АНУ, Вашингтон хот - Дээрхийн гэгээн Далай лам энэ өдрийн өглөө эртлэн Веризон төвд морилж, дүйнхорын ван авшгийн зэхэл үйлийг хөтлөн болгоов.
![]() |
| Намжил хийдийн лам нар дүйнхорын ван авшгийн ёслолын бүжгийг гүйцэтгэж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 12. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Үдээс хойш Намжил хийдийн лам нар дүйнхорын ван авшгийн ёслолын бүжгийг үйлдэв. Мөн Төвөдийн Урлагийн хүрээлэнгийн уран бүтээлчид тоглолтоо өргөл болгон толилууллаа.
Дээрхийн гэгээн дараагаар Веризон төвөөс хөдөлж, “Hilton” зочид буудалдаа буцав. Тэнд “Америкийн дуу хоолой” радиогийн хятад хэлний албанд ярилцлага өглөө. Ярилцлагыг хөтлөгч Син Чэнь удирдсан бөгөөд Дээрхийн гэгээний эрх мэдлээ шилжүүлсэн явдал нь Төвөд, Хятад улсын харилцаанд ямар нөлөө үзүүлж байгаа талаар, Хятад улсын ард түмэнд илгээсэн мэндчилгээнийх нь тухай ярилцлаа. Мөн Хятад улсын дараагийн удирдагч Ши Жиньпиний талаарх бодлыг нь асуужээ.
Ярилцлагынхаа дараа Дээрхийн гэгээн Дүйнхор дүйнхорын ван авшгийн ивээн тэтгэгчдэд талархлын үг хэлэв. Тэрбээр үгийнхээ эхлэлд ёс суртахууны үнэт зарчмын ач холбогдол, үүндээ үнэнч байх хичээл зүтгэлийн талаар айлдав. Мөн хүмүүсийг буддын шашныг ойлгохдоо зөвхөн ёслол төдийд бус, шүүн тунгаах ухаан хийгээд төв сэтгэлгээгээр хандахыг зөвлөв.
“Орчин үеийн хүмүүсийг би ХХI зууны буддистууд байх хэрэгтэй гэж боддог. Тэд учир шалтгаанд тулгуурлан бодож, алив тунгалаг ухаанаар судалж шинжлэн сурах хэрэгтэй” хэмээн айлдав.
|
| Дээрхийн гэгээн Далай лам дүйнхорын ван авшгийн ивээн тэтгэгчдэд үг хэлж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 12. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Дээрхийн гэгээн дүйнхорын ван авшгийг Вашингтон хотод зохион байгуулахад үнэт хувь нэмрээ оруулсан ивээн тэтгэгчдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, “Та бүхэн энэ үйлээрээ хурааж буй буян, үйлс бүрээ зөвхөн өөрийн төлөө бус, хамаг амьтны тусын тулд зориулаарай” хэмээн айлдав. Үүний дараа Дээрхийн гэгээн айлдвараа өндөрлөн амрахаар буцлаа.
2011 оны 7 дугаар сарын 13-нд Дээрхийн гэгээн Дүйнхор ван айлдварын жинхэнэ авшгийг эхлүүлэх юм. Өглөө нь өөрийн үүсгэл залбирал, үдээс хойш суралцагчдад зориулсан урьдчилсан авшиг болох аж.
Дээрхийн гэгээн Веризон төвд айлдвараа эхлүүлснээс хойш сүсэгтэн олон зэхэл үйлийн өмнө мөргөл үйлдэж, залбирах нь түгээмэл байлаа. Хүлээлгийн танхимын дагуу гороолон мөргөж буй хүмүүсийг олноор харж болохоор байв.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










