Бразил улс, Сан Пауло хот. 2011 оны 9 дүгээр сарын 15-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам Буэнос Айресаас хөөрсөн нислэг удааширснаас болж анх төлөвлөсөн цагаасаа 3 цаг орчим хоцорч, Бразил улсын хамгийн том хот Сан Паулод хүрэлцэн иржээ. Тэрбээр “Сан Паулу-Гуарулхос” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад түүнийг Палас Атена холбооны үүсгэн байгуулагч, профессор Лиа Дискин, доктор Эдуардо Жоргет Мартинс Алвес Собриньо, Сан Пауло хотын захиргааны төлөөлөгч Хосе Грегорио, Энэтхэгийн ерөнхий консулын газрын ажилтан Абхилаш Жоши, Бразил улсад үйл ажиллагаа явуулдаг Дарма төвүүдийн гишүүд хүндэтгэлтэйгээр угтан авав.
![]() |
Дээрхийн гэгээн Дэлхийн худалдааны төвд зочлон ирэхүйд зураглаачид угтан авч буй нь... Бразил улс, Сан Пауло хот. 2011 оны 9 дүгээр сарын 15. Гэрэл зургийг Рүтер /Начо Доче. |
Бразил улсын бизнес, аж үйлдвэрийн салбарын удирдагчдад айлдвар айлдах зорилгоор ирсэн тул нисэх онгоцны буудлаас шууд Дэлхийн худалдааны төвийн театр луу морилжээ. Дэлхийн худалдааны төвийн Конвеншн төвд хөл тавимагц зураглаачид тосон авчээ. Театрт хүрэлцэн ирэхэд Дэлхийн худалдааны төвийн тэргүүн, доктор Кристиане Боумени, Бразил улсын нисэхийн салбарыг шинэчлэгч, доктор Озирес Силва, Бразилын Бизнес форумын ерөнхийлөгч Фернандо Леви, Сан Пауло мужийн дэд захирагч Афиф Домингос тэргүүт хүмүүс угтаж, хүндэтгэл үзүүлэв. Илгээлтийнхээ эхэнд Дээрхийн гэгээн өнгөрсөн зууны түүхэн туршлагыг дурдаж, “ХХ зуунд туйлын их цус урсаж, олон сая хүн амь насаа алдсан учир бид ХХI зуунд энэ алдаагаа давтаж болохгүй. Асуудал байсаар л байх боловч шийдэх арга нь энх тайван, ойлголцол, харилцан хүндэтгэлд суурилсан байх ёстой. Tиймдээ ч энэ зууны хамгийн чухал хэрэгцээ бол яриа хэлэлцээр бөгөөд хүчирхийлэл, дарамт шахалт нь үеэ элээсэн, асуудлыг шийдвэрлэх арга биш болсон билээ.
Нийгэмд баян, ядуугийн зөрүү олон бэрхшээлийн эх сурвалж болж байна. Давуу эрх эдэлж бүхий хүмүүс нийгмийн өмнө илүү хариуцлага үүрэн, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бусад салбарт хөрөнгө оруулж, нийтэд өгөөжтэй үйл хэрэгт чиглэсэн хандлагатай байх шаардлагатай. Байгалийн баялаг дуусашгүй, мөнхөд ундраад байхгүй тул эдийн засгийн өсөлтийг зөвхөн ашиг орлогод тулгуурлалгүй урт хугацааны тогтвортой хөгжил, экологийн тэнцвэрт байдлыг эрхэмлэн зохицуулах нь бизнес эрхлэгчдийн үүрэг мөн билээ. Аливаа шийдвэр гаргахдаа алсын хараатай байж, хүний сайн сайхныг эрхэмлэсэн, нийгэмд бодит үр өгөөжтэй алхам хийх ёстой юм шүү” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн дараагийн уулзалтаас хоцорсон ч төлөвлөснөөс удаан тохинон сууж, бараг 2 цаг гаруй айлдвар айлдан, сонсогчид, бизнесийн салбарынхны олон асуултад хариулжээ. Танхмыг дүүргэн цугласан сүсэгтэн олон түүний хэлэх үг бүрийг анхааралтай сонсож, алс холын мужуудаас онгоцоор нисэж ирсэн олон хүний сэтгэл ихэд догдолсон байв. Үйл ажиллагааны төгсгөлд Дээрхийн гэгээн доктор Озирес Силва, доктор Кристиане Боуменид хадаг барин, тэдний хөдөлмөр зүтгэлд талархал илэрхийлж, уулзалтаа баяртайгаар өндөрлөлөө.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










