Мексик улс, Мехико хот. Дээрхийн гэгээн ХIV Далай лам 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө Банамекс (Фундидора) их танхимд болох “Хууль засаглал хийгээд Хүний үнэ цэн” олон улсын III бага хуралд илтгэхээр зочид буудлаас гарахын Иран улсын иргэн, Нобелийн шагналтан Ширин Ибадитэй хэсэгхэн зуур уулзав.
![]() |
Банамекс танхимд зохион байгуулж буй “Хууль засаглал хийгээд Хүний үнэ цэн” олон улсын III бага хурлын үеэр Дээрхийн гэгээн, Ширин Ибади нар үзэгч олонтой мэндчилж буй нь... Mексик улс, Mонтеррей муж, Mехико хот. 2011 оны 9 дүгээр сарын 9. Гэрэл зургийг Рүтэрс. |
Дээрхийн гэгээн дараа нь Ширин Ибадитэй хамт танхимд хүрэлцэн ирэхэд Каса Төвөд Монтеррейгийн гишүүд халуун дотноор угтан авч, Монтеррей дахь үйл ажиллагааны зохион байгуулагч Хавьер Бенитес Гомез, Кристина Гонзалес Парас нар хүлээн авлаа.
Дээрхийн гэгээн “Өгөөмөр, энэрэх сэтгэлээр энх тайвныг цогцлоох нь” сэдвээр илтгэхээсээ өмнө “Нуэво Леон мужийн Шашны зөвлөл”-ийн гишүүд болон мужийн зарим зочинтой товч уулзав.
Тэрбээр илтгэлдээ аз жаргалын үндэс нь энх тайван гэдгийг хэлэв. “Бид ихэвчлэн хоёрдогч зүйлд хэт их ач холбогдол өгч, халуун дулаан сэтгэлийг орхичихдог. Иймд материаллаг хөгжил хийгээд чинээлэг хүмүүс хүртэл сэтгэлийн гүндээ ганцаардаж явдаг юм. Дотоод үнэт зүйлсийн ач холбогдлыг одоо эрдэмтэн судлаачид ч анхаарал, сонирхлоо хандуулж эхэлж байна. Энэ тал дээр буддын шашинтай хүмүүс дотоод ертөнцийн талаар илүү мэдлэг мэдээлэлтэй тул сэтгэлийг шинжлэх буддын уламжлалт үзэлд эрдэмтэд улам ач холбогдол өгч анхаарал хандуулж байна гэв. Цаашлан АНУ-д хэд хэдэн их сургууль сүүлийн 10 жил сэтгэл хөдлөлийн талаар эрчимтэй судалгаа хийж байгаа бөгөөд үр дүнгээс нь сонирхуулбал сөрөг сэтгэл хөдлөл дархлааг дарангуйлж байхад эерэг сэтгэл хөдлөл биднийг тайван, аз жаргалтай болгодог нь тогтоогджээ”.
|
“Хууль засаглал хийгээд Хүний үнэ цэн” олон улсын III бага хурлын үеэр Дээрхийн гэгээн Далай лам айлдвар айлдаж буй нь... Mексик улс, Mонтеррей муж, Mехико хот. 2011 оны 9 дүгээр сарын 9. Гэрэл зургийг Роландо Зентено /Каса Tөвөд Mонтеррей. |
Дээрхийн гэгээнд бизнес эрхэлдэг найз нөхөд болон олон улсын корпорацийн хуулийн зөвлөхүүд дэлхийн эдийн засгийн хямралын тухайтад өнөөгийн эдийн засгийн хямралын шалтгааны нэг нь асар их шунал хэмээсэн бөгөөд “Үүнээс үзэхэд уг хямрал бидний өөрсдийн сэтгэлээс үүдэлтэй нь тодорхой. Экологи, байгаль орчны хямрал ч бүхэллэг бус, харилцан холбоогүй зэрэг сөрөг хандлагаас улбаатай аж. Мексик гэлтгүй дэлхийн олон улсад орших авлигын асуудал байгаа бөгөөд үүний уг нь ёс суртахуун, үнэт зүйлсийн гачигдалтай холбоотой юм” хэмээн айлдав.
Тэрбээр Мексикийн хойд хил орчим дахь мансууруулах бодистой холбоотой хүчирхийллийн талаар “Мансууруулах бодис хэрэглэдэг болон архинд донтох хандлагатай хүмүүсийн дотор дутуу, хоосон орон зай байдаг бөгөөд энэ нь боловсрол, хүмүүжилтэй холбоотой байж болох билээ. Энэ бүхнийг харгалзан үзвэл энэрэл, өгөөмөр сэтгэл, дотоод үнэт зүйлд илүү анхаарах нь нэн чухал юм” хэмээжээ.
Дээрхийн гэгээн Монтеррей хотод болсон арга хэмжээнд айлдвар айлдсаны дараа хэвлэлийн төлөөлөгчидтэй богино хугацааны уулзалт хийж, Мехико хот руу нисжээ.
Мехико хотын нисэх буудалд хүрмэгц Дээрхийн гэгээн шууд ерөнхийлөгчийн ордон Лос Пинос руу явж, Мексикийн ерөнхийлөгч Фелипе Калдерон, тэргүүн хатагтай Маргарита Савара де Калдеронтой уулзав. Далай лам ерөнхийлөгч Калдеронтой 45мин орчим ярилцжээ. Уг уулзалтад Дээрхийн гэгээний нарийн бичгийн дарга Чиммэ Р.Чойкүпа, Америк дахь төлөөлөгч Лувсан Няандак, Латин Америк дахь ТТЗ-ийн төлөөлөгч Цэвээн Пунцаг, “Каса Tөвөд Mексик” байгууллагын тэргүүн Марко Антонио Карамууд нар оролцсон байна.
|
| His Holiness the Dalai Lama meets with members of the press in Mexico City on September 9, 2011. Photo/Yeonsuk Ka |
Уг уулзалтын дараа Дээрхийн гэгээн Мехико хотын Маркиз Реформа зочид буудалд 400 гаруй сэтгүүлч оролцсон, асар өргөн хүрээт хэвлэлийн уулзалтад оролцжээ.
Хэвлэлийн бага хурлын дараа Далай лам өрөөндөө эргэн ирж, Мексикийн ерөнхийлөгч асан Висенте Фокс, тэргүүн хатагтай асан Марта Сагаун де Фокс болон тэдний гэр бүлийнхэнтэй уулзав. Марта Сагаун де Фокс өмнө нь Нью Йорк хотод болон Мексикт Дээрхийн гэгээнтэй хэд хэдэн удаа уулзаж байжээ. Ерөнхийлөгч асан Висенте Фокс Дээрхийн гэгээнийг Гуанахуато мужийн судалгаа, номын сан, музейн нэгдсэн төв “Vicente Fox”-т айлчлахыг урьсан бөгөөд Дээрхийн гэгээн дараагийн онд Мексик улсад дахин ирж, Гуанахуатод айлчлахаар болжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










