Франц улс, Тулуз хот. 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дээрхийн гэгээн Далай лам Женев хотоос Тулуз хотод 1600 цагийн үед хүрэлцэн ирэв. Түүнийг онгоцны буудалд бүрэн эрхт элчин сайд Гэлсан Жялцэн, “Тулуз-2011” арга хэмжээний зохион байгуулах хорооны гишүүд, сүнслэг удирдагчид, францын хэвлэл мэдээллийнхэн углан авчээ.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам Тулуз хотод морилон ирмэгцээ сэтгүүлчидтэй уулзаж буй нь... Франц улс, Tулуз хот. 2011 оны 8 дугаар сарын 13. Гэрэл зургийг Александра Силва. |
Дээрхийн гэгээн сэтгүүлчдэд яриа өгөх үедээ Франц улсын ард түмэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, Францын өмнөд нутагт дахин ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Дээрхийн гэгээн айлчлалынхаа гол зорилгыг өөрийн энэ насныхаа турш мөрдөж буй хоёр амлалт болох хүмүүний нийтлэг үнэт зүйл, халуун дулаан сэтгэл, шашны эв нэгдлийг түгээн дэлгэрүүлэх үйлсээ үргэлжлүүлэхэд оршино хэмээв. Эдгээрийг гурван өдрийн нийтэд зориулсан уулзалтад дэлгэрэнгүй тайлбарлана хэмээжээ.
Нэгэн сэтгүүлчийн “Таны энэ удаагийн айлчлалын гол онцлог юу вэ?” гэсэн асуултад Дээрхийн гэгээн “Энэ бол миний Франц улсад хийж буй айлчлал дундаас анхны удаагаа ямар ч төрийн эрх мэдэлгүй хийж буй айлчлал” хэмээн тодотгон хариуллаа.
“Ардчиллын үзэл санаа залуу наснаас минь гүнээ нөлөөлсөн. Ертөнц гэдэг нь хаан, шашны удирдагч эсхүл улс төрийн намд бус бүх хүн төрөлхтөнд харьяалагдах ёстой. Тиймээс 2011 оны 8 дугаар сарын 8-нд болсон сонгуульд ялалт байгуулж сонгогдсон төвөдийн удирдагчид төрийн захиргааны бүх эрх мэдлээ сайн дураараа шилжүүлсэндээ сэтгэл ихэд хангалуун байна. Төвөдийн 2000 гаруй жилийн түүхэнд анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон улс төрийн удирдагч төрийн тэргүүний үүргээ хүлээн авлаа” хэмээн цохон тэмдэглэв.
Дээрхийн гэгээн Хятад улсад эрх чөлөө, ил тод байдлыг шаардах дуу хоолой тасралтгүй өсөж буйг дурдсан юм. Тэрбээр Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн улс төрийн шинэчлэлийн тухайд “Хятад улс олон улсын чиг хандлага болох илүү нээлттэй байдал, эрх чөлөө, ардчиллаас зугтах ямар ч боломжгүй билээ” хэмээн дуугарсныг жишээ татаж өгүүлэв.
|
| His Holiness is greeted by well-wishers on his arrival at his hotel in Toulouse, France, on 12 August 2011. Photo/Alexandra Silva |
Дээрхийн гэгээн буудалдаа ирэхүйд буудлын өмнө цугласан төвөд иргэд, түүн дотор Төвөдийн парламентын гишүүн, лам Түвдэн Вангчен, франц иргэд түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Дээрхийн гэгээн ирэх хоёр өдөрт Камалашилагийн “Бясалгалын дунд шат”-ны айлдварыг айлдаж, 8 дугаар сарын 15-нд нийтэд зориулсан лекц унших юм. Эдгээр айлдварыг хятад, вьетнам зэрэг найман хэлээр орчуулан хүргэнэ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










