Бангалор, Карнатака, Энэтхэг, 2014 оны 1-р сарын 5.
Дээрхийн гэгээнтэн өнөөдөр Бангалор хотын Бишоп коттон сургууль дээр болох Энэтхэг дэх Англи-Энэтхэг сургуулиудын бүх Энэтхэгийн захирлуудын бага хуралд уригджээ. Түүнийг морилон ирэхэд сургуулийн захирал Жон Захариа хүндэтгэлтэйгээр угтан авч, хурлын бусад илтгэгчдийг танилцуулахад тэдний дунд тус сургуулийн төгсөгч, хүндэт зочин, ноён Нандан Нилекани байлаа.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг Бангалор дахь Бишоп коттон сургуулийн захирал Жон Захариад угтан авч байна. … 2014 оны 1 сар Зургийг: Тэнзин Чойжор |
Өглөөний хэлэлцүүлгийн зорилго, цар хүрээг тодорхойлох үеэр захирал Захариа, Дээрхийн гэгээнтний энэ оны эхээр Эмори Их Сургуульд хэлсэн “Боловсрол бол илүү аз жаргалтай, илүү амар амгалан ертөнцийг бий болгох гол хүчин зүйл юм. Бид эрдэм мэдлэг, эрүүл оюун санааны аль алийг нь олгох боловсролыг загварчилж, бүх хүн төрөлхтөнд үзүүлэх энэрэн хайрлах мэдрэмжийг бий болгох хэрэгтэй.” гэсэн зөвлөмжийг онцлон дурдав.
Мунхагийн харанхуйг арилган эрдэм мэдлэгийн гэрлийг асаах бэлгэдлийн ёслол хийж, бага хурлыг нээхийг Дээрхийн гэгээнээс урив.
Дараа нь Нандан Нилекани боловсрол бол дэлхий ертөнцийг өөрчлөхөд чухал үүрэгтэйг хэлээд мөн инноваци болон байнга шинээр суралцахын ач холбогдлын талаар ярьжээ.
Дээрхийн гэгээний үг хэлэх ээлж ирэхэд тэр өөрийн уламжлал ёсоор яриагаа эхлэв: “Эрхэм хүндэт ах дүүс ээ, би хэнтэй ч ярьсан ингэж хандахыг илүүд үздэг. Учир нь бид бүгд адилхан л хүмүүс. Хэрэв би өөрийгөө төвөд, буддист, эсвэл ‘Дээрхийн гэгээн Далай лам’ гэж өөрийгөө онцлох юм бол та бидний хооронд зай үүснэ. Хэрэв тэгэх юм бол миний сэтгэл ганцаардлыг мэдэрч, хоёр нүүр гаргах эрсдэлтэй. Орчин үеийн боловсролын талаар надаас илүү мэдлэг, туршлагатай та бүхэнтэй өөрийн туршлагаа хуваалцах боломж олдсон нь нэг ч хичээлд сууж үзээгүй надад том хүндэтгэл байлаа”.
"Хүн төрөлхтний хувьд бид бүгд л аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Өдөр бүр баяр баясгалантай байхыг, цаашлаад сайхан зүүд зүүдлэхийг ч илүүд үздэг. Бидэнд тийм аз жаргалтай байх эрх бас бий. Ингэхийн тулд бид хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн тухай илүү тодорхой ойлголтыг хөгжүүлэх хэрэгтэй гэж би үздэг. Өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудал бидний өөрсдийн бүтээл юм. Бидний доторх 'Тэд' болон 'Бид' гэсэн ялгаа, мэдрэмж нь хүчирхийлэл, худал хуурмаг, авлигалыг бий болгодог. Хэрэв та бусдыг хүндэлж, тэдний сайн сайхны төлөө санаа тавих юм бол ийм зүйл тохиолдохгүй шүү дээ."
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Бишоп Коттон Сургуульд болсон Энэтхэг дэх Англи-Энэтхэг сургуулиудын захирлуудын холбооны 92 дахь бага хурал дээр үг хэлж байгаа нь … Бангалор, Энэтхэг 2014 оны 1 сарын 5 Зургийг: Тэнзин Чойжор |
"Хүчирхийллийн тухайд гэвэл, зөвхөн залбирал үүнийг зогсоож чадахгүй. Энэ нь бидэнд дотоод амар амгалан дутагдаж байгаагаас л үүсдэг юм. Бид дэлхийн энх тайвныг зөвхөн өөрсдийн дотоод амар амгалангийн үндсэн дээр л бий болгож чадна гэдэг нь тодорхой. Бидний оюун санаанд 'Тэд' ба 'Бид' хуваагдах сэтгэлгээг бий болгодог гол саад бол хувиа хичээсэн хандлага юм. Гэтэл өнөөдрийн бодит байдал бол бид бие биеэсээ харилцан хамааралтай байна."
