Франц улс, Тулуз хот. 2011 оны 8 дугаар сарын 13. Энэ өдрийн өглөө Дээрхийн гэгээн Далай лам зочид буудлаасаа хөдлөхийн өмнө Нидерланд улсын телевиз “Nederland 1” телевизийн сэтгүүлч, Нидерландын парламентын гишүүн асан Эрика Терпстрад ярилцлага өглөө.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам Тулуз хотод номын айлдвараа эхлэхийн өмнө... Франц улс, Tулуз хот. 2011 оны 8 дугаар сарын 13. Гэрэл зургийг Александра Силва. |
Дараа нь Дээрхийн гэгээн “Зенит” цэнгэлдэх хүрээлэнд морилж, Камалашилагийн “Бясалгалын дунд шат”-ны айлдвараа эхлүүлэв. Тэрбээр айлдвараа эхлэхдээ ялгаатай шашны уламжлал хоорондын судалгаа, биесээ ойлгох сэтгэлд суурилсан олон шашны зохицлын ач холбогдлыг тайлбарлав. Энэтхэг орны шашин хоорондын тэвчээр, эв эеийн түүхэн уламжлалыг жишээ болгон өгүүлэв.
Дээрхийн гэгээн Тулуз хотод хүрэлцэн ирсэн 6 бенедикт ламыг халуун дотноор угтан, шашин бүр харилцан бие биеэсээ суралцах боломжтой тухай тайлбарлав. Тэрбээр “Буддистууд христийн шашны өглөг, энэрэл үйлсийн уламжлалаас ихийг суралцаж болно. Зарим христийн шашинтнууд бясалгалын төвлөрөл, сэтгэл сургамжийн тухай буддын аргуудад сонирхолтой байдаг” хэмээв.
Үдийн амралтын үеэр Дээрхийн гэгээн хэсэг сэтгүүлийг хүлээн авч, нээлттэй, өргөн хүрээний ярилцлага өрнүүлэв. Дээрхийн гэгээнээс улс төрийн бүх эрх мэдлээ бүрэн шилжүүлэх шийдвэрийн талаар асуухад тэрбээр “Залуу наснаасаа ардчиллын үзэл санаанд татагдан ирсэн билээ. Төвөдийн уламжлалт төрийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг мэдэрч байх үедээ Энэтхэг улсад дүрвэн ирсэн юм. Ирсэн даруйдаа төвөд иргэдийн дунд ардчилсан тогтолцоог бий болгохыг зорьж, хүсэж ирлээ” хэмээн хариулав.
1954 онд Бээжин хотод Хятад улсын БХУ-ын Ардын их хуралд оролцохдоо тэрбээр коммунист удирдагчид нуршуу, нэг талыг хэт барьсан илтгэл тавьдаг, оюунлаг давхаргын төлөөллүүд дуугардаггүй болохоор хэлэлцүүлэг, солилцоо, идэвхтэй оролцоо бараг үгүй байдгийг анзаарчээ. Харин 1956 онд Энэтхэг улсын парламентад ирэхэд парламентын гишүүд санал бодлоо айж эмээлгүй, чөлөөтэй илэрхийлдэг аж. Эргэлзээ, шүүмж, хэлэлцүүлэг зэрэг нь түүнд гүн сэтгэгдэл үлдээжээ.
|
| His Holiness the Dalai Lama meets with journalists during a break in the teachings in Toulouse, France, on 13 August 2011. Photo/Alexandra Silva |
Дээрхийн гэгээн 2001 оноос хойш төвөдийн ард иргэд шууд сонгосон улс төрийн удирдагчтай болсон тул гавьяаны амралтдаа тал суусан, харин 2011 оны 3 дугаар сарын 10-нд улс төрийн удирдагчийн хувиар гавьяаны амралтаа бүрэн авлаа хэмээн мэдэгдэл хийж байжээ. Тэрбээр V Далай ламын 400 жилийн өмнө эхлүүлсэн улс төрийн тогтолцоог дарамт шахалтгүй, сайн дураар, амжилттай хааж дуусгасандаа баяртай байгаагаа хэлэв. “Шашин, төрийн эрх мэдэл тусдаа байх ёстой” хэмээн Дээрхийн гэгээн үргэлж хэлж ирсэн ч энэ хариуцлага өөр дээр нь төвлөрч байсан тул “хоёрдмол бяцхан мэдрэмж” төрдөг байсан хэмээжээ. Одоо улс төрөөс бүрэн холдсон тул тэрээр илүү тайван, илүү нийцтэй байдгийг дурдсан байна.
Хойд төрөл, дахин төрөлтийн талаарх асуултад Дээрхийн гэгээн 1969 онд хийж байсан албан ёсны мэдэгдлээсээ эш татав. “Далай ламын хойд дүрийн институц үргэлжлэх эсэх нь ард түмний хүсэл зоригоос хамаарна. Энэ асуудлыг төвөдийн шашны удирдагчидтай хэлэлцдэг билээ. Ирэх 9 дүгээр сард болох уулзалтаар мөн хэлэлцэнэ” хэмээн айлдлаа.
Мөн тэрбээр “Өөрийнхөө хойд дүрийн асуудлыг шийдэх цорын ганц эрх надад бий” хэмээн тодорхой хэлжээ. “Хятад улсын эрх баригчдын сонирхлын тухайд өнгөрсөн түүхийг үзвэд хятадын хоёр ч хаан хойд дүр тодруулахад оролцож байв. Энэ нь тухайн хаад буддын шашинт Далай лам хийгээд Ванчин богдын шавь байсантай холбоотой. Харин одоогийн Хятад улсын коммунист нам шашныг “хор”, Далай ламыг “чөтгөр” гэж нэрлэдэг бол тэд ямар зорилгоор “чөтгөрийн хойд дүр”-ийг тодруулах гэж байна вэ?” хэмээн ёжтойгоор асууж, “Хэрвээ үнэхээр хойд дүр байдагт итгэдэг бол эхлээд Мао, Дэн Сяопин нарын хойд дүрийг олцгоо” хэмээн хариулжээ.
Дээрхийн гэгээн жинхэнэ эв нэгдлийг бий болгодог ассизийн шашны уулзалтыг өндрөөр үнэлдгээ хуваалцав.
Айлдварт 20 гаруй улсын 7000 гаруй сүсэгтэн оролцжээ.
Дээрхийн гэгээн маргааш Камалашилагийн судрыг үргэлжлүүлэн тайлбарлах юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










