АНУ, Калифорни, Сан Хосе хот. 2010 оны 10 дугаар сарын 11. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ өглөө Калифорни мужийн Сан-Франциско хотод газардан, АНУ, Канад улсад хийх айлчлалаа албан ёсоор эхлүүллээ.
|
Дээрхийн гэгээн Далай лам Калифорни мужийн Сан-Хосе хотод морилон ирж буй нь... 2010 оны 10 дугаар сарын 11. Зургийг Лобсанг Вандү. |
Онгоцны буудалд Дээрхийн гэгээнийг Далай ламын Америк тив дэх төлөөлөгч Кашүр Лобсанг Няндак Заюл, Энэтхэг улсын Консулын газрын төлөөлөгч угтан авлаа. Үүний дараа Дээрхийн гэгээн номын айлдвар, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах Сан-Хосе хотыг зорилоо.
Сан-Хосе хотын зочид буудалд хүрэлцэн ирэхэд нь Гюто Важраяна төвийн Түвдэн Донё лам, Гэдэн Шоэлинг Төвөдийн Манзушри буддын төвийн Хэнсүр Ринбүчи Лобсанг Жамьяан, Стэнфордын Их Сургуулийн төлөөлөгчид, уг арга хэмжээг хамтран зохион байгуулагчид болох Хойд Калифорнийн Төвөд нийгэмлэгийн ерөнхийлөгч Кайдор Аукацанг, ерөнхий нарийн бичгийн дарга Цэдүп нар хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Түүнчлэн Хансүр Тэнзин Намгьял Тэтонг, Хансүр Пэма Чинжор, Сан-Франциско хот орчмын төвөд иргэд, дэмжигчид, сүсэгтэн олон Дээрхийн гэгээнийг бишрэл дүүрэн угтжээ.
|
Калифорни мужийн төвөд иргэд Дээрхийн гэгээнийг угтан авахаар хүлээж буй нь... 2010 оны 10 дугаар сарын 11. Зургийг Лобсанг Вандү. |
Энэ удаагийн айлчлалд Дээрхийн гэгээнийг Төрийн нарийн бичгийн дарга Тэнзин Такла, нарийн бичгийн дарга Цэгьям нар дагалдан яваа бөгөөд айлчлалын хүрээнд Калифорни, Жоржиа, Охайо, Флорида муж, Канад улсын Торонто хотод зочлохоор төлөвлөсөн ажээ.
Калифорни мужид байх хугацаандаа буюу 10 дугаар сарын 12, 13-нд бурхны номын айлдвар айлдахын зэрэгцээ Стэнфордын Их Сургуульд хоёр өдөр саатаж, “Энэрэл нигүүлсэл, шинжлэх ухаан хийгээд нийгэм” сэдэвт цуврал хөтөлбөрүүдэд оролцох юм.
2010 оны 10 дугаар сарын 12
Өглөө: Хойд Калифорни мужийн төвөд иргэдтэй уулзана. Сан-Хосе Конвеншн төв
Үдээс хойш: “Сэтгэл оюуныг хувирган бэлтгэх найман бадагт шүлэг: Энэрэн нигүүлсэх сэтгэлийг сэрээхүй” сэдэвт номын айлдвар. Сан-Хосе Конвеншн төв (англи, хятад, вьетнам, монгол, испани хэлээр)
2010 оны 10 дугаар сарын 13
Өглөө: Амитаба бурхны авшиг. Сан-Хосе мужийн их сургуулийн төв (англи, хятад, вьетнам хэлээр)
2010 оны 10 дугаар сарын 14
Өглөө: “Хүний амьдрал болоод нийгмийн энэрэн нигүүлслийн гол үзэл” сэдэвт олон нийтэд зориулсан илтгэл. Стэнфордын Их Сургууль, Пало-Алто
2010 оны 10 дугаар сарын 15
Бага хурал: “Энэрэл нигүүлсэл хийгээд энэрэнгүй зан чанарыг шинжлэх ухааны үүднээс судлах нь”
Стэнфордын Их Сургуульд зохион байгуулах арга хэмжээнүүдийн тасалбарын эрэлт их байгаатай холбогдуулан олон нийтэд шууд дамжуулалтаар хүргэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Стэнфордын Их Сургуулийн албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой. http://dalailama.stanford.edu/










