Герман улс, Хановер хот, 2013 оны 9 дүгээр сарын 20 - Дээрхийн гэгээн Далай лам Хановер хот дахь Вьетнамын "Вьен Гиак" хийдэд зочилсноор түүний Европын айлчлал өндөрлөх юм. Дээрхийн гэгээнийг угтан авч буй лам хуврагуудын дунд хуучны танил олон нөхөд нь байсан бөгөөд Дээрхийн гэгээнийг дагалдан дотогш орлоо.
|
Дээрхийн гэгээн Далай лам Хановер хот дахь Вьетнамын буддын шашны "Вьен Гиак" хийдэд морилон саатаж буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 20. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел. |
Дээрхийн гэгээн Бурхан багшийн сэрэг дүр бүхий шүтээнд хүндэтгэл үзүүлснийхээ дараа залбирал уншин, түнд зориулан зассан сэнтийд залрав. Яриагаа ийнхүү эхэллээ.
“Энэ хийдэд зочлох боломж олдсонд би бээр машид их баяртай байна. Түүхээс харахад Бурхан багшийн шавь нарын дундаас пали уламжлалыг баримтлагчид хамгийн ахмад нь бөгөөд санскрит уламжлалыг дагагчдаас хятадууд, дараа нь вьетнам, солонгос, япончууд ахмад залгамжлагчид болох юм. Буддын шашин төвөдүүд бидэнд арай сүүлд ирсэн тул бидэн шиг дүү шавь нар нь ахмад настнуудаа хүндэтгэх ёстой. Бурхан багш нирваан дүрийг үзүүлснээс 2500 гаруй жил өнгөрч байхад дэлхийн өнцөг булан бүрд байгаа шавь нар нь түүний сургаалыг дагасаар буй нь үнэхээрийн талархмаар явдал билээ.
XXI зуунд техник технологи өндөр хөгжсөн хэдий ч энэ нь аймшигт сүйрлийн шалтгаан болж болох юм. Дотоод амар амгаланг цогцлоохын тулд бид өөрсдийн дотоод мөн чанар, үнэт зүйлсдээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ингэж чадсан үед л бид технологийг бүтээлчээр ашиглаж чадах юм. Вьетнамын ард түмэн эх оронд нь болсон дайны үеэр орчин үеийн зэвсгийн хүчнээс болж асар их зовлон зүдгүүр, үлэмж их хохирол сүйрэл амссан билээ. Тэр үед Япон руу нисэж явахдаа Вьетнамын дээгүүр өнгөрч, онгоцныхоо цонхоор В52 бөмбөгдөгч онгоцыг харж байсан. Тэр үед доор, газарт буй хүмүүсийн тухай бодохгүй байхын аргагүй байлаа.
Өнөөдөр дэлхийн олон газар хүчирхийллийн эсрэг хүчтэй тэмцэж, энх тайвныг тогтоох гэсэн тууштай хүсэл эрмэлзэл бий болжээ. Дайны эсрэг, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнүүд хүчтэй өрнөж байна. Манай шашны уламжлалуудын номлодог хайр энэрэл, нигүүлсэл, хүлцэн тэвчих ёсон болон сахилга бат тэргүүт үнэт зүйлс нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй хэвээр. Тиймээс энэ уламжлалт шашнууд дэлхий дахинд энх тайвныг цогцлооход онцгой үүрэг хүлээх ёстой бөгөөд шашин хоорондын эв нэгдэл, харилцан хүндэтгэл байх нь нэн чухал юм”.
