АНУ, Иллиной муж, Чикаго. 2011 оны 7 дугаар сарын 18. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын хоёр хотыг хамарсан айлчлалынхаа сүүлийн өдөр “Гүүр болох нь: Далай ламтай ярилцсан шашны удирдагчдын яриа” ярилцлагад шашны удирдагчдын хамтаар оролцов. Теософийн нийгэмлэгээс Чикаго хотын “Harris” хөгжим, бүжгийн театрт зохион байгуулсан энэхүү уулзалтад 1500 гаруй үзэгч, сонсогч оролцжээ.
Теософийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Тим Бойд үзэгчдэд Дээрхийн гэгээнийг танилцууллаа. Тэрээр “Дээрхийн гэгээн 1981 онд Иллиной мужийн Уитон хотын Теософийн нийгэмлэгийн төвд зочилж, нутгийн нэгэн сургуульд айлдвар айлдаж байсан ч олон сурагч түүнийг хэн болохыг тэр үед сайн мэддэггүй байсныг дурдав. Түүнээс хойш их зүйл өөрчлөгджээ. Дээрхийн гэгээн дэлхийн хамгийн танигдсан хийгээд хүндлэгдсэн хүмүүсийн нэгэн болсон” хэмээн ноён Бойд хэлэв. Тэрээр “Хүний сэтгэл, оюунд өөрчлөлт авчрахын тулд нийтлэг үнэт чанаруудыг баримтлахыг уриалж ирсэн Дээрхийн гэгээний айлдварууд түүнийг дэлхийн хамгийн агуу багш нарын нэг болгосон билээ” хэмээн хэллээ.
Дараа нь Чикаго хотод байрлах шашны хамтын ажиллагааг дэмжих зорилготой олон улсын ашгийн бус байгууллага “Interfaith Youth Core”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эбу Пател Дээрхийн гэгээнтэй богино ярилцлага хийв. Ноён Пател Дээрхийн гэгээнийг “Шашин хоорондын тэвчээр, хүндэтгэлийн дэлхийн хамгийн том үлгэр жишээ байж мэдэх хүн” хэмээн тодорхойлжээ.
Дараа нь шашны байгууллагууд бусдын шашныг хэрхэн харж, хэрхэн дүрслэн харуулж байгааг илэрхийлсэн богино баримтат кино үзүүлэв.
![]() |
| Mr. Eboo Patel, His Holiness the Dalai Lama and Dr. Thupten Jinpa (His Holiness's interpreter) at the Harris Theater in Chicago on July 18, 2011. Photo/Mike Kelly |
Ноён Пател янз бүрийн сувгаар ирсэн асуултуудыг эмхэтгэн Дээрхийн гэгээнээс асуух гэж буйгаа хэлэв. Тэрээр эхлээд Дээрхийн гэгээн хүний үнэт зүйлсийг түгээх, Төвөдийн асуудлыг шийдэх гэж зүтгэхээс гадна шашны эв нэгдлийг яагаад өөрийн нэг гол амлалт болгосон талаар асуулаа.
Дээрхийн гэгээн “Хэрвээ бид энгийн ухаанаар бодож үзвэл шашны эв нэгдэл яагаад чухал болох нь тодорхой харагдана. Бид өдөр бүр хүчирхийллийн тухай, заримдаа шашны зөрчилтэй холбоотой үйл явдлын талаар мэдээл сонсож байдаг шүү дээ. Ийм үед хэсэгхэн гуниглах мэдрэмж төрөөд өнгөрөх нь хангалтгүй билээ. Хамаг амьтны сайн сайхны төлөө залбирах нь бодит амьдрал дээр биелэхэд бэрх мэт сонсогдож болох ч энэ гараг дээрх 7 тэрбум орчим хүний сайн сайхныг бодож үзэх шаардлагатай юм. Бүх хүн эвтэй найртай, зөрчил тэмцэлгүй зэрэгцэн орших боломж бий” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн Энэтхэг улсад оршдог өөр өөр шашинтны эв зохицлыг жишээ болгон дурдав. Тэрбээр Бодьгаяа хотод амьдран суудаг мусульман хүмүүс тэндхийн буддистуудтай найрсаг харилцаатай байдаг агаад тэдний өвөг дээдэс эрт цагт буддын шашны байгууллагуудыг сүйтгэхэд оролцсон байж болох түүхэн баримт байсаар атал энэ өдөр нөхөрсөг, хүндэтгэлтэй харилцаа тогтсон байгааг онцолжээ.
“Хүмүүсийн сэтгэл оюуны янз бүрийн онцлогт тохирохын тулд өөр өөр шашны уламжлал оршин байх шаардлагатай” хэмээгээд 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа ислам шашинт бүхнийг сөргөөр харуулах хандлага нэмэгдсэн үед тэрээр исламын шашныг хамгаалж, тайлбарлаж байсан тухайгаа өгүүлэв.
