АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17-ны өглөө Дээрхийн гэгээн Далай лам Вашингтон хотоос Чикаго хот руу мордов. Түүнийг Чикаго хотод хүрэлцэн ирэхэд Америкийн Теософийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Тим Бойд, айлчлалыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх продюсер Нина Шрёдер, Чикаго хотын Төвөдийн холбооны удирдлагууд хийгээд Чикаго хотод суугаа Энэтхэг улсын ерөнхий консулын газрын төлөөлөгч угтан авлаа.
![]() |
| Дээрхийн гэгээн XIV Далай лам Иллиной мужийн захирагч Пэт Күинний хамт... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17. Гэрэл зургийг Ричард Шей. |
Дээрхийн гэгээн үдийн дараа “Шашин хоорондын эв зохицол” сэдэвт айлдвараа айлдахаар Чикаго хотын Иллинойн Их Сургуулийн зүг мордов. Айлдвар болох газар Теософийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Тим Бойд Дээрхийн гэгээнийг угтан авав. Дээрхийн гэгээн эхлээд арга хэмжээний ивээн тэтгэгчидтэй, дараа нь Иллиной мужийн захирагч Пэт Күиннтэй мэндчиллээ. Дээрхийн гэгээн, захирагч хоёр тайзанд гарахаас өмнө хэсэг хугацаанд ярилцан суув.
Дээрхийн гэгээний тайзанд залрахын өмнө Чикаго хотын Төвөдийн холбооны залуу гишүүд “Аа Ка Ма” хэмээх дууг дууллаа. Энэ дуу нь Төвөдийн орлогч II Дарма Ринчен Лхамо Латсо нуурын бясалгалын үеэр XIII Далай ламын дараагийн дүрийг тодруулахаар хайж байх үедээ зүүдэндээ харсан гурван үсгийг (а, ка, ма) дурсан санасан агуулгатай бөгөөд үүний дагуу одоогийн XIV Далай ламыг эцэст нь олж тодруулжээ.
|
Америкийн жүжигчин Женнифер Бийлс Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлдварын өмнө InterFaith ARTreach Collaboration төслийг танилцуулж буй нь... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17. Гэрэл зургийг Ричард Шей. |
Дараа нь жүжигчин Женнифер Бийлс “InterFaith ARTreach Collaboration” төслийг танилцууллаа. Энэхүү санаачилгын хүрээнд дэлхийн 12 шашны бэлгэдлийг илэрхийлсэн дүрслэлийг шашны уламжлал бүрийг төлөөлсөн байгууллагууд бүтээжээ. Нийтдээ 200 гаруй уран бүтээлч энэхүү уран баримлын ажилд оролцсон байна.
Үргэлжлүүлэн Теософийн ийгэмлэгийн ерөнхийлөгч Тим Бойд тайзан дээр гарч, Дээрхийн гэгээн XIV Далай ламыг олноо танилцуулав. Тэрээр Дээрхийн гэгээн болоод Теософийн нийгэмлэгийн харилцааны түүхэн тоймыг өгүүлэв. Дээрхийн гэгээн 1956 онд, дараа нь 1959 онд Энэтхэг улсын өмнөд хэсгийн Адьярт орших Теософийн нийгэмлэгийн төвд зочилж байсныг дурсав.
Ерөнхийлөгч Бойд Дээрхийн гэгээний “Toward a True Kinship of Faiths” (Чин сүжгийг төрүүлэх нь) номдоо 1956 оны айлчлалыг дурссан хэсгээс эш татав. Тэр хэсэгт “1956 оны тэр айлчлалыг эргэн харвал Ченнайн (тэр үед Мадрас) Теософийн нийгэмлэгт зочилсон минь асар хүчтэй сэтгэгдэл үлдээжээ. Тэнд би дэлхийн олон шашны уламжлалын мэргэн ухаан хийгээд шинжлэх ухааныг нэгтгэн авч үзэхийг зорьсон хөдөлгөөний хүмүүстэй анх удаа биечлэн уулзаж билээ. Гишүүдийн дунд дэлхийн агуу шашнуудын өмнө нээлттэй байх, үнэн сэтгэлээсээ олон ургалч үзлийг нээлттэй сэтгэлээр хүлээн авах хандлагыг мэдэрсэн юм. Гайхамшигт тэр оронд залуу төвөд хуврагын хувиар гурван сар гаруй хугацаанд аялсны дараа 1957 онд Төвөдөд буцаж ирэхдээ өөр нэгэн болсон байлаа. Буддизмыг “цорын ганц үнэн шашин” хэмээн үзэж, түүний гадна бүхнийг дорд үздэг хязгаарлагдмал байр сууринд дахин тайван сууж чадахаа больсон байв” хэмээсэн байлаа.
