Япон улс, Токио хот. 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ өглөө Токио хотын Нарита нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг Япон, Зүүн Ази дахь Дээрхийн гэгээн Далай ламын төлөөллийн газраас Лхагва Цоко, Коясан Их Сургуулийн багш Фүжита Кокан, Сайто Угяэн тэргүүт лам хувраг, Төвөдийг дэмжигч нэр хүндтэй япон иргэд хүлээн авчээ.
![]() |
Дээрхийн гэгээн Японы Токио хотод ирэх үедээ хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж буй нь… Япон улс, Токио хот. 2011 оны 10 дугаар сарын 29. Гэрэл зургийг Кимимаса Маяама. |
Дээрхийн гэгээн Осака хот руу хөдлөхөөс өмнө Япон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзан, Япон улсад дахин ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Сэтгүүлчид энэ удаагийн айлчлалын зорилгын талаар асуухад тэрбээр “Япон улс энэ жил байгалийн гамшигт ихэд нэрвэгдлээ. 4 дүгээр сард байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн төлөө залбирах боломж олдсон ч өөрийн биеэр ирж, тэдэнтэй хамт байхыг хүссэн юм. Иймээс энэ удаа Коясан Их Сургуульд айлдвар айлдсаныхаа дараа гамшигт өртсөн бүс нутагт очиж, залбирал өргөн, аргадан тайтгаруулж, тэдний зовлонг хуваалцан, хамт байх болно” хэмээн хариулжээ.
2012 онд Хятад улсын удирдлагад гарах өөрчлөлт найдвар авчрах эсэх талаар сонирхон асуухад Дээрхийн гэгээн “Улс төртэй холбоотой асуулт байна. Би бээр улс төрийн албан тушаалаасаа бүрэн татгалзсан. Гэхдээ хувийн байр сууриа хэлбэл, Ху Жиньтао эрх мэдлийг авах үед олон хүн эерэг өөрчлөлт хүлээж байв. Эвт нийгмийг чухалчилж хэлэхэд нь би бүрэн дэмжиж байлаа. Харин уг явдлаас 10 жил өнгөрлөө. Одоо та бүхний харж байгаачлан Хятад улсад жинхэнэ эвтэй байгаа эсэх нь мэдэгдэх буй за. 2008 оны Төвөд дэх үйл явдал, 2009 онд Уйгурт, 2011 онд Өвөр Монголд болсон үйл явдал бол бодит байдлын гэрч. Эвт нийгэм бол сайн зорилго ч гэлээ хэрэгжүүлж буй арга нь тун буруу. Эв зохицол зүрх сэтгэлээс төрөх ёстой агаад гол хүчин зүйл нь итгэл билээ. Харин итгэл, айдас хоёул зэрэгцэн оршиж чадахгүй. Тиймээс дараагийн удирдлага том өөрчлөлт авчрах эсэхийг хэлэхэд хараахан эрт байна” хэмээн хариулав.
Төвөдийн лам нар сайн дураараа зулын гол болгох үйлдлийн талаар асуухад Дээрхийн гэгээн “Төвөдийн өөрийн хүслээр зулын гол болох үзэгдлийн өсөлтийг философи, шашин, улс төрийн өнцгөөс судлах хэрэгтэй. Энэ бол гүнзгий цөхрөл агаад итгэл найдваргүй болсны шинж. Хятадын удирдагчид энэ гашуун үзэгдлийг илүү ноцтой авч үзэх ёстой бөгөөд хатуу чанга арга барил нь хэнд ч сайн зүйл авчрахгүй юм” хэмээлээ.
Японы Засгийн Газарт Төвөдийн асуудлыг дэмжих талаар ямар санал зөвлөмж өгөхийг хүсэж байгаа талаар асуухад Дээрхийн гэгээн “Япон бол ардчилсан улс. Засгийн Газар нь ард түмнээс бүрддэг учир японы ард иргэд энэ асуудлаар засгийн газарт илүү сайн санал хүргэх боломжтой” хэмээн хариулав. Тэрбээр хувийн байр сууриа илэрхийлэхдээ Төвөдийн асуудал бол шударга ёсон, ёс суртахууны асуудал бөгөөд ард түмнээр дамжин үндэсний парламентын үйл ажиллагаанд тусгалаа олж байх ёстой” гэсэн юм.
Хувилгаан дүрийн асуудал болоод Хятадын оролцооны тухайд “Коммунист засгийн газар шашинд итгэдэггүй. Tэдний хувьд нас барсны дараах амьдрал гэж байдаггүй. Тэгэхээр хойд дүр гэж байхгүй! Гэтэл тэд Далай ламын дараагийн дүрийг тодруулах гэж оролддог. Далай лам улс төрийн хүн биш болчихсон. Хэрвээ тэд үнэхээр л санаа тавьж байгаа бол эхлээд шашинд итгэх хэрэгтэй. Түүний оронд Мао Зэдун, Дэн Сяопин нарын хувилгааныг хайвал дээр биш үү?” хэмээн хошигножээ.
|
Дээрхийн гэгээн Далай ламыг Осака хотод байрлах зочид буудалдаа ирэхэд угтан авч буй нь… Япон улс, Осака хот. 2011 оны 10 дугаар сарын 29. Гэрэл зургийг Дэнзин Чойжор. |
Коясан Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулж Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Японд урьсан явдал биелэлээ олжээ. Коясан Их Сургууль Япон улсын буддизмын Шингон урсгалын гол төвийн нэг бөгөөд Дээрхийн гэгээн Коясаны Конгобүжи сүмд лам, гэлэнмаа болон олон нийтэд “Очир эрхийн авшиг” хүртээх юм. Үүний дараа Дээрхийн гэгээн байгалийн гамшигт ихэд нэрвэгдсэн Сэндай хотод айлчлан, цацраг идэвхийн нөлөө бүрэн арилаагүй Фүкүшима мужид очихоор төлөвлөжээ.
Маргааш Дээрхийн гэгээн XIV Далай лам Осака хотод “Зүрхэн судар”-ын тайлбарыг айлдаж, “Цөвүүн цагт аз жаргалыг олох нь” сэдэвт яриа хийх бөгөөд 6000 орчим хүн оролцох аж.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










