Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дахин сонгогдсонд нь баяр хүргэж илгээсэн захидалдаа түүнийг Японы ард түмний хүлээлгэсэн итгэл найдвар, хариуцлагыг бүрэн дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэрээр захидалдаа: “Дэлхийн өнцөг булан бүрт тодорхойгүй байдал, үймээн самуун нүүрлээд буй энэ эгзэгтэй цаг үед аливаа асуудлыг харилцан яриа, дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө хамтын бөгөөд тууштай хичээл зүтгэл гаргах нь нэн чухал байна. Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг 'Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян' (ICAN) байгууллагад олгосон нь хүн төрөлхтний оршин тогтнохуйд заналхийлж буй эдгээр зэвсгийн аюулыг нэн даруй эцэс болгох зайлшгүй шаардлагатайг дэлхий нийтэд сануулсан хүчтэй дохио, сонордуулга боллоо” хэмээн тэмдэглэжээ.
“Хирошима хотод атомын бөмбөг хаясны 70 жилийн гунигт ойг дурсах үеэр таны зүгээс дэлхий дахинд цөмийн зэвсгийг хураах уриалга гаргасан нь сайн сайхны төлөө чиглэсэн чухал алхам байсан юм. Цөмийн зэвсэггүй дэлхийг цогцлоохын төлөөх хамтын бөгөөд тууштай хичээл зүтгэл улам бүр эрчимжинэ гэдэгт миний бие итгэж байна.”
Мөн Дээрхийн гэгээн, Энэтхэг-Японы харилцаа улам бүр гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Ази тивийн хамгийн том ардчилсан улс болон хамгийн өндөр хөгжсөн ардчилсан улс болох энэхүү хоёр агуу үндэстэн хоорондоо онцгой барилдлага, ойр дотно харилцаатай байх нь зүй ёсны хэрэг болохыг захидалдаа онцлон тэмдэглэсэн байна.
Захидлынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн өнгөрсөн жилүүдэд Япон улсад тогтмол айлчлах боломж олдсон төдийгүй Японы нийгмийн бүхий л давхаргын хүмүүс хүн төрөлхтний язгуур үнэт зүйл болоод шашны эв нэгдлийг дэмжих түүний хичээл зүтгэлийг чин сэтгэлээсээ сонирхож, халуун дотноор хүлээн авч байгаад талархаж буйгаа илэрхийлэв.