|
Теософийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Тим Бойд Чикаго хотод Дээрхийн гэгээн Далай ламыг олноо танилцуулж буй нь... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17. Гэрэл зургийг Ричард Шей. |
Ерөнхийлөгч Бойд Дээрхийн гэгээнийг “Дэлхийн хамгийн агуу хүмүүсийн нэг билээ” хэмээгээд, агуу байдал нь хүн төрөлхтөнд нийтлэг байдаг чанарт суурилдгийг онцлов. Дараа нь тэр Дээрхийн гэгээнийг тайзанд урив.
Дээрхийн гэгээн Иллиной мужийн захирагч Күинн, түүний гэргийд мөн Женнифер Бийлс, ерөнхийлөгч Бойд нарт торгон хадаг өргөн барив.
Дээрхийн гэгээн айлдвартаа Энэтхэг улсын Теософийн нийгэмлэгийн төвд зочилж байснаа дурсан, тус нийгэмлэгийг машид үнэлдэг тухайгаа хэлэв. Мөн тэрээр 1893 онд дэлхийн шашны төлөөлөгчдийн “Parliament of the World's Religions”-д Энэтхэг улсын шашны нэгдлийг илэрхийлэгч Свами Вивекананда айлдвар айлдаж байсан Чикаго хотод, түүн дундаа Теософийн нийгэмлэгийн арга хэмжээнд үг хэлж буйдаа ихэд баярлаж буйгаа илэрхийлэв.
Дараа нь Дээрхийн гэгээн захирагч Күиннээс Иллинойс муж цаазаар авах ялыг халсан тухай дуулаад, машид баярласнаа ярив. Тэрбээр цаазаар авах ялыг устгаж, үл хэрэгсэх “Amnesty International”-ийн компанит ажлын дэмжигч гэдгээ илэрхийлэв. Мөн ихэнх шашинд “нүгэл”, “нүгэлтэн” хоёрын ялгаа гаргах ёстой хэмээн үздэг тухай дурдлаа. Нүглийг хүлцэх ёстой ч нүгэлтэнг уучлах, энэрэх хэрэгтэй хэмээн хэлэв.
|
Чикаго хотод болсон “Шашин хоорондын эв зохицол” нийтэд зориулсан айлдварын үеэр... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17. Гэрэл зургийг Ричард Шей. |
Дээрхийн гэгээн өөр өөр багш нар энхийн сайхан сүнслэг чанарууд, эв нэгдлийн тухай сургаалыг тодотгож ирсэн гэдгийг сануулав. “Мөнгө, эрх мэдлийн төлөө маргалдах нь тодорхой хэмжээнд ойлгомжтой байж болох ч шашны нэрийн дор зөрчилдөх нь тун ойлгомжгүй. Учир нь шашны зорилго бол дотоод амгаланг бий болгох явдал юм. Шашны нэр барьсан зөрчил мөргөлдөөн нь үнэндээ шашны сургаал бус эрх мэдэл, эд баялгийн шуналд үндэслэдэг. Шашны талаарх үл ойлголцлын ихэнх нь мэдлэг, ойлголт дутмагаас үүдэлтэй. Өөрийн жишээгээр хэлэхэд Төвөдөд байх үедээ өөрийн шашин, буддизмыг “хамгийн сайн”, бусдыг нь “дажгүй” гэж боддог байлаа. Харин Энэтхэгт ирээд, өөр уламжлалын хүмүүстэй, жишээлбэл, Пап лам Томас Мертон, Тереза эх нартай уулзаж ярилцсаны дараа бүх шашны ач холбогдлыг ухамсарлаж эхэлсэн юм” хэмээн тайлбарлав.
Тэрээр исламын шашны эрдэмтэдтэй хийсэн ярилцлагаа дурсахдаа тэд Жихадын “Хүний өөрийн доторх сүйтгэгч сэтгэл хөдлөлтэй тэмцэх үйл” хэмээн тайлбарласныг дурдав.