|
Дээрхийн гэгээн Далай лам Хановер хот дахь Вьетнамын буддын шашны "Вьен Гиак" хийдэд залбирал үйлдэж буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 20. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел. |
“Буддын шашин бол бүх зүйл, юмс үзэгдэл бусад хүчин зүйлийн хамааралтай оршдог. Юу ч туйлын эсвэл бие даасан байдлаар эс орших шүтэн барилдлага юм хэмээх философийн өвөрмөц үзэл баримтлалтай. Үүнийг санскрит хэлээр Пратитьясамутпада хэмээн нэрлэдэг. Пали болон санскрит уламжлалын аль алинд нь энэ гүн ухааны үзэл зонхилдог юм. Бурхан багш шүтэн барилдлагын үндсэн дээр Хутагтын дөрвөн үнэнийг айлдсан байдаг. Санскрит уламжлалыг дагагч бүх сүсэгтнүүд “Дүрс бол хоосон чанар. Хоосон чанар бол дүрс мөн” гэж өгүүлдэг Билиг билгүүний зүрхэн судрыг уншдаг. Бурхан багшийн сургаснаар зовлонгийн үндэс нь мунхаг буюу юмсыг уг чанараараа, бие дааж оршдог гэж андуурах төөрөгдөл юм. Гэтэл бодит байдал дээр юмс бусад хүчин зүйлийн нөлөөгөөр оршдог шүтэн барилдлагатай байдаг. Түүний айлдсан “хоосон чанар” гэдэг нь хоосон юу ч үгүй гэсэн үг биш. Харин бие даасан оршихуйгаас хоосон гэсэн утгатай билээ.
Шүтэн барилдлагын тухай бодож, танин мэдсэнээр бидний мунхаг арилж, бодит байдлын талаарх ойлголт минь тэлдэг. Энэ бол бид сэтгэлээ засах, өөрчлөх арга зам юм. Бид Билиг билгүүний зүрхэн судрын тарнийг өөр өөрөөр дуудаж болох ч тэрхүү тарни нь оюун санааны танин мэдэхүй шат дараалан өссөөр бурхны хутаг олохыг харуулдаг.
Бид бурханд аврал одуулдаг ч эцсийн зорилго нь бид өөрсдөө бурхны хутгийг олох явдал юм. Энэ бол нэлээд том амбиц шүү! Бурхан багш айлдахдаа, бидний дотор бурхны хутагт хүрэх үр буюу “бурханлаг чанар бий” хэмээсэн. Та залуу оюутан байхдаа профессор болох зорилго тавих нь том үр дүнтэй байдаг шиг буддын шашны Санскрит уламжлалыг дагагчдын хувьд бурхны хутагт хүрэх эрмэлзэлтэй байх нь маш хэрэгтэй юм”.
|
Дээрхийн гэгээн Далай лам Хановер хот дахь Вьетнамын буддын шашны "Вьен Гиак" хийдэд айлдвар айлдаж буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 20. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел. |
“Хоосон чанарыг танин мэдэх билиг билгүүний ухаан нь төвлөрлийн буюу дияны тусламжтайгаар илүү хүчирхэг болдог. Төвлөрөл нь оюун сэтгэлийн хүчийг нэгтгэдэг бөгөөд харин төвлөрлийг хөгжүүлэхийн тулд бидэнд ёс зүйн сахилга бат хэрэгтэй байна.
Сэтгэлийн буртаг, нисваанисыг арилгах хоёр үндсэн сэдэл бий. Нэгдүгээрт, өөрийгөө зовлонгоос ангижруулах буюу чөлөөлөх; хоёрдугаарт, танин мэдэхүйд саад болж буй нисваанисын үлдэгдэл ул мөрийг арилгах явдал юм. Эдгээрийг даван туулсан цагт та үнэмлэхүй, харьцангуй хоёр үнэн нэгэн зэрэг харж чадах бөгөөд энэ нь бурхны хутагт хүрэх явдал мөн. Хэрэв бид ийм сэдлээр ёс зүй, төвлөрөл, билгүүний гурван сургаалийг дагаж мөрдвөл энэ нь хамгийн нарийн нисваанис, сэтгэл хөдлөлийг ч дарах ерөндөг болох юм” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээн Билиг билгүүний зүрхэн судрын тарнийн тухай үргэлжлүүлэн тайлбарлахдаа төгсгөлийн “Боди суха” хэмээх үгийг бүх саад тотгор, тэдгээрийн ул мөрийг арилган, бүхнийг айлдагч билгүүн оюунд хүрэхтэй адилтгав. Тэрээр ярианыхаа төгсгөлд бусдыг гэх энэрэл нигүүлслийн сэтгэл, билгүүн ухааныг хамтад нь хөгжүүлэх нь буддын шашинтны өдөр тутмын бясалгалын үндэс суурь байх ёстойг нэмж хэлсэн юм.
