Япон улс, Нагано хот. 2010 оны 6 дугаар сарын 20. Японы 200 гаруй буддын шашны лам хуврагтай хийсэн хэлэлцүүлгийн үеэр Далай лам “Япон улс өндөр хөгжсөн шинжлэх ухааны мэдлэг, эртний буддын уламжлалаа хослуулснаар буддын шашны шинжлэх ухаанчдыг төрүүлэн гаргах бүрэн боломжтой. Япон улсын буддын шашны бясалгагч лам хуврагууд эрдэмтэдтэй яриа өрнүүлж, энэрэл нигүүлсэл тэргүүт үнэт зүйлсийг шинжлэх ухаан, шашныг хэрхэн ойлгож, хэрхэн дөхөн нийлэх боломжтойг хамтран судлахыг уриалж байна.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам зочид буудалдаа 200 гаруй сүсэгтэн олныг хүлээн авч уулзаж буй нь...Япон, Нагано. Зургийг Тэнзин Чойжор |
Сүүлийн жилүүдэд буддын уламжлал болоод барууны эрдэмтдийн дунд зохиогдож буй секуляр шинжтэй хэлэлцүүлгүүд нь бясалгал хүний бие, сэтгэлийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлдөг талаар олон нийтийн анхаарлыг ихэд татах болсон. Судалгааны дүнгээр тайван, төвлөрсөн сэтгэл стресс, цусны даралтыг бууруулдаг нь тогтоогджээ. Мөн өөр нэгэн судалгаанд хүн уур хилэнтэй болох үед аливаа зүйл туйлын сөргөөр харагддаг. Тэр сөрөг байдлын 90 гаруй хувь нь хүний өөрийн оюун санааны төсөөлөл, бодит бус хийсвэрлэл байдаг гэдгийг судалсан байна. Орчин үеийн шинжлэх ухаан материаллаг хөгжилд урьд хожид байгаагүй хувь нэмэр оруулсан ч түгшүүртэй үед түүнийг бясалгал, энэрэлт сэтгэлээр номхотгох буддын сэтгэл судлалын шинжлэх ухаан түүнээс ч өмнө үүсэж хөгжсөн байдаг.
Бясалгал бол оюун санааг тайвнаар төвлөрүүлэх эрүүл арга. Сэтгэлийн амгаланг олоход тариа тарих, эм хэрэглэх шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд “Буддын шинжлэх ухаан” гэх ойлголт шашны хийсвэр, нууцлаг үзэл суртлын бус, бие хийгээд сэтгэлийн холбогдлын тухай судалгаа нь олон нийтийн сонирхлыг улам татах болжээ. Учир нь шинжлэх ухааны баримтууд бие махбод хийгээд сэтгэл зүйн эрүүл мэндийн салшгүй холбоотой болохыг батлах хандлагатай байна. Буддын шашныг гурван хэсэгт хуваан үзэж болдог.
АНУ-ын Стэнфорд, Висконсин, Эмори тэргүүт их сургуулиуд хэдийн тайван, тэнцвэртэй амьдралыг хөгжүүлэх судалгааны хөтөлбөрүүдийг боловсруулсан байдаг. Энэтхэгт буй лам хуврагууд уламжлалт буддын хичээл сургалтаас гадна орчин үеийн шинжлэх ухааныг давхар судалж эхлээд байна. Буддизмд сонирхолтой барууны эрдэмтэд еврей, христийн шашинтан, эсвэл огт шашингүй хүмүүс байдаг. Харин Наландагийн уламжлалт буддын шашныг өвлөн уламжилсан Япон улс логик, дүн шинжилгээ судалгааг чухалчилдаг секуляр хэлэлцүүлэгт асар их хувь нэмэр оруулж байгаа билээ” хэмээн айлдсан юм.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам буддын хуврагуудтай уулзаж буй нь...Япон, Нагано. Зургийг Тэнзин Чойжор |
Зэнкожи сүмийн албан төлөөлөгч Вэн Юкай Шимизү “Кокүсай зочид буудлын хурлын танхимд болсон Далай лам болоод японы буддын лам хуврагуудын хэлэлцүүлэг нь амьдралд тохиох ховор боломж юм. Учир нь японы олон лам хуврагт ийм хэлэлцүүлэгт оролцох боломж төдийлөн гардаггүй. Тэдэнд Далай ламаас суралцах үнэт боломж олдлоо шүү дээ” хэмээн мэдээлжээ.
Уг арга хэмжээг Япон улсын Бүх Японы буддын шашны холбоо, Нагано мужийн буддын шашны холбоо, Зэнкожи сүмийн үндэсний хамтран зохион байгуулсан билээ. Нагано хотод байрладаг Зэнкожи сүм нь Япон даяар 200 гаруй салбар сүмтэй, шашны томоохон төв аж.










