АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 13 - Эл өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам өглөө эртлэн Веризон төвд морилж, дүйнхорын эрх авшгийн зэхэл үйлийн нэгээхэн хэсэг болох үүсгэл залбирлыг үйлдэв.
Дараагаар Дээрхийн гэгээн АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзахаар Капитол Хиллд зочиллоо. Түүнийг Төлөөлөгчдийн танхимын дарга Пенпа Цэрэн, шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангай, тусгай төлөөлөгч Лоди Гяри, нарийн бичгийн дарга Дэнзин Такла нар дагалджээ. Уулзалтад хорооны дарга сенатор Жон Керри, Гадаад харилцааны хорооны 11 гишүүн оролцсон юм
![]() |
Капитолд зочлох үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам сенатор Жон Керри, шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангай нарын хамт… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 13. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Сенатор Керри Дээрхийн гэгээнтэй “Даши дэлэг” хэмээн төвөдөөр мэндлэн, албан ёсоор угтан авчээ. Тэрээр Дээрхийн гэгээний энх тайвны тухай сургаал, энэрэх сэтгэлийн үзлийг гүн биширдгээ илэрхийлэн, “2007 онп АНУ-ын Конгресс танд “Конгрессын Алтан медаль” хүртээсэн нь бидний машид хүндэтгэлийн илэрхийлэл юм” хэмээсэн юм. Дараа нь хорооны ахлах гишүүн сенатор Ричард Лугар үг хэлж, Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэн, “Сенатад таны итгэлт найз нөхөр олон буй” хэмээжээ.
Сенатор Керри шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангайг халуун дотноор хүлээн авч, Төлөөлөгчдийн танхимын дарга Пенпа Цэрэнг конгрессын гишүүдэд танилцуулсан юм.
Дээрхийн гэгээн эрх мэдлээ шилжүүлсэн талаараа дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрыээр “Хүн төрөлхтөн дэлхийд хамаардаг шиг Хятад улс ч хятадын ард түмэнд хамаарна. Улс орны эзэн нь ард түмэн өөрсдөө билээ” хэмээн айлдаж, ард иргэдийн оролцоо үнэ цэнийг онцлов. Мөн тэрбээр ардчиллын үнэт зарчмуудыг гүнээ бишрэн, төвөдийн ард түмэн АНУ-ын ардчилсан эрх чөлөөг өндрөөр үнэлж, үлгэр дуурайл болгон хардгаа хэлэв. Тэрээр АНУ-ын сенатад төвөдийн ард түмэнд үзүүлж ирсэн дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийллээ. “Төвөд, Хятад улсаас тусгаар тогтнохыг бус, харин хоёр талын энх тайванч шударга шийдэл олохыг эрмэлзэж байна” хэмээсэн билээ.
|
Дээрхийн гэгээн Далай лам сенатор Бен Кардин, Том Удалл нарын хамтаар… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 13. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Тэрбээр цааш нь Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар төвөдийн ард иргэдийн соёл, өв уламжлалаа хадгалж хамгаалах эрх улам бүр хязгаарлагдаж буйг анхаарууллаа. Гэсэн ч урамтай нэгэн зүйл бол хятад хүмүүсийн төвөд буддын шашинг сонирхож эхэлж буйг онцлов. “Хятад улсын 1,3 тэрбум иргэн бодит байдлыг мэдэх эрхтэй бөгөөд юу зөв, юу бурууг ялгах чадвартай билээ. Цензур бол ёс зүйгүй, ил тод байдал л үнэн шударга нийгмийн үндэс юм” хэмээн давтан айлдлаа.
Шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангай Сенатын хорооны гишүүдэд төвөдийн нөхцөл байдлыг танилцуулж, тус бүс нутагт илтэд зарлаагүй ч цэргийн дэглэмт мэт буйг өгүүллээ. Тэрээр төвөдийн ард иргэдийн боловсролыг дэмжих, эдийн засгийн хувьд амьдралын чанарыг өсгөж, амьдрах чадварыг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд төвөдийн удирдагчид, сенатын гишүүд төвөдийн ард түмэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Дээрхийн гэгээн уулзалтын дараа Капитолын цогцолборт болсон тусгай арга хэмжээнд оролцож, хүмүүнлэг үзлийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, энэрэл нигүүлсэл, олон нийтийн төлөө энэ амьдралаа зориулсны төлөө “Тереза эхийн нэрэмжит олон улсын энэрэх сэтгэлийн шагнал”-аар шагнуулсан юм.
