Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лэй хот – Дээрхийн гэгээн Далай лам дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан улс болох Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж Шри Рам Нат Ковинд захидал илгээлээ.
Өнөөдөр илгээсэн захидалдаа тэрбээр: "Бидний цөллөгт амьдарч буй 58 дахь жил тохиож байна. Энэтхэгийн Засгийн газар болон ард түмний сайхан сэтгэл, өгөөмөр зангийн ачаар 130,000 гаруй Төвөд хүмүүс энэ улсыг гэр орноо болгосоор байна. Бид үргэлж талархаж явах болно" хэмээн нэмж бичжээ.
"Миний сэтгэлгээ бүхэлдээ миний хүртсэн Бурханы шашны боловсрол, сургалтаар төлөвшсөн тул би өөрийгөө Энэтхэгийн хүү гэж тодорхойлдог. Энэхүү боловсролыг түүхт Наландрын их сургуулийн хутагт Ачарьяа Нагаржуна, Арьяа Асанга зэрэг агуу их мэргэдийн бүтээлүүдээс суралцаж олж авсан байдаг. Үүний зэрэгцээ миний бие махбодь ч бас Энэтхэгийн цагаан будаа, даал, ротиг хүртсээр ирсэн. Тиймээс миний бие энэ агуу улс оронтой салшгүй холбоотой гэдгээ мэдэрч, энэ орны сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж явдаг юм."
Тэрээр цааш нь өөрийн амьдралаа үндсэн гурван үүрэг амлалтад зориулж буйгаа тайлбарлав. Үүнд: илүү энэрэнгүй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө ажиллах, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, мөн Наландрын уламжлалд суурилсан Төвөдийн Бурханы шашны соёлыг хадгалан хамгаалах үйлс багтана. Эдгээр гурван үүрэг амлалт дээр тэрээр саяхан дөрөв дэх үүрэг амлалтаа нэмсэн нь эртний Энэтхэгийн мэдлэг ухаан, ялангуяа сэтгэлийн үйлийн тухай мэдлэгийг сэргээх явдал юм. Энэ нь хүн өөрийн сөрөг сэтгэл хөдлөлөө өөрчилж/удирдаж, дотоод үнэт зүйлсээ дэмжин тэтгэж сурах тухай өгүүлдэг асар их тустай эрдэм мэдлэг билээ. Хүний сэтгэлийн дотоод амар амгаланг хөгжүүлэхийн тулд эртний ийм мэдлэг ухааныг орчин үеийн боловсролтой хослуулж чадах боломжтой цорын ганц улс бол Энэтхэг мөн гэдэгт итгэдэг гэдгээ тэрээр нотлов.
"Энэтхэг улс өсөн дэвжиж, хөгжихийн хэрээр бахархах зүйл их байна. Дэлхийн хамгийн том ардчилсан улс гэдгээс гадна, шашин хоорондын эв нэгдэл, каруна буюу энэрэн нигүүлсэл, ахимса буюу хүчирхийлэл үл үйлдэхүйн үлгэр жишээ уламжлалтай учраас Энэтхэгийн олон улсын хамтын нийгэмлэгт оруулах ач холбогдлыг улам бүр үнэлж байгаад би бээр баяртай байна. Энэ дэлхий ертөнцөд бид улам бүр бие биенээсээ харилцан хамааралтай оршиж байгаа тул Энэтхэг улс бүх тивд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж, нийтийн сайн сайхны төлөө эдгээр үнэт зүйлсээ хуваалцахыг харна хэмээн би тэсэн ядан хүлээж байна." гээд Дээрхийн гэгээн захидлаа өндөрлөв.
"Та нийгмийн сайн сайхны төлөө өнөөг хүртэл хүчин зүтгэхдээ ядуу болон дарлагдсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө их зүйл хийсэн гэдгийг би ойлгож байна. Энэтхэг улс хэдийгээр асар их хөгжил дэвшилд хүрсэн ч хоол тэжээл, боловсрол, хүүхэд хамгаалал, баян ядуугийн өсөн нэмэгдэж буй ялгааг бууруулах, авлигыг таслан зогсоох зэрэг тал дээр хүндрэл бэрхшээл тулгарсаар байна. Эдгээр асуудлыг би бээр, ард түмний урт хугацааны ашиг сонирхлыг анхаарч, нээлттэй, зоригтойгоор шийдвэрлэх шаардлагатай ноцтой асуудлууд гэж боддог тул энэ талаар өмнө нь удирдагчдад хэлж байсан. Энэтхэг улс амжилтад хүрэх нь амин чухал юм."
"Энэтхэг улс өөрийн байр суурьт дүйцэхүйц манлайллыг дэлхий дахинд үзүүлэхийн тулд Энэтхэгийн давуу талуудыг бэхжүүлэхийн төлөө Таныг чадах бүхнээ хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна."










