 | | Шинэ Дели хотын Таж Махал зочид буудалд. (Сангмо/Phayul.com) |
Шинэ Дели, Энэтхэг, 2008 оны 6-р сарын 2 (Тензин Сангмо, Phayul) – Далай лам Ням гарагт Шинэ Дели хотын Таж Махал зочид буудалд Терроризмын эсрэг үндэсний, олон улсын, дэлхийн бага хурлыг нээв. Jama Masjid United Forum байгууллагаас зохион байгуулсан энэхүү бага хурал нь терроризмын гол шалтгаанууд, шинэ тутам шинж чанарууд, чиг хандлагын талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. (Жама Масжид нь Исламын шашны том сүм)
Энэтхэгийн Засгийн газрын Холбооны сайд Капил Сибал, Самажвади намын Ерөнхий нарийн бичгийн дарга Амар Сингх (парламентын гишүүн), Ассам мужийн Ерөнхий сайд, Эрхэмсэг Тарун К. Гогой, Jama Masjid United Forum байгууллагын ерөнхийлөгч Сайед Яхья Бухари зэрэг хүндэт зочдоос гадна, Индонез, Афганистан, Пакистан, Мальдив, Йордан, Шри Ланка, Узбекистан зэрэг улс орны төлөөлөгчид оролцсон тус арга хэмжээнд Далай лам хэлсэн үгэндээ терроризмын үйлдлийг буруушааж, зарим мусульман шашинтны зөрчлийг Исламын шашинтай нийтлэг холбож эндүүрэх нь шударга бус гэж мэдэгдэв.
Тэрбээр 'Терроризм' гэдэг уг нь үйлдлийг илэрхийлдэг гэж би боддог. Эерэг эсвэл хөнөөлт аливаа үйлдэл нь сэдлээс үүдэлтэй бөгөөд бид сэдлийг бий болгож буй нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэх ёстой" гэж хэлсэн.  | | Шинэ Дели дэх Жама Масзид исламын сүмд. (Тэнзин Сангмо /Phayul.com) |
Дээрхийн гэгээн цааш нь “Бид төрөхөөсөө энэрэнгүй сэтгэлтэй төрдөг бөгөөд үүнгүйгээр амьдрах боломжгүй. Бид бусдыг халамжлах, хайрлах мэдрэмжийг хөгжүүлж төлөвшүүлэх ёстой. Би хүмүүний болон оюун санааны үнэт зүйлсийн тухай гүн гүнзгий ойлголтод итгэдэг” гэв. Дээрхийн гэгээн бага хуралд оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлэн, хүлцэл тэвчил, сахилга бат, нөхөрлөл, энх тайвны тухай ижил утга санаа агуулсан ялгаатай гүн ухаан, уламжлалаас үл хамааран, цаашид ч шашин шүтлэг, эв найрамдлыг дэмжихээ дахин илэрхийлэв. Далай лам хүн төрөлхтний үнэт зүйлс болон хамаг амьтны амар амгалангийн төлөө, ирээдүйд гарч болзошгүй аюул заналхийлэл, терроризмын халдлагын үед ч дэмжлэг, үйл хэргээ үргэлжлүүлнэ.
Дараа нь Далай лам орон нутгийн исламын сүсэгтнүүдийн оройн залбиралд оролцохоор гадаадын бусад өндөр албан тушаалтнуудын хамт түүхт Жама Масжид исламын сүмд зочилжээ. |