Дээрхийн гэгээн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг сүйрэл нь үндэсний болон бусад хил хязгаарыг үл харгалзан бид бүгдэд нөлөөлж байгааг дурдав. Хүн төрөлхтний нэгдмэл байдлыг мэдрэхгүйгээр бидний өөрсдийн бий болгосон асуудлууд улам нэмэгдэх болно гэлээ.
Тэрээр буддист хүний хувьд, Наландагийн уламжлалыг судалж, дагаж мөрдөж ирсэн хүний хувьд бусад шашны уламжлалд маш их хүндэтгэлтэй ханддагаа мөн илэрхийлэв. Эдгээр бүх шашин бүгд л хайр, хүлцэл, биеэ хянан удирдах болон сэтгэл хангалуун байх тухай сургадаг. Төрөл бүрийн газар, өөр өөр нөхцөл байдалд амьдардаг хүмүүс өөр өөр зан чанар, хандлагатай байдаг тул ялгаатай гүн ухааны үзэл бодлыг илэрхийлдэг. Шашны уламжлалууд уур хилэн, үзэн ядалтыг хүлцэл, уучлалаар дардаг. Уур хилэн нь ихэвчлэн хэт их шунал, хүсэлтэй холбоотой байдаг тул шашин аливаад сэтгэл хангалуун байхыг заадаг. Нийтлэг сайн сайхан нь тэдний зорилго учраас бид шашны нэрээр үүсэх мөргөлдөөнийг арилгахын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэтхэг бол энэ бүхний амьд жишээ юм. Сүүлийн мянган жилийн турш бүх томоохон шашны уламжлалууд энэ улсад энх тайвнаар зэрэгцэн оршиж, амьдарч, хөгжсөөр ирсэн билээ.
“Үүний зэрэгцээ христ итгэлт ах дүү нар дэлхий даяар боловсролд хамгийн том хувь нэмэр оруулсан. Гэхдээ заримдаа энэ нь номлогчийн хүсэл бодолд хөтлөгдөөд байх шиг санагддаг. Жишээлбэл, Монгол дахь Солонгосын христийн шашны номлогчид нутгийн иргэдийг шашиндаа оруулахыг оролдож байхыг мэдэх юм. Би тэдэнд, энэ бол буддын шашинт улс, та нар эрүүл мэнд, боловсролын тусламж үзүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч энэ бүхнийг шашиндаа урвуулсны төлөөсөөр хийх нь тохиромжгүй юм аа гэж хэлсэн. Би гадаад улсууд, хойд болон өмнөд Америк, Европын улс орнуудад олон удаа илтгэл тавьж байсан, Иудей-Христийн шашинт улсад яриа хийхдээ хүмүүс өөрийн уламжлалт шашиндаа итгэж, сүсэглэх нь зүйтэй юм гэдгийг тодорхой хэлдэг".
|
| Зураг. Бишоп Коттон Сургуульд болсон Энэтхэг дэх Англи-Энэтхэг сургуулиудын захирлуудын холбооны 92 дахь бага хурал дээр Дээрхийн гэгээн Далай ламын хэлсэн үгийг сонсож буй оюутнууд … Бангалор, Энэтхэг 2014 оны 1 сарын 5 Зургийг: Тэнзин Чойжор |
“Үүнтэй холбоотой нэгэн түүх ярьж өгье. 1960-аад оны үеийн олон дүрвэгч төвөдүүдийн цор ганц хийдэг ажил бол зам барих байлаа. Энэ нь маш хүнд хэцүү ажил байсан бөгөөд Төвөдийн засгийн газрын албан тушаалтан байсан миний нэг танил энэ ажлын үед таалал төгсөж, гэр бүлийнхэн нь тун ч хүнд байдалд орсон байж. Хэсэг хугацааны дараа түүний бэлэвсэн эхнэр над дээр ирж, христийн шашны номлогчид хүүхдүүдийнх нь боловсролд анхаарч, тэдэнд их тусласан тухай яриад “ Ийм учраас би энэ насандаа Христэд итгэгч болъё, харин дараа төрөлдөө буддист байх болно' гэж хэлсэн юм. Ямар эргэлзээтэй байгааг та бүхэн харж байгаа биз ээ".
"Шашны уламжлалууд хоорондоо харилцан хүндэтгэлтэй байх бат бөх үндэс суурьтай. Мөн нөгөө талаас, өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний 1 тэрбум нь шашинд итгэдэггүй гэсэн мэдээ харсан. Бас яг үнэнийг хэлэхэд шашинд итгэдэг гэж хэлдэг хүмүүсийн дунд ч үйлдэл нь тийм ч чин сэтгэлийнх биш хүмүүс ч байу л байдаг. Тэдний уншдаг залбирлын мөн чанар өдөр тутмын амьдралд нь нөлөөлж байгаа мэт ер харагддаггүй. Заримдаа тэд бараг л 'Миний авлига, хээл хахуулийн үйлдлийг халхалж өгөөч” гэж залбираад байна уу даа ч гэж санагддаг.