Дээрхийн гэгээн бүх шашинд хайр энэрэл, уучлал, хүлцэл, өөрийгөө барьж журамлах үзэл, ёс суртахууны зарчим, үнэн, шударга ёсыг хэрэгжүүлэхийг сургадаг талаар ярив. “Философийн түвшинд ялгаа бий ч бүх гол шашныг “бурхант шашинт” (theistic), “бурхангүй шашинт” (non-theistic) гэсэн хоёр ангилалд барагцаагаар хувааж үзэж болдог ажээ”.
|
| Дээрхийн гэгээн Далай лам Чикаго хотын Иллинойсын Их Сургуулийн айлдвар айлдаж буй нь... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17. Гэрэл зургийг Ричард Шей. |
“Энэ дэлхийд олон шашин зэрэгцэн орших шаардлагатай бөгөөд “нэг шашин, нэг үнэн” гэх ойлголт нь “олон шашин, олон үнэн” гэх ойлголттой зөрчилтэй мэт санагдаж болох ч хувь хүний түвшинд нэгдсэн нэг итгэл үнэмшилтэй байх нь зохимжтой байж болно. Харин нийгэм, олон нийтийн түвшинд олон шашин, олон үнэн зэрэгцэн орших бодит байдлыг үл тоомсорлож үл болно. Энэ танхимд олон шашны төлөөлөл болсон хүмүүс байгаа нь энэ бодит байдлын тод жишээ билээ. Хүн өвчлөхөд ганц эмээр бүгдийг эмчилж болдоггүйтэй адил өөр өөр хүнд өөр өөр сургаал, шашны хэлбэр тохирно. Харин сэтгэл бол биеэс хамаагүй нарийн төвөгтэй билээ” хэмээн айлдав.
Дараа нь Дээрхийн гэгээн хүний нийгмийн хөгжлийн талаар тайлбарлав. “Эхэндээ хүмүүс бүх асуудлаа залбиралд даатгадаг байлаа. Төвөд хүмүүс ч асуудлаа шийдэхийн тулд гол төлөв ёслол, зан үйлд найддаг байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шинжлэх ухаан, технологи хөгжиж, хүмүүс шинжлэх ухаанд илүү итгэх болсон юм. Гэвч ХХ зууны сүүлээс материаллаг хөгжил дан ганцаар бүх асуултын хариу биш гэдгийг ойлгож эхэлжээ. Үүнийг тайвшруулах эм, архи, хар тамхи зэрэгт донтох явдал, ялангуяа залуусын дунд газар авах болсон сэтгэлийн хоосрол, утга учиргүй байдлын илрэл” хэмээсэн билээ.
Дээрхийн гэгээн хүний сэтгэл санааны сайн сайхан байдал болоод биеийн эрүүл мэндийн хооронд ойрын холбоо байдгийг онцлов. Хэт их айдас, уур хилэн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй, харин сэтгэл санаа тайван, жаргалтай хүмүүс өвчнөөс хурдан эдгэрдгийг судалгаанууд харуулж байгааг дурдав.
Мөн тэрээр өөрийн гол хоёр амлалтын талаар дэлгэрүүлэн ярив. Эхнийх нь буддист хуврагын хувьд шашны эв нэгдлийг дэмжих, нөгөө нь энэ дэлхийн 7 тэрбум гаруй хүний нэгийн хувьд хүний нийтлэг үнэт зүйлсийг дэлгэрүүлэх амлалт ажээ.
|
| Дээрхийн гэгээн Далай лам Чикагогийн айлдварын үеэр үзэгчдийн асуултад хариулж буй нь... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17. Гэрэл зургийг Ричард Шей. |
Тэрбээр цааш нь “Энэтхэг, Хятад цаашлаад АНУ-д хүртэл авлигын асуудал хурцадмал хэмжээнд хүрч буйг дурдаад, “Авлига нь боловсрол дутсанаас бус ёс суртахууны үнэт зүйлс дутагдсанаас үүдэлтэй. Хүний үндсэн ёс суртахууны зарчим нь заавал шашинтай холбогдох албагүй. Харин хүн байхтай нь салшгүй холбоотой. Тиймээс шашин хоорондын маргааныг дагуулдаггүй бүх хүнд хамаарах “секуляр суртахуун” нь илүү дээр, хүнлэг нийгэм байгуулах гарц байж чадна хэмээн үзэж байна. Миний ойлгож буйгаар “секуляр” гэдэг нь Энэтхэг улсын уламжлалт тайлбартай адил бөгөөд шашныг үгүйсгэх утгатай бус, харин бүх шашинд хүндэтгэлтэй хандах гэсэн ойлголт юм” хэмээн айлдсан билээ.