Тэрбээр Бурхан багшийн шавь нартаа өгсөн нэгэн чухал зөвлөгөөг энд дахин санууллаа. “Бурхан багш айлдахдаа миний хэлсэн бүхнийг зөвхөн сүсэг бишрэлээр бус, харин өөрсдөө шинжлэн судалж, туршиж үзэж байж хүлээн зөвшөөр гэсэн байдаг. Үүний дагуу, ялангуяа санскрит уламжлалыг дагагчдын хувьд аливааг шинжлэн судлах нь нэн чухал юм. XXI зууны буддистууд бид зөвхөн тарни уншаад зогсохгүй хамгийн гол нь судар номыг судалж, танин мэдэх нь чухал.
Тиймээс та бүхэн минь хичээнгүйлэн суралцаарай. Дээд гурван эрдэнэ бурхан, ном, хувраг гэж чухам юу болохыг олж мэд. Бурхан багш анхнаасаа гэгээрсэн нэгэн байгаагүй. Зам мөрөө эхэлж байхдаа бидний л адил нэгэн байсан гэдгийг санаарай. Бурхан гэж хэн болохыг ойлгохын тулд бид түүний туулсан тэрхүү зам мөрийг нь ойлгох ёстой”.
|
Дээрхийн гэгээн Далай лам Хановер хот дахь Вьетнамын буддын шашны "Вьен Гиак" хийдийн лам хуврагуудын хамт... 2013 оны 9 дүгээр сарын 20. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел. |
Дээрхийн гэгээн заншил ёсоор сонсогчдоос асуулт асуухыг хүсэв. эхний асуулт нь дорнын болон өрнийн дахины буддын шашны ялгааны тухай байв. Тэрбээр хариулахдаа, “Соёлын гадаад хэлбэр, ёс заншил өөрчлөгдөж болох ч Бурхан багшийн сургаал хэвээр үлддэг. Тиймээс бид соёлд бус, сургаал номд нь илүү анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээн хариулжээ.
Номын доройтол, мөхлийн тухай өөр нэгэн асуултыг асуужээ. Дээрхийн гэгээн Бурхан багшийн айлдсаныг эш татан, “Түүний сургаал дутуу дулимагтаа биш, харин дагагчид нь сургаалыг үнэн зөвөөр танин мэдэхээ больж, зохих ёсоор дагаж дэмжихээ больсон цагт л мөхөх болно” хэмээсэн юм.
Төгсгөлд нь нэгэн эмэгтэй Дээрхийн гэгээнээс өөр шиг нь хүмүүст туслахын тулд XV Далай лам болон эргэн мэндлэхийг хүсэхэд “Далай ламын хойд дүр тодрох эсэх нь төвөдийн ард түмний шийдэх хэрэг гэдгийг 1969 онд л тодорхой мэдэгдсэн. Хэрэв тэд үргэлжлүүлэхийг хүсвэл дараагийн Далай ламын асуудал яригдах бөгөөд эс бөгөөс тэрбээр хамгийн сүүлчийнх нь байж болох юм. Гэвч энэ нь миний хойд дүр зогсоно гэсэн үг биш билээ. Миний хамгийн дуртай залбирал бол Шантидэва гэгээний дараах шүлэг юм.
Хэдий хүртэл огторгуй ертөнц оршин тогтнож
Хэдий хүртэл амьтан бүхэн байна
Төдий хүртэл би бээр мөн оршиж
Ертөнцийн зовлонг арилгах болтугай.
Тиймээс би таны дэргэд байх болно” хэмээн хариулсан билээ.
Дээрхийн гэгээнтэй дахин хамт байхыг хүсэж байгаа сүсэгтнүүдийн дундуур алхсаар "Вьен Гиак" хийдээс гарч, Энэтхэг рүү буцах холын аяндаа мордохоор Хановерын нисэх онгоцны буудлыг зорилоо.










