2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тируванантапурам хот, Керала муж, Энэтхэг улс
Өглөө Дели хотоос Мумбайгаар дамжин ниссэний дараа Дээрхийн гэгээн Далай ламыг Тривандрумын нисэх буудалд шашны удирдагчдын төлөөллөөс бүрдсэн бүлэг баг хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Тэдний дунд Шри Нараяана Дхарма Сангхам Трастын ерөнхий нарийн бичгийн дарга Бх. Шри Ритхамбаранананда Свамикал байж, Дээрхийн гэгээнд уламжлалт хүндэтгэлийн алчуур өргөн барив. Мөн Сивагири Муттаас Свами Гурупрасад мөн угтах ёслолд оролцов.
![]() |
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Тривандрум хотын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд шашны удирдагчид хүндэтгэлтэйгээр угтаж буй нь. Энэтхэг, Керала муж, Тривандрум хот. 2012 оны 11 дүгээр сарын 23. Зургийг: Жереми Расселл / OHHDL |
Түүнчлэн Энэтхэгийн (Маланкары) Ортодокс Сүмийн Тируванантапурама диоцезийн митрополит Габриель Мар Грегориос, Фр. М. Александр Вайдян нар Дээрхийн гэгээнтэй мэндчилж, Сүмийн хорооны гишүүд болох Проф. Жейкоб Жон, Бабу Парайил нар дагалдан иржээ. Хууль тогтоогч асан Жозеф М. Пудхисер ч мөн бусдын адил Дээрхийн гэгээнийг хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.
Зочид буудалдаа ирсний дараа Дээрхийн гэгээнийг Ерөнхий менежер Энэтхэгийн уламжлалт хүндэтгэлийн тосон дэн асаах ёслолд урив. Өдрийн ажлыг өндөрлөхийн өмнө тэрээр Эрүүл мэнд, Гэр бүлийн халамж болон Девасвомын (сүмийн хэрэг) хариуцсан сайд В. С. Сивакумартай уулзлаа. Сайд Сивакумар Керала мужийн Засгийн газрын нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнд бэлэг дурсгал гардуулахын зэрэгцээ Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд бүтээсэн логог олон нийтэд нээж өгөхийг хүсэв.
Маргааш Дээрхийн гэгээн Варкала хот дахь Сивагири Муттад болох 80 дахь удаагийн Сивагири жилийн мөргөлийн нээлтэд хүрэлцэн очно. Харин түүнээс дараагийн өдөр тэрээр Коччи хотод зохион байгуулагдах Маланкары Ортодокс Сири сүмийн 100 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдан оролцох юм.