Дээрхийн гэгээн шашинт нийгмийн бүлгүүд нийгмийн амьдралд илүү гүн оролцох хэрэгтэйг онцлов. Тэрбээр христийн шашинтнуудыг эрүүл мэнд, боловсролын салбарт идэвхтэй оролцож байгаагийнх нь төлөө магтаж, Тайланд, Бирм улсын буддын лам нар байгаль орчныг хамгаалахад ихээхэн оролцож байгааг сайшаалаа.
Шашны залуу удирдагчид, ялангуяа өөрийгөө “хүмүүнлэг” хэмээн тодорхойлдог хүмүүс ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар асуухад Дээрхийн гэгээн хүний суурь үнэт зүйлсийг шашин бус секуляр ёсны үндсэнд дэлгэрүүлэх өөрийн амлалтаа тайлбарлав. “Бид бүгд сэтгэлийн халуун дулаан энэрэх сэтгэлийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж чадна. Ийм сэтгэл итгэлцлийг бий болгодог. Итгэлцэл жинхэнэ нөхөрлөлд хүргэдэг билээ. Ёс суртахууны сургаал нь тодорхой нэг шашинд тулгуурлаагүй учир боловсролын тогтолцоонд хялбар шингэж чадна. Харин энэ сургаал зөвхөн шашинтай холбогдсон байвал нийт хүн төрөлхтөнд нийтлэг байдлаар түгээхэд бэрх болно” хэмээн айлджээ.
|
Пэг Чемберлин, Майкл Лернер, доктор Ингрид Маттсон нар Дээрхийн гэгээн Далай ламын хамт “Harris” театрын тайзан дээр... АНУ, Иллиной муж, Чикаго хот. 2011 оны 7 дугаар сарын 18. Гэрэл зургийг Mайк Келл |
Үүний дараа ноён Пател шашин, секуляр байгууллагуудын хооронд гүүр болоход чиглэсэн еврей шашны “Tikkun” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Рабби Майкл Лернер, “Hartford Seminary”-ийн Ислам судлал, христ, исламын харилцааны профессор Доктор Ингрид Маттсон, Миннесота мужийн Сүмүүдийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Пэг Чемберлин нарыг тайзанд урив.
Хэлэлцүүлгийн явцад шашин хоорондын санаачилгад оролцож байсан туршлагаа, тулгарч байсан сорилтуудын талаар ярилцав. Доктор Маттсон Дээрхийн гэгээний шинжлэх ухааны ажилтнуудтай хийдэг яриа, хамтын ажиллагаа, ёс зүйн судалгаанд шинэ өнцгөөс хандахад нь урам өгсөн тухай хэлсэн юм. Рабби Лернер буддын “шуналаа тавих” сургаал өөрийнх нь итгэлийг улам бататгахад хэрхэн тусалсан тухай ч хуваалцав. Мөн энэ дэлхийд шашин хоорондын яриаг хэрхэн өргөжүүлж, олон нийтэд түгээх боломжуудын талаар ярилцсан юм.
Ноён Пател арга хэмжээг хааж, Дээрхийн гэгээнд шашны эв нэгдлийг дэмжихийн төлөө хийж ирсэн ажилд нь талархал илэрхийлэв. Тэрээр “Дээрхийн гэгээн хүссэн бол зөвхөн төвөдийн буддын уламжлалынхаа хүрээнд өөрийгөө тусгаарлаад амьдарч болох байсан ч өөр шашнуудын давуу талуудыг сурч мэдэхийг сонгосон. Ингэснээр бидний дагах үлгэр жишээ болжээ” хэмээсэн юм.
Дээрхийн гэгээн ёслолыг хааж, “Би шинэ зүйл яриагүй. Харин эртний энэтхэг сургаалуудыг дамжуулж буй элч төдий билээ” гэдгээ онцоллоо. Мөн оролцогч, илтгэгчдэд болон тэдний хийж буй ажилд талархлаа илэрхийлээд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн нэгэн оролцогчийг ихэд сайшаав.
Ярилцалгын чиглүүлэгчээр сэтгүүлч Билл Кёртис ажилласан юм. Дараа нь Дээрхийн гэгээн пастор Жесси Жэксон болон уулзалтад оролцсон зарим зочны хамт өдрийн зоог барив.
Үдээс хойш Дээрхийн гэгээн Теософийн нийгэмлэгийн 300 гаруй гишүүнтэй уулзаж, нийгэмлэгийн эрхэм зорилгыг үнэлж буйгаа ярилцав. Дараа нь тэдний зарим асуултад хариулаад, Энэтхэг рүү буцахаар нисэх буудал руу хөдөллөө.
Энэ удаагийн айлчлалын үеэр Дээрхийн гэгээн 7 дугаар сарын 5-нд Вашингтон хотод ирснээс хойш нийт 13 өдөр саатсан ажээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










