Австрали улс, Перт хотод 2011 оны 6 дугаар сарын 18 (Цэрэн Кийнзом Дхонгдүгийн мэдээ)-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам үдээс хойш Австрали улсын айлчлалынхаа сүүлийн уулзалтыг эхлүүлэхээр Перт хотод газардлаа. Брисбэн хотоос таван цагийн нислэгийн дараа тэрээр шууд Фримантл хотын захиргааны ордонд хүрэлцэн очиж, сенатор Скотт Людлам, парламентын гишүүн Мелисса Парк, хотын дарга Брэд Петит нарын зохион байгуулсан олон нийтийн хүлээн авалтад оролцов.
|
| Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Австралийн Перт хотод ирж буй нь… Австрали улч, Перт хот. 2011 оны 6 дугаар сарын 18. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL |
Сенатор Людлам болон хатагтай Парк нар Төвөдийн асуудлын бүх намын парламентын бүлгийн гишүүд бөгөөд 2009 онд Дармсала хотод айлчилсан Австрали улсын парламентын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Тэр цагаас хойш тэд Төвөдийн асуудлыг Австрали улсын парламент дотор болон гадаа өргөн хүрээнд дэмжин ажиллаж ирсэн байна. Энэхүү арга хэмжээний орлого нь Дармсала дахь “Төвөдийн хүүхдийн тосгон”-ы үйл ажиллагааг дэмжихэд зориулжээ.
Дээрхийн гэгээн Перт хотод айлчлахаас хоёр долоо хоногийн өмнө Хятад улсын ерөнхий консулын газраас тус мужийн парламентын гишүүдэд Далай ламтай уулзахгүй байхыг шахалт үзүүлсэн тухай мэдээлэл гарсан байна. Сенатор Людлам хэвлэлийн мэдэгдэлдээ “Хятад улсын засгийн газар 76 нас зооглож буй нэгэн буддын ламаас жийрхэн айдаст автан сандарч байгаа нь хачирхалтай мэт боловч энэ арга мэхийг оролдсон анхны тохиолдол биш билээ. Ардчилсан сонгуулиар сонгогдсон парламентын гишүүдийг Дээрхийн гэгээний үгийг сонсохгүй байхыг яагаад уриалж байгаагаа тэд тайлбарлах нь зүйтэй” гэжээ.
Маргааш Дээрхийн гэгээн XIV Далай ламын Австрали дахь сүүлийн өдөр бөгөөд тэрээр “Орчин үе дэх сүнслэг байдлын төлөв” сэдвээр 11,000 гаруй хүнд илтгэл тавих юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