Шагналыг АНУ-ын сенатын ахмад гишүүд Роберт Дол, Том Дашл, “Caring Institute”-ийн гүйцэтгэх захирал Вал Ж.Халамандарис нар гардуулав.
|
Дээрхийн гэгээн Далай лам “Тереза эхийн нэрэмжит олон улсын энэрэх сэтгэлийн шагнал”-ыг хүртэж, хүндэтгэлийн үг хэлж буй... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 13. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор /OHHDL |
Сенатор Том Дашл “Өнөөдөр бид дэлхийн энх тайвны төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаж, ард олныхоо төлөө чин үнэнчээр зүтгэж ирсэн нэгэн эрхэм хүмүүнийг хүндэтгэн шагнаж байгаадаа баяртай байна” хэмээв.
Сенатор Роберт Дол “Дээрхийн гэгээний хувьд хүний төлөөх чин сэтгэлийн энэрэл хайр хамгийн хүчтэй хөтлөгч луужин юм. “Caring Institute” ч мөн энэ үзэл санаанд тулгуурлан байгуулагдсан. Далай ламын эрхэм зорилго бол Тереза эхийн дэлхий дахины “сэтгэлийн ядуурлыг” арилгах сургаалтай агаар нэгэн билээ” хэмээсэн юм.
“Төвөдийн буддын шашинд бодьсадва гэдэг нь энэрэл нигүүлсэлд хөтлөгдөн гэгээрлийг эрэлхийлэгчийг хэлдэг. “Далай лам” хэмээх төвөд нэр нь “Мэргэн ухааны далай” гэсэн утгатай. Дээрхийн гэгээн бол энэрэх сэтгэл, нигүүлсэл, халамж хайрын бэлгэ тэмдэг билээ. Бидний зорилго бол нийгмийн төлөө үнэнчээр ажиллаж, хүн төрөлхтний сайн сайханд бодит хувь нэмрээ оруулж буй гайхамшигт хүмүүст хүндэтгэл үзүүлэх явдал билээ” хэмээн ноён Халамандарис өгүүллээ.
Сенатор Дол Дээрхийн гэгээнд шагнал олгох захидалдаа “Танаас илүү халамжлахын үнэ цэнийг илэрхийлэх хүн үгүй билээ. Эцсийн эцэст “халамж” хэмээх нь “энэрэх” хэмээхтэй агаар нэгэн буй. Энэ нь таны сүсэг бишрэлийн уг язгуурт орших үнэт зүйл билээ. Та энэхүү үнэт зүйлийг дэлхий дахинд дэлгэрүүлэхэд амьдралаа зориулсан нэгэн билээ” хэмээн бичсэн аж.
Энэхүү шагналыг гардуулдаг “Caring Institute” байгууллагыг 1985 онд халамж, шударга ёс, олон нийтийн үйлчилгээний үнэт зүйлсийг хүндэтгэн дэмжих зорилгоор байгуулсан бөгөөд Тереза эх мөн энэ шагналыг хүртэж байсан юм. Шагнал гардуулах ёслолын эхэнд Тереза эхийн тухай баримтат киног үзүүлжээ.
Дээрхийн гэгээн Тереза эхийн хийсэн ажлыг ихэд үнэлэн, уг шагнал бол нэр төрийн хэрэг хэмээн талархлаа илэрхийлэв. Үүний дараа Дээрхийн гэгээн ддүүйнхорын эрх авшиг болох Веризон төвд буцан очив.
|
Дээрхийн гэгээн Далай лам дүйнхорын эрх авшгийн зэхэл үйлийг хөтлөн айлдаж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 13. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Үдээс хойшхи хичээл “Зүрхэн судар”-ыг англи хэлээр уншсанаар эхэлсэн. (2011 оны 7 дугаар сарын 11-ний хичээл япон болон вьетнам хэлээр уншиж эхэлсэн аж.) Уншлагын дараа Дээрхийн гэгээн тайлбарлахдаа хятад орчуулга дах “the five aggregates, too, are by their nature empty” өгүүлбэрт ордог “мөн” (too) гэдэг үг байхгүй гэв. Тэрээр энэ үг төвөд хувилбар болон санскрит эхэд оршдог бөгөөд энэ нь тухайн өгүүлбэрийн утгыг илүү гүн гүнзгий болгодог. Хүн өөрөө “би”-гүй төдийгүй, бүх үзэгдэл мөн адил өөрийн мөн чанараараа хоосон болохыг онцолдог хэмээн тайлбарлав.
Үүний дараа Дээрхийн гэгээн суралцагчдад зориулсан урьдчилсан авшгийг өндөрлөлөө. Үүнд бодь сэтгэл үүсгэх хийгээд хамгаалах улаан утас болон зүүд шинжихэд хэрэглэгдэх Куша өвс тараах ёслол багтаж байв.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










