Аргентин улс, Буэнос Айрес хот. 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Аргентин улсын телевизийн хамгийн амжилттай нэвтрүүлэгт хөтлөгч Сусана Хименестэй ярилцжээ.
![]() |
Сусана Хименестэй хийсэн ярилцлагын дараа... Аргентин улс, Буэнос Айрес хот. 2011 оны 9 дүгээр сарын 14. Гэрэл зургийг Помпи Гутниски. |
Ярилцлагын үеэр Дээрхийн гэгээн ёс зүй, ёс суртахуун, түгээмэл болсон авлигал хийгээд нийгмийн асуудлууд дах, хэвлэл мэдээллийн үүрэг болон тэтгэвэрт гарах тухай зэрэг олон асуултад хариулсан бөгөөд ярилцлагыг тус оройноо нэвтрүүлжээ.
Ярилцлагын дараа Дээрхийн гэгээн Луна Парк цэнгэлдэх хүрээлэн рүү мордож, тэнд 6500 хүний өмнө “Цөвүүн цагт ч жаргалыг олох нь” сэдвээр нийт олонд айлдвар айлдав.
Дээрхийн гэгээнийг цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа ирэхэд түүний айлдварыг сонсохоор ирсэн сүсэгтэн олны уртаас урт дараалал үүссэн байжээ. Аргентины хүчнийхэн болон харуул хамгаалалтын ажилчид зохицуулалт хийснээс үүдэн дотогш олон хүн нэвтрэх боломжгүй байв. Mөн Буэнос Айрес хотод саатах хугацаанд нь Аргентины цагдаагийн байгууллага өндөр түвшний хамгаалалтыг үзүүлж байв. Дээрхийн гэгээн тайзны арын өрөөнд 10мин амарч, үзэгч олныг цэнгэлдэхэд орж дуусахыг хүлээлээ.
Дээрхийн гэгээнийг тайзнаа залрахын өмнө айлчлалыг зохион байгуулагч Кагью Tэгчин Чойлин, Дунгьолинг Дүркпа Кагью төвийн нэрийн өмнөөс профессор Хорасио Э.Араухо (Санж Дорж лам) Дээрхийн гэгээнийг угтан мэндчилж, түүнийг сонсогч олонд танилцууллаа. Дээрхийн гэгээн тайз руу алхах үед үзэгчид суудлаасаа босож, хүндэтгэл үзүүлэн, алга ташин, халуун дотноор хүлээн авчээ.
Дээрхийн гэгээн “Цөвүүн цагт ч жаргалыг олох нь” сэдвээр цаг гаруй айлтгал айлдаж, дараа нь нийт олны асуултад хариулав. Үзэгчдийн дунд Аргентин улсын бүхий л давхаргын хүмүүс ирсэн байхаас гадна Чили, Уругвай улсаас хүмүүс зорин иржээ. Мөн тулгуур эрхтэн, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд ч оролцсон бөгөөд зохион байгуулагчид тэдэнд зориулан дохионы хэлний хэлмэрчийг ажиллуулж байв.
|
Буэнос Айрес хотын 6500 гаруй үзэгчтэй уулзалтын үеэр... Аргентин улс, Буэнос Айрес хот. 2011 оны 9 дүгээр сарын 14. Гэрэл зургийг Помпи Гутниски. |
Дээрхийн гэгээн хүмүүсийн хичээл зүтгэл, анхаарал төвлөрөлд гүнээ урамшин талархжээ. Энэ үйл явдлыг давхар цахимаар шууд дамжуулсан бөгөөд 6554 хүн шууд дамжуулалтаар үзжээ.
Далай лам үдийн дараа Луна Парк цэнгэлдэх хүрээлэнд дахин ирж, Чайкава гэвшийн зохиосон “Сэтгэл суралцах долоон үндэс” номын айлдвар айлтгав. Энэхүү сургаалд мөн 6500 хүн оролцов. Tэрбээр ойролцоогоор цаг хагасын турш сэтгэл сургалтын нийт ойлголтын талаар дэлгэрүүлэн ярьж, дараа нь ХII зуунд Чайкава гэвшийн бичсэн “Сэтгэл суралцах долоон үндэс” номын өгүүлбэр бүрийг задалж, зангидсан утгыг нь нэг бүрчлэн тайлбарлалаа.
Сонсогчид төвлөрөл сайтай, идэвх сонирхолтой байсан тул Дээрхийн гэгээн тогтоосон хугацаанаасаа давуулан үлдсэн цагтаа олон нийтийн асуултад хариулжээ.
|
Луна Парк цэнгэлдэх хүрээлэн. Аргентин улс, Буэнос Айрес хот. 2011 оны 9 дүгээр сарын 14. Гэрэл зургийг Помпи Гутниски. |
Сургаалын төгсгөлд айлчлалын зохион байгуулагчдыг төлөөлөн Ринчен лам Дээрхийн гэгээнд Аргентин улсад морилон саатаж, үнэт сургаалаа айлдсанд талархал илэрхийлэв. Тэрээр мөн Дээрхийн гэгээн Далай ламын Буэнос Айрес хотын айлчлалын зохион байгуулалтаас хурсан ашиг орлогоос Аргентины нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “La Red Solidaria”, “Conin Foundation”, “Los Piletones” хэмээх гурван байгууллагад мөн Нью-Йорк хотод төвтэй “Далай ламын сан”-д хандив өргөнө гэдгээ олон нийтэд мэдээлэв.
Дээрхийн гэгээнг цэнгэлдэх хүрээлэнгээс мордох мөчид үзэгчид “ Дээрхийн гэгээн XIV Далай лам урт насалж, удаан жаргаарай” хэмээн ерөөж, олон хүн цэнгэлдэхийн гадна гарч, Дээрхийн гэгээний даллан үдсэн аж.
Дээрхийн гэгээн XIV Далай лам маргааш өглөө Сан Пауло хот руу нисэж, үдийн дараа Бразил улсын аж үйлдвэр, бизнесийн салбарын удирдагчда айлдвар айлдана.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