Айлдвар өндөрлөхийн өмнө хөтлөгч, сэтгүүлч Билл Кёртисийн асуултуудад хариуллаа.
Шашин хоорондын өрсөлдөөний тухай асуухад Дээрхийн гэгээн “Энэ өрсөлдөөнийг эерэг, сөрөг гэж хоёр ангилж болно. Эерэг өрсөлдөөн гэдэг нь нэг хүн өөрөө хамгийн сайн байхыг эрмэлзэхдээ бусад хүмүүсийн адил түвшинд хүрэх боломжийг хаадаггүй өрсөлдөөн. Энэ нь машид сайн бөгөөд төвөд буддистуудын дунд ийм өрсөлдөөн бий. Өрсөлдөөнгүйгээр хөгжих боломжгүй билээ. Харин сөрөг өрсөлдөөн гэдэг нь өөрөө хамгийн сайн байхыг хүсэхийн зэрэгцээ бусдад саад учруулж, тэднийг доош нь хийхийг оролддог өрсөлдөөн юм” хэмээн тайлбарлав.
Барууныхны дунд буддизмын талаарх сонирхол нэмэгдэж буй шалтгааны тухайтад “Энэ асуултад барууныхан өөрсдөө хариулах нь зүйтэй” хэмээгээд, өөрийн баримталдаг байр суурийг тайлбарлав. Түүний үзэж буйгаар “Барууны уламжлалт шашин нь Иудей Христийн уламжлал бөгөөд хүмүүс өөрсдийн уламжлалт шүтлэгээ хадгалсан нь илүү аюул багатай, төөрөгдөл багатай байх болно. Буддизмд нухацтай сонирхолтой байх нь нэг хэрэг. Харин зүгээр л “шинэ зүйл туршиж үзэхийн тулд” оролдох аваас үр дүн өгөхгүй л болов уу” хэмээн анхааруулав.
|
| Чикаго хотын нийтэд зориулсан айлдварт оролцож буй 10,000 гаруй хүний нэгэн хэсэг... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 17. Гэрэл зургийг Ричард Шей. |
Шашны хувьд үл тэвчих хандлагатай хүмүүстэй хэрхэн харьцах тухайтад Дээрхийн гэгээн шашны эв нэгдлийг дэмжихийн тулд хэрэглэдэг гурван арга замаа танилцууллаа. Үүнд, өөр өөр шашны эрдэмтэд уулзаж, нийтлэг хийгээд ялгаатай талуудаа нээлттэй ярилцах; өөр хоорондоо сүнслэг, гүн туршлагатай дадлагчид уулзан, туршлага солилцох; өөр өөр шашны ариун газруудаар мөргөлийн хамтарсан аялал хийх тэргүүт болох аж.
Дээрхийн гэгээн энэ гурван аргыг өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн бодит туршлагаасаа жишээ татан ярив.
Айлдварынхаа төгсгөлд мэдрэлийн шинжлэх ухааны судлаачидтай хийдэг яриа болоод хамтын ажиллагааныхаа талаар яриад, уулзалтаа өндөрлөв. Дээрхийн гэгээн тайзыг орхих үед төвөд лам дуучин Ани Чойнг Долма уран бүтээлээ толилуулсан билээ.
Чикаго Трибюн сонины мэдээлснээр нийтэд зориулсан эл айлдварт 10,000 орчим хүн оролцжээ. Теософийн нийгэмлэг нь өөр өөр шашны уламжлалтай эсвэл огт шашингүй хүмүүсийг ч нэгтгэсэн байгууллага бөгөөд нэгэн зорилгонь, “Харьцуулсан шашин, философи, шинжлэх ухааны судалгааг дэмжих” явдал аж.
2011 оны 7 дугаар сарын 18-ны өглөө Дээрхийн гэгээн шашны удирдагчдын хамтарсан хэлэлцүүлэгт оролцон, үдээс хойш Энэтхэг улс руу буцах юм. Уг хэлэлцүүлгийг http://www.dalailamachicago.com сайтаар шууд дамжуулах болно.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