Нэг удаа би чин сүсэгт куба дүрвэгчтэй уулзсан юм. Тэгэхэд тэр хүн бурхан аль болох хурдхан л Фидель Кастрог диваажинд аваачаасай хэмээн өдөр бүр залбирдаг тухайгаа надад ярьсан. Магадгүй бид ч бас авлигачдыг бурхан аль болох хурдан диваажинд аваасайд хэмээн залбирах хэрэгтэй байх!".
Дээрхийн гэгээн Энэтхэгийн шашнаас ангид байх өв соёлыг биширдгээ дахин хэлээд энэ үзэл нь Чарвакагийн Хедонист-Нихилист уламжлалын багш нарыг хүртэл Риши буюу Мэргэд хэмээн үзэх хүртэл өргөжин дэлгэрсэн байна.
Энэтхэг улсад олон шашин зэрэгцэн оршин тогтнодог учраас ямар нэгэн ялгаварлалгүйгээр шашин шүтдэг, шүтдэггүй хэн бүхнийг хүндэтгэх шашнаас ангид үндсэн хуультай. Ийм л хандлага өнөөдөр шашнаас ангид ёс зүйн үндэс суурь байх ёстой гэж хэллээ.
|
| Зураг. Бишоп Коттон Сургуульд болсон Энэтхэг дэх Англи-Энэтхэг сургуулиудын захирлуудын холбооны 92 дахь бага хурал дээр Дээрхийн гэгээн Далай лам үг хэлж буй нь … Бангалор, Энэтхэг 2014 оны 1 сарын 5 Зургийг: Тэнзин Чойжор |
Тэрээр хүний нийгмийн нийтлэг ойлголт, амьдралын нийтлэг зүйлсийг анхааран үзэхийг зөвлөв. Бид бүгд эхээс төрж, ээжийн хайр халамжийг хүртсэн. Ийм хайр халамжинд өссөн хүн аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг бол, тийм хайр халамж хүртээгүй хүмүүс хожим үл итгэх, айдас, аюултай байдлын мэдрэмжийг тээж явах хандлагатай байдаг. Бид багаасаа л хайр халамж мэдэрч өссөн учраас бусдыг хайрлан халамжлах чадвартай байгаа юм. Шинжлэх ухааны нээлтүүд ч мөн адил айдас, уур хилэн, үзэн ядалт нь хүний дархлааны системийг сулруулдаг бол, халуун дулаан сэтгэл бие махбодийн эрүүл мэндийг сайжруулдаг болохыг нотолсон шүү дээ хэмээн хэллээ.
Зөвхөн боловсролоор дамжуулан хүн төрөлхтнийг өөрчилж, илүү аз жаргалтай, энэрэнгүй ертөнцийг бий болгож чадна гэв. Тиймээс ч тэр ерөнхий боловсролд шашнаас ангид ёс зүйг суулгахад чухал ач холбогдол өгч байгаа юм.
Орчин үеийн боловсрол ихэнхдээ эд хөрөнгө, материаллаг үнэт зүйлд чиглэж байна. Бид боловсрол эзэмшээд ухаантай болж болох ч, энэ нь хэт хувиа хичээсэн байдалд хүргэхгүйн тулд сайн сайхан зүрх сэтгэлийг хамтад нь хөгжүүлэх шаардлагатайг дурдлаа.
Авлига хээл хахуул бол өнөө цагийн энэ дэлхийн хорт хавдар болохыг онцлоод, үл тоомсорлон орхилгүй шийдвэрлэх шаардлагатай гэлээ.
Нэгэн удаа тэрээр Ориссагийн Парламентын гишүүнтэй ярилцаж байхдаа ядууст тусламж хүрэхгүй байгаад харамсаж байгаагаа ярьснаа дурслаа. Парламентын гишүүн түүнд "Хөрөнгө, хангамжийг хуваарилдаг боловч, ихэнх мөнгө нь өөр бусдын халаасанд ордог" хэмээн хэлжээ. Тэрээр энэ байдал Хятадад ч мөн адил байгааг цохон тэмдэглэсэн. "Нийгмийн сайн сайхны төлөө бид хүмүүст дотоод сэтгэлийн суурь үнэт зүйлсийг таниулах, эзэмшүүлэх ёстой. Энэ бол хүчирхийлэлгүй байх эртний уламжлалтай улс. Авлига бол хүчирхийлэл гэдгийг бид ойлгох ёстой.
