Австрали улс, Брисбэн хот, 2011 оны 6 дугаар сарын 15 (Цэрэн Кийнзом Дхонгдүгийн мэдээ)-ны өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Австрали улсад хийж буй айлчлалынхаа Куинсланд мужийн хэсгийг эхлүүлэхээр Брисбэн хотод хүрэлцэн ирэв. Газардсаны дараа склероз хэмээх өвчтэй нутгийн иргэн Шеваун Конрид адис хүртээв. Түүний урам зоригийн хүчээр ахмадын болон асрамжийн газарт амьдардаг залуусыг дэмжих зорилготой “Youngcare” байгууллага үүсгэн байгуулагдсан юм.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 15-нд Австралийн Брисбэн хотын Сункорп Пиазза талбайд олон нийтэд илтгэл тавьж буй нь… Австрали улс, Брисбен хот. 2011 оны 6 дугаар сарын 15. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL
Дээрхийн гэгээн өглөөний цагаар хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч, дараа нь зочид буудалдаа Төвөд, Монгол, Бутан улсаас зорин ирсэн иргэдийн төлөөлөлтэй уулзав. “Хятад улс манай орныг захирч байгаа ч бидний оюун санааг захирч чадахгүй. Бид эх орноосоо дүрвэн амьдарч байгаа ч Төвөдийн талаар дэлхий дахинд мэдэгдэх үүрэгтэй” гэсэн түүний үг тус хотын төвөд иргэдэд хариуцлагыг нь гүнээ ухамсарлуулж буй гэлтэй. Гурван улсын ард иргэдэд хандан тэрээр бурханы шашин дахь хайр, энэрлийн соёлыг дэлгэрүүлэхийн чухлыг онцолсон юм.
Үдээс хойш Дээрхийн гэгээн XIV Далай лам “Хэзээ ч бууж өгөхгүй байх” гэсэн сэдвээр олон нийтийн илтгэл тавив. Энэ нь тухайн оны эхээр үерийн гамшигт нэрвэгдсэн Куинсландын оршин суугчдад асар ач холбогдолтой сэдэв байлаа. Энэхүү арга хэмжээг “Каруна Хаус” хэмээх нутгийн буяны байгууллага зохион байгуулсан бөгөөд 2000 гаруй хүн, тэр дундаа залуусаас ихээхэн оролцсон юм.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 15-нд Австрали улсын Брисбэн хотод илтгэлээ тавьсны дараа нэгэн залуухан эмэгтэйтэй мэндчилж буй нь... Австрали улс, Брисбен хот. 2011 оны 6 дугаар сарын 15. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL
Дээрхийн гэгээн илтгэлийн талбайд ирэхэд бүх хүн босон угтав. Тэрээр тайзны ойролцоо мөн угтах гэж зогсон буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг адислан мэндчилэхэд сонсогч олны сэтгэл ихэд хөдөлжээ. Дээрхийн гэгээн Куинсландын ард иргэд байгалийн гамшгийн үеэр бие биедээ тусалж, энэ бэрх нөхцөл байдлыг хамтдаа даван туулах эв санааны хүчийг үлгэрлэсэн харуулсныг сайшааж, энэхүү сайхан сэтгэл, өгөөмөр чанар нь газар зүйн хил хязгаарыг ч даван дэлгэрэх ёстойг нэмэж онцолсон байна.
Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ удаагийн олон нийтийн ярианд ахлах сургууль, их дээд сургуулийн олон оюутан оролцсонд баяртай байгаагаа илэрхийлээд, “Өнгөрсөн зуунд бид цус урсгасан олон дайныг үзсэн. Харин XXI зуунд энх тайвныг цогцлоох үүрэг залуусын нуруун дээр байна. Гэвч энх тайван гэдэг нь зүгээр л хүчирхийлэлгүй байхыг хэлэхгүй, харин хайр, энэрэх сэтгэлд тулгуурладаг” хэмээжээ.
Дээрхийн гэгээний энэхүү захиас үг Австрали улсын нийгмийн бүхий л түвшний хүмүүсийн сэтгэлд нийцэж, гүн сэтгэгдэл төрүүлэх нь лав. Түүний илтгэлийг сонссон Жэйн Роуч багш, “Би буддист биш ч Далай лам бол итгэл, өөдрөг үзлийн элч юм” гэжээ. Харин 14 настай Адам Браун “Далай лам үнэхээр гоё хүн” гэж хэлсэн байна. Мужийн эрүүл мэндийн сайд Жефф Уилсон арга хэмжээнд оролцож, Брисбэн хотын ард иргэдтэй уулзсанд нь талархал илэрхийлэв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам дараагийн хоёр өдрийг Куинсланд мужид өнгөрөөх бөгөөд маргааш тэрээр Саншайн Кост дахь Чэнрезигийн хүрээлэнд зочилно.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










