс материаллаг хөгжил дотоод амар амгаланг авчирдаггүйг ойлгож эхэллээ. Судлаачид сэтгэл хөдлөл тархитай холбоотой гэдгийг анзаарч, сэтгэл хөдлөлийг гүнзгий судлах болжээ. Сүүлийн 20, 30 жилийн турш эрдэмтэд оюун санааг судлан шинжилж байна”.
Мөн нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүргийг онцлохдоо удирдлага манлайллын түүхийг дурдав. “Эртний хүн төрөлхтний түүхэнд бүх хүн тэгш эрхтэй байсан тул удирдагч гэх ойлголт байсангүй. Хүн ам өсөж, тариалангийн амьдрал эхлэх үед удирдлагын ойлголт гарч иржээ. Тэр үед боловсрол гэж байсангүй. Хүч чадлын улмаас эрчүүд давамгайлж эхэлжээ. Харин боловсрол чухал болохын хэрээр энэрэх нинж сэтгэлийн үнэт зүйлсийг илүү өгөөмөр хөгжүүлэх шаардлагатай болж эхэлсэн юм. Энэ тал дээр биологийн хувьд эмэгтэйчүүд илүү давуу байр суурьтай. Тэд бусдын өвдөлт, зовлонг илүү хурдан мэдэрч, илүү хүчтэй хариу үзүүлдэг билээ” хэмээн тайлбарласан юм. Дээрхийн гэгээн нэгэн шөнийн нислэгийн үеэр харсан зүйлээ ярьжээ. Эхэндээ гэр бүлийн хоёр хүүхдээ хамт асарч байсан ч удах тусам зөвхөн ээж нь л бүхнийг зохицуулан анхаарч, харин эцэг нь унтаад л байсныг дурсав. Тэрбээр ээжийнхээ энэрэх сэтгэлийн тухай ярьж, хамгийн анхны энэрэх сэтгэл эхээс улбаатай байдгийг тайлбарлав. Олон эмэгтэй гишүүнтэй Европын парламентын гишүүдтэй уулзахдаа тэднийг энэрэх сэтгэлийг идэвхтэй түгээхэд илүү үүрэг гүйцэтгэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн тухайгаа ч ярьсан юм.
Дээрхийн гэгээн мөн залуу үеийнхний үүргийн талаар өгүүлэв. “Бидний үеийнхэн хөгширч байгаа тул ирээдүйн нийгмийн чиглэлийг тодорхойлох хариуцлага залуучуудад ногдож байна. Тэд илүү эрүүл, илүү сайхан нийгмийг байгуулахын тулд бодлого, үзэл санаагаа нухацтай боловсруулах шаардлагатай билээ” хэмээн захив.
Үүний дараа Канад улсын мэргэжлийн хоккейн тамирчин асан Жорж Ларак нийт олноос ирсэн асуултуудыг уншив. “Бүх зүйлд дарагдаж, балмагдах үед хэрхэн өөрчлөлт хийх вэ?” гэсэн асуултад Дээрхийн гэгээн “Ямар ч нөхцөлд өөдрөг байх хэрэгтэй. Бодитой зорилго тавьж, үнэнг түших нь чухал. Уужим хүрээтэй, өргөн өнцгөөр харах шаардлагатай шүү”. Далай лам Төвөдийн жишээг татан, “Бид улс орноо алдсан. Тун гунигтай. Гэхдээ өөр өнцгөөс харвал энэ явдал биднийг явцуу сэтгэлгээнээс сэрээжээ. Шинэ мэдлэг, шинэ үзэл санааг суралцах боломжийг олгож” хэмээв.
Уугуул иргэд болоод төвөд хүмүүсийн тухай асуултад Дээрхийн гэгээн “Канад улсын уугуул түмэн эсвэл Шинэ Зеланд улсын маори хүмүүс бусад улс орнуудын уугуул иргэдээс илүү нөхцөл байдалтай байдаг мэт санагддаг. Төвөдөд 1959 оноос өмнө арьс өнгөөр ялгаварлах асуудал байсангүй. Харин одоо сургууль, албан байгууллага, бүр шорон хүртэл төвөд, хятадын асуудал үүсдэг болжээ” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлсон юм.
Дээрхийн гэгээн Хятад улсыг дөрвөн эринд хувааж ойлгодог тухайгаа ярив. “Мао Зэдуны эринд үзэл суртал давамгайлсан. Дэн Зяопингийн эринд баян болох зорилт идэвхэжсэн. Жян Зэминий эринд коммунист намын гишүүнчлэл нийгмийн бусад давхаргуудыг багтаахаар өргөжсөн. Харин Ху Жинтаогийн эринд эвт зохицолтой нийгэмд уриалсан юм шүү. Өнөөдөр Хятад улс ихэд өөрчлөгдсөн. Коммунизм нь хөрөнгө мөнгөний бодлоготой капитализмтай хосолсон “капиталист коммунизм” болсон. Энэ өөрчлөлт нь зарим салбарт хятадын удирдлагууд бодит байдалд нийцсэн илүү бодитой хандлага баримталж чадаж буйг харуулж байна” хэмээв.
|
Монреалд болсон арга хэмжээний үеэр Канад улсын тамирчин Александра Возняк Дээрхийн гэгээн Далай ламд теннисний ракет бэлэглэж буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Соннам Жоксанг. |
Илтгэлийн дараа ноён Ларак Канадын, тамирчин Александра Возняк, уран гулгагч Жоанни Рошет нарыг тайзнаа урив. Тэд Дээрхийн гэгээнд теннисний ракет бэлэглэж, оролцогчдод нийгмийн сайн сайхны төлөө ямар үйлдэл хийх талаар бодохыг уриалав. Тэд “Дэлхийн хаа ч бай, ямар ч нөхцөлд байдалд байсан эрх чөлөө, хүний эрхийн төлөө зогсож, юунаас ч ангид байж, шударга зарчмыг баримтлаарай. Дуу хоолойгоо өргөж чадахгүй төвөдийн өмнөөс дуугарч чадах хүн байгаарай” хэмээн үгээ өндөрлөв.
Дараа нь Дээрхийн гэгээн зочид буудалдаа буцсан билээ.
Дээрхийн гэгээн Далай лам 9 дүгээр сарын 8-ны өглөө Монреал хотоос Мексик улс руу хөдөлж, Америк тивийн аяллынхаа дараагийн хэсгийг үргэлжлүүлэхээр мордов.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