|
| Зураг. Бишоп Коттон Сургуульд болсон Энэтхэг дэх Англи-Энэтхэг сургуулиудын захирлуудын холбооны 92 дахь бага хурал дээр Дээрхийн гэгээн Далай лам оролцогчдоос ирсэн асуултад хариулж буй нь … Бангалор, Энэтхэг 2014 оны 1 сарын 5 Зургийг: Тэнзин Чойжор |
Танхимаас нэгэн хүн "Та дотоод сэтгэлийн амар амгалангийн тухай их ярьдаг шүү дээ. Үүнийг хэрхэн, яаж олж авах вэ?" гэж Дээрхийн гэгээн Далай ламаас асуулаа. Тэрээр “Үүнд ойлгож мэдэх боловсрол, дадуулж эзэмших дадлага хэрэгтэй. Тухайлбал асуудлыг уур хилэнгээр шийдэх хэзээ ч тус болдоггүй гэдгийг ойлгох шаардлагатай. Уур уцаар бидний оюун санааны амар амгалан байдлыг алдагдуулж, бодож тунгаах чадваргүй болгодог. Уур хилэн, аливаад хэт автаж, хоргодох зан нь бидний бодит байдлыг харах өнцгийг гажуудуулдаг сэтгэл хөдлөлөөс үүддэг. Америкийн нэгэн сэтгэл судлаач, хүмүүс уурласан үедээ уурыг нь хүргэж буй зүйлийг бүхэлд нь сөрөг талаас нь хардаг ч үүний 90% нь зүгээр л бидний оюун санааны төсөөлөл байдаг гэж Дээрхийн гэгээнд хэлж байжээ. Иймэрхүү үндэслэлгүй, бодит бус хандлага нь аз жаргалтай үр дүнд хүргэдэггүй.
Дээрхийн гэгээнтэн анхаарал төвлөрлийн бясалгал, дасгал өөрт нь тусаа өгсөн нэгэн тохиолдлыг хуваалцлаа. 2008 оны 3-р сарын 10-нд, 1959 оны Лхасын бослогын ойгоор Төвөдөд жагсаал цуглаан болж байгаа тухай мэдээ түүнд хүрчээ. Тэрээр үүнээс болж учирч болзошгүй зүйлсийн талаар бодон түгшиж, юу ч хийж чадахгүй гэх арга мухардсан мэдрэмжид автжээ. Ингээд Хятадын албан тушаалтнуудаас уур хилэн, үзэн ядалт, хүчирхийллийг нь аваад, оронд нь хайр, нигүүлслийг өгч буйгаар төсөөлөн бясалгасан байна. Энэ дасгал бодит байдалд ямар нэгэн үр нөлөө үзүүлээгүй ч сэтгэлээ үймцүүлэхгүй, амар амгалан байхад нь тусалсан гэв.
Дараа нь VIII зууны Энэтхэгийн буддын их багш Шантидевагийн
"Залруулж болох тохиол аваас
Уурлаж бухимдахын хэрэг юун
Залруулж болшгүй тавилан бол
Уурлаж ундууцлаа ч нэмэр юун” хэмээх сургаалыг эш татаад, энэ бол оюун санаа, нийтлэг ойлголтыг хэрхэн ашиглах ёстойг харуулсан жишээ гэдгийг онцлов.
Мөн “Өөрчлөлт бол хувь хүнээс эхэлдэг. Өөрийгөө өөрчил. Бусдын сайн сайхныг бод. Энэ хандлагыг гэр бүл, айл хөршийнхөнтэйгөө хуваалц. Бидэнд боловсролоор дамжуулан нийгмийг өөрчлөх найдвар бий. Үүнийг Засгийн газар эсвэл бусад байгууллагууд хийхгүй. Энэ бүхэн хувь хүнээс л эхэлнэ" гэлээ.
Төгсгөлд нь Дээрхийн гэгээнтэн Англи, Энэтхэгийн хамтарсан сургуулиудын Энэтхэгт оруулсан хувь нэмрийг үнэлж талархлаа илэрхийлэв. Энэтхэг бол дэлхийн хамгийн том, хамгийн олон хүн амтай ардчилал бөгөөд түүний ардчилал, хууль зүй, үг хэлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь энэ орныг хөрш орнуудынхаас нь хамаагүй илүү тогтвортой улс болгосон гэдгийг тэмдэглэжээ. Тэрээр өөртөө итгэх итгэл, шударга зан болон ил тод байдалтайгаар Энэтхэг амжилттай ирээдүйг байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
(Дээрхийн гэгээн Далай ламын хэлсэн үг, оролцогчдоос тавьсан асуултуудын бичлэгийг http://youtu.be/1OYDITnmSeY хаягаар үзэж болно.)
Орчуулсан С.Баярмаа










