Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2011 оны 10 дугаар сарын 4. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ өдөр олон их сургууль, байгууллага, түүний дотроо Стелленбошийн Их Сургууль, Тутугийн төв, Махатма Ганди сангаас олон нийтэд зориулсан яриа хийх, Бишоп Тутугийн 80 насны ойн баярт лекц унших, мөн “Махатма Гандийн нэрэмжит Олон улсын энх тайван хийгээд эвлэрлийн шагнал” хүртэхээр Өмнөд Африк улсад морилох урилга авчээ.
Дээрхийн гэгээн Далай лам 2011 оны 10 дугаар сарын 6-14-ний өдөр Өмнөд Африк улсад айлчлах төлөвлөгөөтэй байв. Дээрхийн гэгээн болон түүнийг дагалдах хүмүүсийн визний мэдүүлгийг 8 дугаар сарын сүүлээр Шинэ Дели хотод байрлах Өмнөд Африкийн Дипломатын төлөөлөгчийн газарт өгч, гадаад паспортоо 9 дүгээр сарын 20-нд буюу хоёр долоо хоногийн өмнө бүрдүүлэн өгсөн байв.
Өмнөд Африкийн Засгийн Газар Дээрхийн гэгээн XIV Далай ламд виз олгоход бэрхшээлтэй буй нь тодорхой болсон тул тэрээр уг айлчлалыг цуцлахаар шийджээ.
Дээрхийн гэгээн дэлхий даяар хүний үнэт зүйл, шашин хоорондын эв нэгдэл, дэлхийн энх тайван, энэрэх хийгээд бусдыг эрхэмлэх сэтгэлийг түгээн дэлгэрүүлэхээр зорин аялдаг билээ. Түүний энэ зарчим, зорилго нь хаана ч очсон тэргүүн зорилт нь байдаг. Тиймээс Дээрхийн гэгээн хувь хүн болоод ямар нэгэн засгийн газарт төвөг удахыг хүсдэггүй билээ. Тиймээс түүнийг урьсан болоод айлдварыг нь сонсохоор хуран цугласан олонд төвөг удсандаа харамсаж буйгаа илэрхийлжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










